Инфографик: Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

  2019-10-30 09:51  106

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна.  Энэ удаа Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

НООТ БИЧИГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд солилцсон “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

        Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж буй ОХУ-ын эзэмшлийн барилга, байгууламжийн газрыг ОХУ-ын талд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хугацаатай, төлбөртэй ашиглуулахаас гадна ОХУ-ын талтай урьдчилан тохиролцсоны дагуу орон сууцны 8 байрыг Монгол Улсын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авах эрх зүйн үндэс бүрдэнэ.


Ноот бичиг соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлээс бүрдэнэ. Хуулийг баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй ОХУ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, зарим орон сууцны байрыг үнэ төлбөргүй шилжүүлэн авах эрх үүснэ. Үүнд:

  • ОХУ-ын өмчийн барилга, байгууламжид газар эзэмшлийн гэрчилгээ олгож, кадастрын зураг хийнэ.
  • Нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газрыг хугацаатай (60 жил+40 жил сунгах эрхтэйгээр), мөн төлбөртэй байхаар хуульд тусгасан.
  • ОХУ-ын эзэмшлийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа 550 айл өрхийн 8 орон сууцыг Монгол Улсын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар ОХУ-ын талтай харилцан тохиролцсон. 
  • ОХУ-ын эзэмшлийн орон сууцанд амьдарч буй иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нөхцөл бүрдэнэ.

    ОХУ-ын тал энэхүү ноот бичгийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын шаардлагаа хангасан тухайгаа 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монголын талд мэдэгдсэн. Иймд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Ноот бичгийг соёрхон батлах тухай хуулийг баталснаар энэхүү ноот бичиг хүчин төгөлдөр болно. 

Улсын Их Хурлын Тамгын газар


  2019-10-24 15:56  106