“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 11 дугаарын тойм

  2020-03-20 10:47  227


Эмхэтгэлийн шинэ дугаарт Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох, стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг журмаар нарийвчлан тогтоожээ.

Нэр төрөл, онцлогоос хамааруулан сүү, малын мах, гурил, ундны ус, тарианы үрийг  “сүү” гэж шингэн болон хуурай сүүг стратегийн хүнс хэмээн ойлгох бөгөөд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг стратегийн хүнсний улсын хэмжээний нийт нөөц, хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ, эрэлт, нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл, бусад улс, бүс нутаг, хөрш орны хүнсний хангамж, тэдгээрийн дотоодын зах зээлд нөлөөлөх төлөв байдал, цаашдын таамаглал, бусад оронтой байгуулсан гэрээ, хэлэлцээрийн шаардлага, хүнс экспортлох стратегийн зорилт зэргийг харгалзан Хүнсний тухай хуульд заасны дагуу тогтооно хэмээн журамд заасан байна.

Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлэх бөгөөд хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор яамнаас Үндэсний зөвлөлд нэмэлт санал оруулж болох юм байна.

Мөн дугаарт Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцийг нийтэлжээ.

“Хүчээр алга болгох” гэдэг нь алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн хүнийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ хэмээн тодорхойлжээ.

Конденцод оролцогч улс бүр хүчээр алга болгохыг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хуульдаа тусгах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаар тусгасан бөгөөд хүчээр алга болгох түгээмэл дэлгэрсэн буюу тогтолцоо бүхий дадлыг олон улсын одоо хэрэглэж буй эрх зүйд тодорхойлсноор хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэх бөгөөд түүний үр дагаврыг олон улсын одоо хэрэглэж буй эрх зүйн дагуу шийдвэрлэнэ гэж заажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2020-03-30 10:47  227