Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалтаа “Төсвийн хяналт” сэдвээр өнөөдөр (2021.10.12) зохион байгууллаа.

УИХ-ын Тамгын газар нь Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг. Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн цаг үед төсвийн хяналтын чиглэлээр сургалт хийж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Янжинхорлоо сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов.


Сургалтыг Удирдлагын академийн багш, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа удирдан явуулсан бөгөөд төсвийн төлөвлөлт гүйцэтгэлд парламентаас хяналт тавих арга зүй, олон улсын сайн туршлага болон төсвийн зарлага, орлогын төлөвлөлтөд үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйн талаар мэдээлэл өглөө.

Ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих “Төсвийн хяналт” сэдэвт сургалтад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар, УИХ-ын гишүүний ажлын албаны зөвлөх, туслах зэрэг нийт 53 ажилтан хамрагдлаа.

Сургалтын төгсгөлд доктор, профессор Л.Отгонтуяагийн мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл