Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

  2019-09-26 12:10  160

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Сүүлийн 3 жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг боллоо.

Улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр сүүлийн 2 жилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн, татварын орлого сайжирсан, ажил эрхлэлт нэмэгдэн ажилгүйдлийн түвшин буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн, тэр дундаа бизнесийн зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээл дээр ч сэргэлт бий болсны илэрхийлэл юм.

 Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь орчимд бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлнэ.

Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөц (цэврээр)-ийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна.

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ.     


  2019-09-26 13:46  160