Инфографик: Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга

  2021-09-20 12:33  133

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.         


    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

   Хууль батлагдсанаар импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл чөлөөлөх, мөн импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлнө. 

    Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үед татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх барааны жагсаалтад хүлэмжийн аж ахуйг нэмж тусгасан болно.

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ. 

 Улсын Их Хурлын Тамгын газар

 


  2021-09-20 12:31  133