Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа

Байнгын хороо төслийн талаарх 144 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.


Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 14, 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо 2019 оны 7 дугаар сарын 5-ны болон  2019 оны 8 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газраас дээрх зарчим болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д заасныг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, дүнг нэгтгэн боловсруулах, танилцуулга, санал дүгнэлт гаргах үйл ажиллагааг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад Улсын Их Хурлын 69 гишүүн 18 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллан 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авсан байна. Иргэдийн дунд хийсэн уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэдийн 82 хувь нь гишүүдээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжжээ. Иргэдээс ирүүлсэн дэмжсэн болон дэмжээгүй саналын хувийг төсөлд тусгагдсан 5 бүлэг, 48 зүйл, хэсэг, заалт тус бүрээр нэг бүрчлэн гаргахад 55-аас дээш хувиар дэмжсэн байна. 


Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу бусад Байнгын хороод 2019 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдрийн хуралдаанаараа төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.4-т “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг “саналын түвшинд” харгалзан авч үзэх асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг ажлын хэсэгт даалгасан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.4.7-д заасны дагуу Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судлах, саналын түвшинд харгалзан үзэх, хэлэлцүүлэх, зөвшилцөх зорилгоор Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал тогтоож, Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоол баталсан. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой таван удаагийн цуврал хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн төсөлд тусгах ажлыг зохион байгуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.” гэж заасан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн 24 зүйлийг хамрахаар байгаа. Тиймээс Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналын 49 заалтаас 26 заалтыг нь Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаа төсөлд тусган авах боломжтой гэж үзсэн байна.

Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 7 дугаар сарын 5-ны болон  2019 оны 8 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийх явцад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс 42 саналын томьёолол, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс 70 гаруй зарчмын зөрүүтэй санал, нийт 144 саналаар санал хураалт явуулсан. Түүнчлэн Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан 20 гаруй зарчмын зөрүүтэй саналыг санал гаргасан гишүүд татаж, 56 саналаар нь санал хураалт явуулсан байна. Санал хураалтын явцад Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаас 15 санал нь дэмжигдэж, 41 санал дэмжигдээгүй аж.

С.Бямбацогт: Төр нь төр шиг, засаг нь засаг шиг байх зарчим төсөлд шингэсэн

Ингээд ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Л.Элдэв-Очир, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч, одоо хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж байна. Энэ хугацаанд зөвшилцөл, ойлголцолд хүрэх, нийгмийн бүх талын саналыг сонсож тусгах үүднээс улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, гаргасан саналуудыг аль болохоор төсөлд тусгах зарчим барьж ажилласан. Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахалсан зөвшилцлийн ажлын хэсэг таван удаа хуралдаж тодорхой саналууд дээр зөвшилцөл, ойлголцолд хүрсэн нь Байнгын хороогоор дэмжигдсэн. Мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс гаргасан саналуудын ихэнх нь төсөлд агуулгаараа тусгагдсан, зарим тодорхой саналыг гишүүдийн төслийн заалтуудтай нийцүүлж өөрчлөн найруулах замаар томьёолж тусгаад байгаа.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүд, улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх, байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, мөн Улсын Их Хурал тарах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг илүү тодорхой болгож өгсөн, түүнчлэн төрийн бодлого тодорхой, уялдаатай байх, төсөв батлахад хүрээ хязгаар тогтоох өгөх зэрэг зохицуулалтыг шинээр томьёолсон. Тухайлбал, Нам нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байх. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтоохоор зааж өгсөн.

Харин нам байгуулах тооны тухайд Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэд нэгдэж байгуулахаар тусгагдсан байсан. Үүнийг зөвшилцөл, хэлэлцүүлгийн шатанд үндэслэлийг нь нягталж ярилцаад намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасныг Байнгын хороо дэмжсэн. Түүнчлэн сонгуулийн тогтолцоотой холбоотой саналыг олон талаас нь авч үзэж ярилцаад “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн одоогийн Үндсэн хуулийн заалтыг хэвээр үлдээхээр тогтсон. Харин  “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн энэ хэсгийг өөрчлөн найруулахаар тусгаад байна.


Байгалийн баялгийн өмчлөлийн тухайд Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж томьёолсон бол Ерөнхийлөгчийн төсөлд тэдгээр нь “нийтийн өмч” байхаар тусгагдсан. Тиймээс төслийн энэ заалтыг зөвшилцлийн шатанд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулж томьёолсон. Харин байгалийн баялгийн ашиглалт, тэгш шударга хуваарилалтын тухайд Үндсэн хуулийн энэ хэсгийг “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөхөөр тогтоод байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх, давхар дээлний асуудлыг нэгмөр цэгцлэх үүднээс “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн зохицуулалт оруулахыг дэмжээд байгаа. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Гишүүд нь давхар дээлээ тайлж Улсын Их Хурал нь зөвхөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлаа хийдэг, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлж, хариуцлага алдсан танхимын гишүүнээ огцруулдаг, парламентын өмнө хариуцлагаа хүлээдэг байх заалтыг шинээр тусгаж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг чухал зохицуулалт юм. Өөрөөр төр нь төр шиг, засаг нь засаг шиг байх зарчим төсөлд шингэсэн гэдгийг онцоллоо.


Харин шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтын талаарх гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өгсөн хариултдаа, Ерөнхийлөгч шүүгчдийг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй байгаа. Шүүгчдийн томилгоо, бүрэлдэхүүн, шалгуур зэрэгтэй холбоотойгоор гишүүдийн төсөлд тусгагдсан заалттай холбогдуулан Ерөнхийлөгч байр сууриа тодорхой илэрхийлж, өөрийн төсөл, саналыг өргөн мэдүүлсэн. Зөвшилцлийн явцад тэдгээр асуудлыг ярилцаж зөвшилцөөд тодорхой тохиролцоонд хүрсэн. Тухайлахад, гишүүдийн санаачилсан төсөлд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий Шүүхийн хариуцлагын зөвлөлтэй байхаар тусгагдсан бол Ерөнхийлөгч төсөлдөө Шүүхийн сахилгын хороо гэсэн байгууллагыг санал болгосон. Иймээс хоёр төслийн энэ заалтын утга агуулгыг алдагдуулахгүйгээр өөрчлөн найруулахаар зөвшилцлийн ажлын хэсэг тохирсон гээд төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг танилцуулав.

Мөн гишүүдийн төсөлд тусгагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахтай холбоотой заалттай холбогдуулан Ерөнхийлөгч тодорхой санал гаргаагүй. Харин хэлэлцүүлгийн явцад ярилцаж байгаад гишүүдийн санаачилсан төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн агуулгаар бүхэлд нь өөрчлөн найруулахаар тогтсон нь Байнгын хороогоор дэмжигдээд байгаа гэлээ.

Ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа шийднэ

Асуулт асууж тодруулсан гишүүдийн ихэнх нь улс орон, ард нийтийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа хэлж байв. Энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт сүүлийн 20-иод жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж ирсэн, гишүүдэд ч тодорхой үүрэг даалгавар өгөгдөж байсан байдаг. Энэ хүрээнд яригдаж байсан асуудлуудыг багцалж Улсын Их Хурлын 62 гишүүн төсөл өргөн мэдүүлсэн. Дараа нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, АН-ын зөвлөлөөс ч тодорхой асуудлыг санал болгож тавьсан. Энэ үндсэн дээр зөвшилцөл явагдаж, харилцан ойлголцолд хүрсэн заалтуудыг Байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Одоо эдгээр заалтыг дэмжээд явбал харьцангуй боломжийн түвшинд томьёологдсон зохицуулалт болно гэж үзэж байгаа гэлээ.

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах эсэхийг хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” гэж заажээ. Мөн зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”, 17.3 дахь хэсэгт “Хоёр дахь хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр санал хурааж шийдвэрлэсэн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах эх болгон баталж уг эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол гаргана” гэж тус тус заасан байна.


Гишүүдийн зарим асуултад Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан нар нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм.

Үүгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулсан асуулт, хариулт дуусаж, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан маргааш 10 цагаас үргэлжилж, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл