ТОЙМ-Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2020.01.06-12/

  2020-01-12 11:48  306

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2020.01.06-12)


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370 мянган төгрөг авч байна. 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.

Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн. Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна.

Иймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгажээ. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх юм байна. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа аж.

Хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэх бөгөөд төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх нөхцөл бүрдэнэ. 2020.01.06.   http://www.parliament.mn/n/4uko


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны оны эхний хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Эдгээр газар нутаг нь  зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд тэдгээрийг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га  болж, Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм байна.


Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрыг өргөтгөснөөр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгах шаардлага үүсэхээр байгаа аж. Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Дараа нь “Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэхийг хэлэлцэж дэмжсэн. Хуулийн төслүүдийг Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.


Одоогоор Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл ургамал бүртгэгдээд байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл  ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай болсон. Мөн Монгол орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байгаа юм. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгаа аж. 

Байгалийн ургамлын тухай хууль 4 бүлэг, 22 зүйлтэйгээр 1995 онд батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байна. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээр уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 2020.01.07.  http://www.parliament.mn/n/49ko


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналтай холбогдуулан хуралдаан даргалагчаас төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулжээ. Энэ үндсэн дээр ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 4, найруулгын гурван бүлэг саналаар санал хурааж шийдвэрлэснийг Байнгын хорооны дарга танилцуулсан юм.

Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Дараа нь тогтоолын төслийн хавсралтад заасан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьтай холбогдуулан гишүүдээс гаргасан найруулгын чанартай бүлэг саналуудаар санал хураалт явуулж дэмжин, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцуулсан.


Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу батлагдсан хуулиудын нэг нь 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бөгөөд энэхүү хуулийн дагуу 1993 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулсан бөгөөд түүнээс хойших хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төдийгүй Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон.

Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсэж буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болсон байна. Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлага үүссэнийг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Сонгуулийн тухай хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан суурь зохицуулалтуудад ундэслэн, туүний үзэл баримтлалын хүрээнд боловсруулжээ. Хуулийн төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу тухайн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан шинээр зохицуулсан анхдагч хуулийн төсөл юм.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжив. Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ.


Энэ үндсэн дээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж буй Бямбажавын Ганбатыг, Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг, мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргааар ажиллаж байгаа Дугардоржийн Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж буй Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлснийг танилцуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. 2020.01.08.  http://www.parliament.mn/n/5uko


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулга хийв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ үндсэн дээр ажлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулсны дагуу уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх, ингэхдээ иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төсөлд тусгажээ.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна.


Иймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөгөөс давахаар байгаа аж.

Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан тэтгэвэр барьцаалан зээл авсан 229 мянга иргэний 207.8 мянга нь 6 хүртэл сая төгрөгийн зээлтэй байгаа, энэ нь нийт зээл авсан иргэдийн 91.5 хувийг эзэлж буй учир зээлийн төлбөрийг чөлөөлөх хэмжээг энэ хүрээнд тогтоон ярилцах шаардлагатай, мөн тэтгэврийн зээл аваагүй 192 мянган иргэнд зориулсан тодорхой арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид бүрмөсөн зогсоож болохгүй, харин богино хугацаагаар урьдчилан авч байж болох эсэх асуудлыг судалж танилцуулах чиглэлийг ажлын хэсэгт өгөхөөр тогтсон юм. 2020.01.08.  http://www.parliament.mn/n/5zko


Эдийн засгийн байнгын хороо Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа агаад нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй  байгаа аж. Тэтгэвэр авагчдын тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг  үе шаттай авсан. Өнөөдрийн байдлаар  нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийн хүү 15.6 хувьтай байна.  Гэвч тэтгэвэр авагчдын ихэнх нь зээлийн дарамтад орж, орлогын эх үүсвэргүй болж, амьжиргаа нь хүндхэн байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг үндэслэн ажлын хэсэг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр зохицуулсан хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцолсон юм.


Гишүүдийн асуултад салбарын сайд өгсөн хариултдаа, арилжааны банкуудаас тэтгэвэр авсан иргэдийн талаарх судалгааг авахад 578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байгаагаас 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөг, 142 мянган ахмад 4 сая хүртэлх төгрөгийн зээлтэй. Нийтдээ тэтгэврийн зээлтэй ахмадын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй, харин 22 мянган иргэн буюу 10 орчим хувь нь  6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа гарсан байна гэдгийг нэмж тодотгосон юм.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч цаашид засч сайжруулах асуудлууд байгааг хэлэлцүүлгийг явцад анхаарах шаардлагатайг хэлж байлаа. 2020.01.08. http://www.parliament.mn/n/55ko


Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд төрийн зүгээс бодлогоор дэмжин улсын төсвийн хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн сан болон Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр хэрэгжүүлэх бүх төрлийн геологийн судалгааны төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Үндэсний геологийн албаар дамжуулан нэгдсэн зарчмаар хэрэгжүүлэх юм байна.


 Мөн Засгийн газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн судалгааны үндсэн дээр бүх төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал, геологийн бүтцэд байгаа гүний усны нөөц, хот-суурин газар болон хөгжлийн бүсүүдийн геоэкологийн өнөөгийн байдал, газар хөдлөх магадлалтай нутаг дэвсгэрийн геологийн үйл явцын геологи-тектоникийн тайлал, хурдны болон төмөр замын суурь гүний судалгааны нэгдсэн мэдээлэл, хот суурин газруудын төлөвлөлтийн геологи-тектоникийн суурь мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ. 2020.01.08. http://www.parliament.mn/n/59ko


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. 

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улс гарахгүй удвал эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн чухлыг Сангийн сайд онцолж тайлбарлав. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаарх холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, арга хэмжээг уялдуулан зохицуулж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулжээ. Уг ажлын хэсгээс боловсруулсан “Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөө”-нд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар заасны дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор дээрх төслүүдийг боловсруулжээ. 


Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Байнгын хорооны ажлын хэсэг төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварууд хийсний зэрэгцээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулж шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм. Үүнтэй холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын … /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулав. Ингээд хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцуулав. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 18, найруулгын шинжтэй 3, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар 2 саналын томъёолол гаргажээ. 

Ажлын хэсгийн танилцуулгын дараа гишүүдийн саналаар Байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулахаар тогтов. 2020.01.08.  http://www.parliament.mn/n/hdko


УИХ-ын 2019 оны намрын ээлжит нэгдсэн хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсчээ. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Нэр дэвшигч Г.Байгалмаа нь 2017 оноос  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар, нэр дэвшигч Э.Батболд нь 2018 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

Харин Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн танилцуулсан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахад  нэр дэвшигч Д.Баяндүүрэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 93.7 хувийн, нэр дэвшигч О.Амгаланбаатар 66.7 хувийн санал авчээ.

Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй, 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа бол нэр дэвшигч О.Амгаланбаатар нь инженер, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.  


Мөн хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан. Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа юм.

Танилцуулгууд болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Г.Байгалмаа, Э.Батболд, Б.Баяндүүрэн, Б.Ганбат, О.Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилов.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцов.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ үндсэн дээр ажлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна. Тиймээс тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 2017, 2018 онуудад тус бүр 3 хувиар, 2019 онд 2 хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэсэн. Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэж ирснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.


Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төсөлд тусгажээ.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөгөөс давахаар байгаа аж.

Иймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж Засгийн газар үзэж байгааг салбарын сайд дурдав.

Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хамтарсан хуралдаанаараа хэлэлцээд дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд салбарын сайд болон Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.5 хувь нь дэмжсэн юм. 2020.01.08. http://www.parliament.mn/n/h8ko


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хийлээ.

УИХ-ын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  хоёр удаа хуралдаж, УИХ дахь Монгол ардын намын бүлэг, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг үндэслэн зарчмын асуудлыг төсөлд тусгажээ. Үүнд, тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамааран зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн  харилцан адилгүй байгаа тул тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээл чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг төслийн 4.4 дэх хэсэгт тусгажээ. Ийм зохицуулалт оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8, зээлийн дүнгийн 75.2 хувийг хамрах аж.

Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгажээ. 


Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглохоор зохицуулсан байсан. Харин анхны хэлэлцүүлгийн явцад энэ заалт нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байгаа учраас гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулжээ.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан дараах зохицуулалт бүхий Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Үүнд: Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1’000’000 (Нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх, үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх, иргэдийн төлөх дүн 1’000’000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх, “Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар зохицуулжээ. Түүнчлэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан “Эрдэнэс Силвэр” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Ингээд хуулийн төслийн талаар ажлын хэсэг, гишүүдээс  гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов. 2020.01.09.  http://www.parliament.mn/n/h9ko


Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав.  Засгийн газраас эрүүгийн багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу анхны хэлэлцүүлгийн шатанд төслийг нэгтгэн нэг төсөл болгосныг танилцуулгадаа дурдав.

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял ногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай  тул энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж ажлын хэсгээс үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. 2020.01.09. http://www.parliament.mn/n/7dko


Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулав. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гаргаж “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн хуралдаан 3 удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 28 удаа хуралдсан. Тухайлбал, “хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах” ажлын хэсэг 7 удаа, “цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах” ажлын хэсэг 21 удаа хуралдлаа. Энэ хугацаанд ажлын дэд хэсгийн гишүүд Үндэсний хөгжлийн газар болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр 2 өдөр “вакуумжиж” ажилласан. Ажлын хэсгийн гишүүд улс орны хэмжээнд хэрэгжиж буй оновчтой шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах ажлын хүрээнд “Майдар” төсөл, “Таван толгой түлш”, Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний үйлдвэрүүд, гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх зорилго бүхий “Сервис центр” төсөл, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлсэн “Mегавүүд” зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан. 

Ажлын хэсэг дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон салбар тус бүрийн төрөөс баримтлах бодлогыг үндэслэн холбогдох яамдаас тус бүр 3 удаа санал авч нэгтгэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах замаар төсөлд тусгагдсан үйл ажиллагаа тус бүрийн санхүүжилтийн эх үүсвэрийн схемийг Сангийн яам нэгтгэн боловсруулсан гэлээ.


Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар, дагуул хотууд, Хот байгуулалт, Бүсчилсэн хөгжил ба хөдөө орон нутаг, дэд бүтцийн хөгжил, Аж үйлдвэржилт гэсэн үндсэн таван чиглэлд 20 зорилт дэвшүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад энэхүү зорилтот хөтөлбөрийн үндсэн зорилго оршиж байгааг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулгадаа дурдав.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийг тусгасан байдал”, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт орон нутгийн хөгжлийг тусгасан байдал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн шинэ бүтээн байгуулалтад тусгагдсан Улаанбаатар хот метро, Сервис центр, Дагуул хаяа хот, Үндэсний тээвэр ложистикийн сүлжээ, Сумын хөгжлийн хөтөлбөр, Тэнгэрийн тойрог зэрэг томоохон төслүүдийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм. 


Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан.  Энэ хөтөлбөр батлагдсанаас хойших 10 жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд багагүй ажлуудыг хийсэн хэдий ч улс орны хөгжлийг хангах хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд өнөөдрийг хүртэл бүрэн хангагдаагүй байна. 

 Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасан ч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм. Мөн шинээр боловсруулсан хөтөлбөрийг тунхаглал төдий үлдээхгүй, ажил хэрэг болгох хэрэгтэйг сануулж байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хоорондын уялдаа, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг ч хөндөж байв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллахаа илэрхийлэв. 2020.01.09.

http://www.parliament.mn/n/huko


УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд “Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Байгалийн ургамлын тухай хууль  4 бүлэг, 22 зүйлтэйгээр 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байгаа нь дээрх тоо баримт болон  гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нотолжээ. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс эдгээр шаардлагыг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай болсон байна.


Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд экосистемийн унаган төрхийг хадгалж, хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулах, хүнс, техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх, хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байхаар тусгажээ.

Түүнчлэн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар, зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор байгалийн ургамлыг тарималжуулж ашиглах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, түүнийг ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон конвенци болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулж, холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулсан байна. 

Дараа нь Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод шилжүүлсэн юм.


Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж тодорхой шийдэлд хүрсний дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцэж дэмжжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналыг үндэслэн УИХ-ын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх  дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэнийг дэмжжээ. Учир нь тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамаарч зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн  харилцан адилгүй байгаа аж. Иймээс тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээлийн чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг хуулийн төслийн 4.4 дэх хэсэгт тусгажээ. Энэ зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8 хувийг, зээлийн нийт дүнгийн 75.2 хувийг хамрах юм байна.


Харин тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгажээ.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглохоор зохицуулсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна гэж үзсэний үндсэн дээр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан боловсруулсан Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1000000 (нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх; уг үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх; иргэдийн төлөх дүн 1000000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх; “Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн зарчмын зөрүүтэй эдгээр саналуудтай холбогдуулан “Эрдэнэс Силвэр” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн байна.


Ингээд Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тавьсан асуулт, саналтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай асуудал нь улстөржиж, талцаад байх асуудал биш. Буруу ташаа мэдээллээр иргэдийг талцуулж төөрөгдүүлж болохгүй. 2018 онд зээлийн хэмжээ 24 хувиар өссөн бол энэ онд 5 хувиар өссөн дүнтэй байна. Мөн эдийн засаг өсөж, инфляци 5 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа. Ингэж эдийн засаг агшсан байна. Иймээс энэ арга хэмжээ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Энэ мөнгө валютын зах дээр очихгүй, тэгшитгэж мөнгө өгөхийн оронд талхаа таллаж, тосоо граммлан авч байгаа орлогогүй болсон иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого юм. Харин ч энэ арга хэмжээ нь эдийн засаг тэлэхэд эерэгээр нөлөөлнө. 

Мөн зээлийг тэглэх сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгогдсон тухай яриа нь ор үндэслэлгүй юм. Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Тэгвэл 2018 оны 12 дугаар сард 91тэрбум, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авч байсан байна. Хэрэв мэдээлэлд ойр байсан хүмүүс зээл авсан бол шалгаж тогтоох чиглэлийг Эдийн засгийн цагдаагийн албанд өгсөн гэдгийг хэлсэн юм.

Ингээд Байнгын хорооны ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв. 2020.01.09. http://www.parliament.mn/n/78ko


Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт хийсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хийсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төсөлд бүрэн тусгасны зэрэгцээ нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ. Мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж, 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгасан байна.

Түүнчлэн дэгийн тухай хуульд “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэлэлцэн баталж болно.” гэсний дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.


Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр, “Эрдэнэс Монгол” ХХК нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн өгөөжтэй, 5 жилийн хугацаатай нийт 900 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, энэ хуулийн 1 дүгээр зүйл болон “Эрдэнэс Силвер” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. Мөн иргэнд эзэмшүүлэх 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр, тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 000 000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр тусгасан байна.

Харин “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах замаар орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, шаардлагатай бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар даалгахаар тусгажээ. 2020.01.10. http://www.parliament.mn/n/7mko


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нар ажиллажээ.

Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгожээ. Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна гэж ажлын хэсэг үзээд уг ялын төрлийг хасах, олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай байгаа тул найман бог, хоёр бод байхаар зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн байна. 


Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулж батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.


Нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд бүрэн тусгасны зэрэгцээ нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хурапдаан даргалагчаас өгсний дагуу төслийн 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж, мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж. 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулах санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ингээд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь дэмжиж, хууль батлагдав. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Ингэснээр иргэд жилд нэг удаа 6 сараас илүүгүй хугацаагаар тэтгэвэрийн зээл авах бололцоо нээгдэж байгаа юм. 

Мөн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон “Хууль тогтоомж хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтооолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав.


Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар төсөлд тусгажээ. Эдгээр газар нутагт зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэр хамрагдаж байгаа бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэх аж. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр тусгай хамгаалалтад авснаар 32 759 268 га  болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм байна. 

Төсөлд Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдах бөгөөд жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгажээ.  Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд салбарын сайдаас асуулт асууж хариулт, тайлбар, мэдээлэл авсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 2020.01.10. http://www.parliament.mn/n/7xko


УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, “Салхитын мөнгөний ордын үр өгөөж” болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас эдийн засгийг эрчимжүүлэх, системтэй загварчлалын үндсэн дээр хөгжүүлэх саналуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хувьд эдийн засгийг эрчимжүүлэн, цар хүрээг нэмэгдүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд Эдийн засгийн өсөлтийн экспоненциал загвараар улсын эдийн засгийг хөгжүүлэх боломжтой. Энэ хөгжлийн загвараар хөгжих хамгийн гол урьдач нөхцөл нь төр, хувийн хэвшил хамтран томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэн, дараа дараагийн өсөлтийг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна. Төрийн зүгээс хувийн хэвшлийн санал санаачлагуудыг сонсдог ч тухайн чиглэлийн мэргэжлийн холбоодын нэгдсэн байр суурьгүй байдлаас үүдэн шийдэлд хүрэхэд хүндрэл дагуулдаг. Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар УИХ-аас Мэргэжлийн холбоодын тухай хуулийг төслийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар тухайн салбарын мэргэжлийн холбоод төрийн бодлогод тусгах саналаа нэгдсэн байдлаар гаргаж, хамтын шийдвэр гаргадаг болох юм” гэдгийг онцлов. 


Энэ үеэр Салхитын мөнгөний ордын үр өгөөжийн талаар “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр товч танилцуулга хийсэн юм. Тэрбээр, тус ордын геологийн нийт нөөцийн хэмжээ 2,5 сая тонн бөгөөд мөнгө 808 тонн (цэврээр), алт 181 тонн (цэврээр) нөөцтэй. Хүдрийн дундаж агуулга 500-600 грамм гэж тооцсон. Цаашид хөгжих нөөц боломжтой. Хөгжүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж таван жилийн дотор 1 ихнаяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж тооцоолж байгааг танилцуулав.

МҮХАҮТ-ын ахалсан эдийн засагч, математикчид, судалгааны мэргэжилтнүүдийн баг 2019 онд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, улс төрийн нөхцөл, төр засгийн тогтворгүй байдлаас үл хамаарах хөгжлийн цогц загварыг боловсруулахаар ажиллажээ. Судалгааг  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмаар эдийн засгийн үр өгөөж бүхий салбарууд, орд газар түшиглэсэн томоохон төслүүд, Улаанбаатар болон 21 аймгийн бүсчлэл  гэсэн гурван чиглэлд хийсэн байна.

Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулахдаа “Манай улс сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольжээ. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эргээд эдийн засагт нөлөөлж байна. Цаашид энэ хэвээрээ байвал 2025 он гэхэд эдийн засаг 13 тэрбум ам.доллараар өснө. Харин бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбум ам.доллараар өсөх бүрэн боломж байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм” гэдгийг хэлж байв.

Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, бизнесийн таатай тогтвортой орчныг бүрдүүлэх, Мэргэжлийн холбоодын тухай, Хөдөлмөрийн тухай, МҮХАҮТ-ын тухай, Өрсөлдөөний тухай зэрэг нэн чухал хуулиудыг яаралтай батлах шаардлагатайг хэлж байлаа. Мөн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал болон Салхитын мөнгөний ордын талаар УИХ-ын даргаас асууж тодруулав.

Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэсэн эдийн засгийг эрчимжүүлэх хөгжлийн загварыг хэрэгжүүлэх саналуудаа УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгөв. УИХ-ын дарга Г.Занданшатар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 2020.01.11. http://www.parliament.mn/n/75ko


Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулан УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тэмцээн Төрийн ордонд эхэллээ.

УИХ-ын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, хүний хувь заяа их сонин. Найман жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байхдаа энэ тэмцээнийг нээж үг хэлнэ гэж төсөөлж байсангүй.


Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж байгаад баяртай байдаг. Энэ тэмцээний эхний шат  өнгөрсөн 11 дүгээр сард  330 сум, нийслэлийн 9 дүүрэгт эхэлж, 4885 шатарчид оролцжээ. Эндээс 800 гаруй  шатарчин шалгарч 21 аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн байна.

Монгол шиг ингэж бүх насныхан шатар тоглодог, сонирхдог орон байхгүй биз. Шатар бол их гүрнүүд, их үндэстний тоглоом гэж боддог. Гуравхан сая хүнтэй монголчууд, ялангуяа өсвөрийн шатарчид дэлхийд тэргүүлж, ноёлж байгаа нь монгол хүний оюуны цар хүрээг харуулж байгаа сайхан жишээ юм гэдгийг онцлов.


Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат УИХ-ын даргад дурсгалын шатар гардуулсны дараа Г.Занданшатар дарга Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Батчулуунтай хүндэтгэлийн өрөг  нүүсэн юм.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан энэхүү тэмцээнд  оролцогчдоос хамгийн ахмад нь Ардын Их Хурлын депутат 81 настай Д.Найдан, эмэгтэйчүүдээс 79 настай Д.Дончин нар байсан бол хамгийн залуу нь 19 настай  Б.Батсуурь, Б.Халиун нар байлаа. Тэмцээнд эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөх бөгөөд медальт байранд шалгарагсдад шатрын спортын дэд мастер цол олгох юм. 


Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Болорчулуун, Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Л.Пүрэвгял, С.Билэгсайхан, В.Цамба, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Ж.Лхагва, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Батчулуун болон шатрын их мастер Б.Мөнгөнтуул, А.Энхтуул нар ороцлов. 2020.01.11.  http://www.parliament.mn/n/7zko


УИХ-ын даргын ивээл дор УИХ-ын Тамгын газраас Монголын шатрын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, эрэгтэй 102, эмэгтэй 36, нийт 138 шатарчин швейцар системээр долоон өрөг тоглов.

Эрэгтэйчүүдээс Дорнод аймгаас оролцсон Д.Дүүрэнжаргал түрүүлж, нийслэлийн Баянгол дүүргийн шатарч А.Аръяабадрал, Өвөрхангай аймгийн шатарч М.Баатар нар хоёр, гуравдугаар байрт шалгарсан бол шагналт байрыг Б.Очирсүх (Сүхбаатар аймаг), Д.Сүх-Очир (Дархан-Уул), Г.Баяраа (Хэнтий), Б.Цоггэрэл (Сонгинохайрхан дүүрэг)  нар эзлэв.  


Эмэгтэйчүүдээс Нийслэлийн шатрын холбооны нэр дээр оролцсон Б.Халиун түрүүлж, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгаас оролцсон К.Жаннур, гуравдугаар байрт Баянзүрх дүүргээс оролцсон Д.Мөнхсайхан шалгарсан бол шагналт байрт  Б.Батцэнд (нийслэл), Э.Батсувд (Хэнтий), Ж.Алтанцэцэг (Увс) нар шалгарав.  

Тэмцээнд амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан шатарчдад шагналыг УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Даваахүү нар Төрийн ордонд гардуулж, баяр хүргэсэн юм.


Харин тэмцээний эхний гурван байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй шатарчдын шагнал болон Монгол Улсын спортын дэд мастерын цол, тэмдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятав, дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Монгол бөхийн өргөөнд болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр гардуулж, баяр хүргэлээ. Мөн тус тэмцээнээс “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид “Өргөмжлөл” гардуулж, саяхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсон ахмад шатарч Ж.Лхагваад хүндэтгэл үзүүлсэн юм.  

Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчинд уламжлал ёсоор Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах сонирхогчдын тэмцээнд оролцох эрх олгов. 2020.01.12.  http://www.parliament.mn/n/79ko


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2020-01-13 08:05  306