Цэс

Холбоо барих

Хуралдаан “Тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хэмжээнд баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийн оролцоог хангах, хяналт, үнэлгээ хийхэд тоо баримт ашиглах нь” сэдвээр үргэлжлэв


Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы V хуралдаан өнөөдөр (2019.05.28) “Тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хэмжээнд баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийн оролцоог хангах, хяналт, үнэлгээ хийхэд тоо баримт ашиглах нь ” сэдвийн хүрээнд боллоо. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалав. Тэрбээр энэхүү  хуралдаанаар парламентын хууль тогтоох, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах арга замуудыг ярилцахаас гадна Тогтвортой хөгжлийн зорилгын талаарх олон нийтийн ойлголт, оролцоогүйгээр хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаар иргэний нийгмийн зүгээс бодлого тодорхойлогчдод санал хүсэлт гаргах, хамтарч ажиллах шинэлэг арга замуудын талаар хэлэлцэнэ гэж байлаа. 

Хуралдаан Фижи Улсын парламентын дарга Рату Эпэли Найлатикаугийн илтгэлээр эхлэв. Тус улс нь 2016 оноос санаачлага гарган парламентын чадавхийг бэхжүүлэх, парламентын хяналтыг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, статистик мэдээллийг оновчтой ашиглахад анхаарал тавин ажиллаж байгаа аж. Тус улсын парламентаас  2017 онд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үндэсний стратегийн шинэ баримт бичгийг гаргасан байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгын 17 зорилгын хүрээнд 2014-2018 оны турш үндэсний суурь судлагааны мэдээллийг  багтаажээ. Тус улсын парламент өнөөгийн байдлын суурь судлагааг сайн чанартай хийж, тоон мэдээлэлд дүн шинжилгээг зөв хийж ашиглаж байгаа аж. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлэх бөгөөд тоон мэдээллийг ашиглахад тус улсын парламент чухал үүрэг гүйцэтгэсэн гэж илтгэгч Рату Эпэли Найлатикау дүгнэж байлаа.  Фижи улс нь 2017-2036  он хүртлэх үндэсний хөгжлийн хөтөлбөр гаргаж, үүнийгээ таван жил тутам дүгнэж, үйл ажиллагаагаа төлөвлөснөөр дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж байна гэж байлаа.

 

Дараа нь Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, Үндэсний статистикийн хороо Улсын Их Хуралд ажлаа тайлагнадгийг дурдахын зэрэгцээ тус байгууллага олон жилийн түүхтэй ч, өмнөх тоон  мэдээллүүд оновчгүй, учир дутагдалтай байсныг онцлов. Иймд статистикийн салбарт хөрөнгө санхүүжилтыг нэмэгдүүлж, чанартай, оновчтой мэдээлэл гаргуулах нь чухал гэж байлаа. 

Мөн дэлхий нийтэд нэн ядуу, эмзэг давхаргад амьдарч байгаа хүмүүсийн 20 хувь нь бүртгэлгүй төрөлтийн 50 хувийг бүрдүүлж байгаа аж. Иймд Монгол Улс шинээр мэндэлсэн иргэдээ амаржих газруудад бүртгэж эхэлснээр статистик мэдээллийг үнэн зөв гаргахад нөлөөлж байгаа талаарх арга туршлагаасаа хуваалцав. Монгол Улсын хувьд гэр бүлийн бүртгэлгүй атлаа төрөлт нэмэгдэж байгаа нь санаа зовоосон асуудал болоод байгаа талаар дурдав.  Илтгэлийнхээ төгсгөлд А.Ариунзаяа  сайн статистик байна гэдэг сайн бодлого гаргах нөхцлийг бүрдүүлж,  сайн бодлого нь хүмүүсийн аж амьдралд эерэгээр нөлөөлдгийг чуулганы төлөөлөгчдөд онцгойлон анхааруулсан юм. 



Хуралдаан “Transparency International”  төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаярын илтгэлээр үргэлжлэв. Түүний илтгэлийн сэдэв Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ төр нь, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, ажлын уялдаа холбоогоо сайжруулснаар үр дүнд хүрэх асуудлыг хөндсөн байв. Тус байгууллага нь Тогтвортой хөгжлийн зорилгууд болох тэгш бус байдлыг бууруулах, шударга ёсыг цогцлоох асуудлын хүрээнд өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар судалгаа хийж байгаа талаараа дурдав. Иргэний нийгмийн байгууллага нь төр засгийг шүүмжлэгч биш, төр нь иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой, мэдээллийг үл ойшоон өнгөрүүлэх бус нэгэн зорилгын төлөө хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг илтгэлдээ онцолсон юм. 

 Салбар хуралдаанд тавьсан илтгэлүүдийн хүрээнд Иран, Энэтхэгийн төлөөлөгчид санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг сэдвийн хүрээнд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас хуваалцлаа. 


Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сард 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан бөгөөд үүнийгээ амжилттай сайн хэрэгжүүлэх үүргийг Олон Улсын өмнө хүлээгээд байгаа билээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелүүлэхэд ашгийн бус байгууллагуудын  оролцоог хангах, нээлттэй засаглалыг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг шилжүүлэх шаардлагатай байна. Энэ чиг хандлагыг Олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа туршлагаас манай улс суралцах ёстой гэдгийг онцлов. 

Мөн төрийн зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд УИХ-аас одоо хэрэгжиж байгаа Төрийн бус байгууллагуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын зарим чиг үүргийг Ашгийн бус байгууллагуудад шилжүүлэх тухай хуулийг шинээр батлах, хуулиудыг нэн яаралтай батлах шаардлагатай байгааг санал болголоо гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл