Цэс

Холбоо барих

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.16) хуралдаан 14 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Элдэв-Очир танилцуулав. 

    Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар ажиллаж, нийт гурван удаа хуралдахдаа дээрх төсөл “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдтэй нийцсэн эсэхийг нягталсан гэв. Төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороогоор хэлэлцээд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилт бүхий арга хэмжээг нэмж тусгах, 2020 онд ХБНГУ тэргүүтэй европын орнуудад Чингис хааны өмнөх болон дараах үеийн түүх археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл хангах, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үнэлгээнд орон нутаг оролцдог байх санхүүжилтийг төсөвт тусгах асуудлыг УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгах саналыг хүргүүлсэн байна. Цалингийн менежментийг сайжруулах замаар багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх саналыг тогтоолын төслийн хавсралтад тусгуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлжээ. Харин улсын бүртгэлийн үйлчилгээний цогцолбор төв байгуулах, олон нийтийн цагдаагийн цалин, урамшуулал, хувцас хангалтын зардлыг төсөвт тусгах саналыг хэлэлцэж буй төслийн хавсралтад нэмж тусгах саналыг Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ирүүлсэн саналд шинжлэх ухаан, иновацийн хөгжлийг дэмжих дэд бүтцийг бий болгох, соёлын салбарын зарим бүтээн байгуулалтыг эхлүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, МСҮТ-ийн суралцагчдад сургалтын тэтгэмжийг олгох асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, соёлын салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэмэгдэл санхүүжилтийг төсөвт тусгах асуудлыг хэлэлцэж буй төсөлд тусгах, сүрьеэ өвчнийг илрүүлэх, оношлох, эмчлэх, эмнэлгийн барилгыг шинэчлэх зэргийг тусгажээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос тухайлан санал ирүүлээгүй гэв. 


    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Х.Болорчулуун нар асуулт асууж, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Тухайлбал, хэлэлцүүлгийн явцад УИХ-ын Байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг төсөлд тусгах бололцоо бий эсэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө. 2013 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн уналтыг зогсоох арга хэмжээ үр дүнтэй байгаа бөгөөд цаашид урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий 5 бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг ирэх онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. Хэлэлцүүлгийн үеэр урсгал зардал, орон тоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсвийн саналуудыг Байнгын хороодоос ирүүлсэн, гэхдээ салбар салбарын бодлогын арга хэмжээнүүдийг төсөлд тусгах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлсэн. Түүнчлэн гишүүдийн тодруулсны дагуу мега төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв. Нэлээд хугацаанд зогссон байсан учраас асуудлууд нь хуримтлагдсан, амаргүй нөхцөл байдал үүссэн байгаа. Тодорхой шийдлүүдийг гаргах шаардлага бий хэдий ч үүнийг зөвхөн бид шийдэхгүй. Гадаад хүчин зүйл болон хөрш орнуудтайгаа хамтрах асуудлууд хөндөгдөнө. Засгийн газар болон холбогдох яамд мега төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэв. Нийгмийн хөгжлийн чиглэлээр цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг бүрэн олгох зэрэг хязгааргүй хэрэгцээг Оюутолгой, Эрдэнэт тэргүүтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлүүдийн төлсөн татвар буюу хязгаартай төсвөөр санхүүжүүлдэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Гэсэн хэдий ч 2019 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд агаарын бохирдол, боловсрол, эрүүл мэндийн салбарын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр анхаарал хандуулж, шийдэл гаргах зорилт бүхий арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зээл буурч, иргэдийн хэрэглээний зээл нэмэгдсэн бүтцийг сайжруулах чиглэлээр Монголбанк, Засгийн газар тодорхой ажлыг хийх шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Бизнес, үйлдвэрлэлийг дэмжих шаардлага бий бөгөөд үндсэн чиглэлийн төсөлд энэ чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тусгасан гэдгийг Сангийн сайд хэлсэн юм.


    Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэж өгвөл урт хугацаатай, бага хүүтэй зээл Монгол Улсад нэвтрэх боломж бүрдэнэ гэв. Ерөнхийдөө зээлийн хүү буурах хандлага бий, бизнесийн идэвхжил ажиглагдаж байна, чанаргүй зээл буурч байна. Тиймээс бодлогын болон эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж Засгийн газар зөв бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлж чадвал зээлийн хүү буурах, улмаар хувийн хэвшлийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэн, улмаар иргэд орлоготой болох, амьдралын чанар дээшлэх нөхцөл бүрдэнэ гэж тооцож байгаагаа тэрбээр хэлсэн. Ипотекийн зээлийг 2017 онд 110 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бол энэ онд 120 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. Цаашдаа үүн дээр бодлогын болон эрх зүйн зохицуулалт хийж гаднаас эх үүсвэр татан хүртээмжийг нэмэгдүүлэх гарц бий гэдгийг мөн дэлгэрэнгүй тайлбарласан. 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, ирэх онд улс орныг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан тодорхой саналуудыг хэлсэн юм. Ингээд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Түүнчлэн бусад байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 25 саналаар санал нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахдаа, 2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгааг дурдсан. Эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг дурдсан. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж ирсний үр дүнгийн талаарх тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан.


Улс орны эдийн засаг эрчимтэй хөгжиж, зах зээлийн харилцаа гүнзгийрэх тусам Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх, зохицуулалтыг өөрчлөх шаардлага үүссэн тул төслийг боловсруулсан байна. Төсөлд хуулийн зорилгыг жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэрэг хэмжиж болохуйц байдлаар томъёолсон байна. Мөн тэдгээрийн ангилалыг тодорхой болгож, иргэд хөдөлмөр эрхлэлтээ өргөжүүлэн компани, хоршоо байгуулах замаар жижиг дунд бизнесийн дэмжлэгт хамрагддаг байх зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна. Мөн одоо хэрэгжиж буй хууль дахь тунхаглалын шинжтэй жижиг, дунд үйлдвэрийн дэмжлэгийн талаарх бодлого, үндсэн чиглэлийн талаарх заалтуудыг өөрчлөн найруулж, хуулийн үйлчлэх хүрээг нарийвчлан тогтоож, ажил олгогч нарын ажлын байр шинээр бий болгох сонирхолыг эдийн засгийн хөшүүрэг ашиглан нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан болохыг Ж.Ганбаатар гишүүн танилцуулав. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, уг хуулийн үйлчлэлд хамаарч буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа жилд 1 удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг байхаар төсөлд тусгажээ. Мөн жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулахаар төвлөрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн борлуулалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэж буйтай холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ орлогтой байлган амьдралын чанарыг дээшлүүлэх асуудалд анхаарал хандуулж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлахыг дэмжиж буйгаа Л.Элдэв-Очир гишүүн илэрхийлсэн юм. Жижиг дунд бизнес, үйлдвэр, үйлчилгээг дэмжих, цаашдаа тус тусдаа бие даан хөгжих орчныг бүрдүүлэх нь нийгмийн ач холбогдол өндөр гэдгийг тэрбээр онцолж байв.


Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнес, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ тоон мэдээллийг нягтлан тэдгээрт хүртээмжтэй, оновчтой бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Мөн энэ салбарт учирч буй бэрхшээл, саадыг зөв тодорхойлох нь зүйтэй. Татварын дарамт, төрийн үйлчилгээний хүнд суртал, санхүүжилтийн өндөр зардал, өндөр өртөгтэй дэд бүтэц, өрсөлдөх чадвар сул хууль эрх зүйн орчин зэрэг асуудлыг цогцоор нь харж, хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Ийнхүү хэлэлцээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.


    Үүний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилов. Мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын гишүүдийг томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл