Цэс

Холбоо барих

Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ж.Батзандан
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус Байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг буюу хуульд шинээр нэмж байгаа “Зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглах”, “Зах зээлийн үнэ хөөрөгдөх”, “Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах” гэсэн 1662-1664 дүгээр зүйлүүдийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу 8.3 дахь хэсгийн “хүлээлгэж болно” гэснийг “хүлээлгэнэ” гэж өөрчлөх санал гаргасныг тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төслүүдийн талаар гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хороо хэлэлцэн санал хураалт явуулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ,

Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл