НББСШУБХ төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

  2017-10-17 21:44  443

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.10.17) 18 цаг 50 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалав.

Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 


Төслийн танилцуулгыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хийж, төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарын төсвийн тодотголтой холбоотой асуудлаар асуулт тавьж, хариулт авав. Тэрбээр, “Эрүүл мэндийн салбарт бодлогын түвшинд хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол оношилгооны төвийн асуудал юм. Оношилгоог дорвитой хийж чадахгүйн улмаас иргэд гадагшаа явж, валют гадагшаа урсаж байгаа талаар олон жил яригдаж байна. Улсын хоёрдугаар эмнэлгийн хашаанд Монголд хамгийн том оношилгооны төв баригдаж байгаа. Энэ ажилд 7 тэрбум төгрөг төсөвт суулгахаар Эрүүл мэндийн яамнаас санал оруулсан. Гэтэл энэ зардлыг хассан байна. Энэ асуудлыг эргэн харж болох уу” хэмээн асуулаа.

Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга З.Мөнх-Оргил өгсөн тайлбартаа, Оношилгоо, эмчилгээний төв нь БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл юм. Үүнд Монгол Улсын Засгийн газраас тодорхой үүрэг хүлээж, 2017 онд батлагдсан төсвийн дагуу санхүүжилтээ олгоод явж байгаа. Эрүүл мэндийн яамнаас гаргасан санал бол тус төвийн тоног төхөөрөмж болон бусад холбогдох байгууламжид шаардлагатай хөрөнгө юм. Энэхүү зардлыг Монголын тал хариуцах ёстой тул 2018 оны төсөвт суулгахаар судалж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга төсвийн тодотголд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 30 тэрбум төгрөгөөр хасагдахаар тусчээ, мөн боловсролын хүрээлэнгийн төсвийг 352 сая төгрөгөөр хассан байна, түүнчлэн дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр 2.4 тэрбум төгрөгөөр танагдаж, үүнд тайлбар авъя гэв.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт хийсэн тайлбартаа, боловсролын салбарын удирдлагуудтай зөвшилцсөний дүнд зардлыг 30 тэрбум төгрөгөөр бууруулж байгаа нь арилжааны банкуудад байршуулсан зээлийн ашиглалт бага байгаатай холбоотой. Энэ он дуустал санхүүжилт хүрэлцэнэ, харин ирэх оны төсөвт 116.1 тэрбум төгрөг бүтнээрээ тусна гэлээ. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт урсгал зардал болоод байгууллагын үйл ажиллагааны зардал буураагүй гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа саналаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа өвөлжилтийн бэлтгэл боловсролын салбарт чухал байдаг, тухайлбал сургууль, цэцэрлэгийн засвар, дулаан хангамж онцгой анхаарал татдаг. Энэ асуудлыг бодолцмоор байна. Ер нь байнга дайвар маягтай явж ирсэн соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч, төсвийг нь хасахгүй, танахгүй байхад цаашид анхаарч баймаар байна гэсэн санал хэлэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Гарамжав, Л.Энх-Амгалан, Д.Гантулга, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, С.Чинзориг нарын гаргасан зарчмын зөрүүтэй томьёолол тус бүрээр санал хураахад олонхийн дэмжлэг авсан юм.


Ийнхүү төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


  2017-10-17 21:44  443