Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2018-02-05 17:02 Уншсан: 246

Эмхэтгэлийн шинэ дугаарт Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.


Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зээл олгохтой холбоотой зүйл нэмсэн бөгөөд Монголбанк эцсийн зээлдүүлэгчийн хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварт нь түр хугацааны хүндрэл үүссэн, өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, зээлийг хугацаанд нь эргэн төлөх боломжтой, төлбөрийн чадвартай банкинд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монголбанкны хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн барьцаатай зээл олгож болно хэмээн заасан бөгөөд дээр заасан зээлийн нийт хэмжээг тодорхойлж, нэг банкинд олгох зээлийн хэмжээг тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан тогтооно хэмээжээ. Түүнчлэн Монголбанк бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тохиолдолд Банкны тухай хуульд заасны дагуу банкинд зээл олгож болох юм байна.

Мөн хуулиар Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулах, Монголбанк энэ хуулийн 15, 18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Засгийн газарт шууд болон  шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсхүл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглосон байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийг Монголбанкны Дэд ерөнхийлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч /эрдэм шинжилгээ, судалгааны асуудал хариуцсан/ гэсэн  бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулахаар заажээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-д өөрчлөлт оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Үүсгэсэн: 2018-02-05 17:02

Хуралдааны тов