Цэс

Холбоо барих

Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүд, саналуудад хэрхэн тусгасан талаар танилцууллаа

    “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал”-ын талаарх хэлэлцүүлэг (2019.07.26) Төрийн ордонд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлж, ашиглалтын тодорхой, тогтвортой нөхцөл бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан гэв. 


    Тухайн жилийнхээ улсын төсөвт ногдол ашгаа оруулж болохгүй, үүнээс бусад буюу аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой гардаг 30 орчим татвар хэрэгждэг байх аж. Ийнхүү баялгаас үүсч буй баялагаа өөр журмаар зарцуулах сан байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буй хэмээн тайлбарлав. Байгалийн баялаг гэдэг нь энэ цаг үед амьдарч буй монголчуудын өмч биш гэдгийг төслийн танилцуулгын үеэр З.Энхболд дарга тэмдэглээд “Хүний бүтээгээгүй энэ баялаг нь төрийн өмч биш атал үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган үзэж, хувьчилж ирсэн алдааг залруулах зорилготой” гэв. Төсөлд заасан нөхцөлийн хүрээнд байгалийн баялгийг ашиглах, эс бол огт ашиглахгүй байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. 

    Газрыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөний дагуу ашиглах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаа дугаар зүйлд 6.6 буюу “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх  иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” хэмээн шинэ заалт нэмэхээр төсөлд тусгасан байгаа аж. 

Төв банк /Монголбанк/-ны хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх зорилгоор дараах өөрчлөлтийг төсөлд тусгасан байна. 


    Төв банк/Монголбанк/-ны тухай хууль дахь эдгээр заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгуулах саналаа Монголбанкнаас ирүүлсэн бөгөөд үүнд үндэслэн энэ заалтыг нэмэхээр төсөлд тусгасан болохыг З.Энхболд дарга хэллээ. Улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хамгаалалтыг бэхжүүлж, бататгах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.1.6-ийн “ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ” гэсэн дээр “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэж нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ. 


    Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлаарх Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ардчилсан намын саналыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-т оруулж буй нэмэлт, өөрчлөлтөд Улсын Их Хурал дахь Ардилсан намын зөвлөл зарчмын хувьд санал нэг байгаа ч найруулгын хувьд өөр саналтай байгааг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд дээрх заалтыг “6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” хэмээн өөрчлөхөөр тусгасан байгаа юм. Үүн дээрх “төрийн өмч” хэмээх тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийн адил “нийтийн өмч” хэмээн тодорхойлох нь оновчтой гэдэг саналыг танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглах журмаа хуулиар тогтооно гэдэг зарчмаа Монгол Улсын Үндсэн хуульд тусгаагүй явж ирсэн нь гол алдаа байсан хэмээн үзжээ. Энэ зарчмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тусгасан хэдий ч холбогдох хууль нь батлагдаагүй явж ирсэн учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэлбэрээр олгогдсоор ирсэн хэмээн тайлбарласан. Иймд “6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Төрийн нийтийн зориулалтаар ашиглах өмчийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах журмыг хуулиар тогтооно. Баялгийг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, Монголын ард түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, иргэн бүрд шударга хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллана. Баялгийн санг байгуулах, ашиглах зарчмыг хуулиар тогтооно” хэмээн томъёолох нь оновчтой гэдэг саналыг танилцууллаа. 


    Өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд буюу Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх хадгалан шийдвэрлэх асуудлын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-г Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр илүү дэлгэрэнгүй болгон “25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэжээ. Энд зарлагын асуудлаа тодорхой тусгаад, төсвийн ерөнхий бүтэц, зарчмыг заагаагүй атлаа хяналт тавих, хараат бус байгууллагынхаа үйл ажиллагааг хуулиар тогтоохоор тусгах нь хангалтгүй хэмээн үзэж байгааг З.Нарантуяа гишүүн танилцуулсан. Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуульд “5Төсөв, санхүү” гэсэн зүйл, анги нэмэх саналтай байгаа гэв. Шинээр нэмэх энэхүү зүйл нэмээд үүндээ төсөв батлах зарчим, бүтэц, хуваарилалт, улсын өр, түүний баталгааны зарчмын талаар тусгасан дөрвөн заалтыг тусгах нь зүйтэй гэдэг саналтай байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл дэх Монол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 39.4, 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар заалтуудыг өөрчлөх саналтай холбоотой саналуудыг З.Нарантуяа гишүүн танилцуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Төв банкны статусыг тусгах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа аж. 


    З.Нарантуяа гишүүний танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл дэх Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7 дугаар заалтад оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай танилцуулав. Төслийн энэ багц сэдвийг хариуцан ажиллаж буй Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан дэд ажлын хэсгийн гишүүдийг танилцуулгын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дурдав. Өнөөдрийн хэлэлцүүлэгт зориулан Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тусгайлан мэдээлэл танилцуулах болсныг мөн тэрбээр дурдав. Байгалийн баялгийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх, одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг хангах, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогыг тодорхойлох ач холбогдолтой хэмээн үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг дараах байдлаар өөрчлөхөөр төсөлд тусгасан болохыг хэллээ.


    Ж.Ганбаатар гишүүний танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл танилцуулав. Улс орны суурь хөгжлийг дээш татах, гацаж байгаа гацааг засаж сайжруулах гэсэн эрмэлзэл бүхий хүмүүсийн нэгдэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүд, саналуудыг нухацтай хэлэлцэж байгаад талархалтай хандаж буйгаа тэрбээр эхэнд нь тэмдэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг хөндөн хэлэлцэхдээ улс орны эдийн засгийн тулгуур салбарын хөгжилтэй уялдуулан тал бүрээс нь судалсан гэв. Салбарын яаман дээр тусгайлан ажлын хэсэг байгуулж, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн явцад уул уурхайн салбар дахь алдаа, дутагдал бүрийг Үндсэн хуульд нааж, нэмэлт өөрчлөлтийн түвшинд зохицуулах гэж оролдсоноор байгалийн баялагтай холбоотойгоор Үндсэн хуулийн хямрал руу түлхэх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий гэв. 70 гаруй орны Үндсэн хууль дахь байгалийн баялгийн талаар зохицуулалтыг харьцуулан судлаад Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2 дугаар заалт нь хамгийн оновчтой бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг хүндрэл гараагүй гэж үзэж буйгаа хэлэв. Салбарын яамны зүгээс Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэрбээр мэдээллийнхээ үеэр дурдав. Байглийн баялгийн засаглалын асуудлыг органик хуулиар зохицуулах нь нэн оновчтой хэмээх саналыг хэлж байв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 59.2 дахь заалтаар орон нутагт татварын хувь хэмжээ тогтоох эрхийг шилжүүлснээр уул, уурхайн салбарын үйл ажиллагаа гацаанд орох, хямрах эрсдэл нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа хэлсэн. 


    Ийнхүү танилцуулгууд өндөрлөсөн бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал”-ын талаарх хэлэлцүүлгийн оролцогчид үргэлжлүүлэн төсөл санаачлагчдаас асуулт асууж, хариулт авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл