Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тавьсан асуулгын хариуг сонсов

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2018.04.13) үдээс хойших хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон ажлууд болон тэдгээрийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хуралдаанд энэ талаархи мэдээллийг танилцуулаа. 


    Монгол Улсад 2018 оны 1 дүгээр сарын байдлаар төрийн өмчийн 12, орон нутгийн өмчийн 24 музей, хувийн хэвшлийн 8 музей байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үзэгчдэд үйлчилж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Улсын болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулийн дэргэд 16 бэсрэг музейн үзвэрийн танхим ажиллаж байгаа аж. 

    Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Соёлын өвийг бүртгэх журмын хэрэгжилтийн байдал, тус хуулийн 26 дугаар зүйлд заасан соёлын өвийн улсын тооллогын мэдээллийг танилцуулав. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хуульд заасан Соёлын өвийг бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг баяжуулах, тоон мэдээллийг баримтжуулж шинэчлэх зорилгоор түүх, соёлын дурсгалт зүйлийн үзлэг, тооллогыг 2018 онд явуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байгаа гэв. Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын ажлыг 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлж, Засгийн газраас “Улс, орон нутгийн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” 197 дугаар тогтоол баталж, музейн хүрээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Музейн тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 онд багтаан Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна. Засгийн газрын 2016-2020 оны Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 4 музейн барилгыг шинэчлэх, 10-аас доошгүй музейн сан хөмрөгийг стандартын шаардлагад нийцүүлэн засварлах зорилтыг тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2017 онд улсын төсвөөс музейн барилга байгууламжийн засварт 288.0 сая төгрөг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 2017 оны 140.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Эрдэнэ Зуу музей, Амарбаясгалант хийд, Балданбэрэйвэн хийд, Өөлд бэйсийн дуганууд, Эрдэнэдалайн дуганыг төрийн өмчлөлд шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аймаг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай зөвшилцөөд байгаа гэв. 

    Г.Занданшатар сайд үргэлжлүүлэн түүх, соёлын хөдлөх зарим дурсгалт зүйлс хувь хүмүүсийн хууль бус эзэмшилд байгаа ба үзмэр, дурсгалт зүйлсийг эргүүлэн авах, нийтийн өмчийн соёлын биет өвд бүртгэх, сэргээн засварлах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийгдэх ажлын талаар танилцуулсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс хууль бусаар хувь хүний эзэмшилд байгаа тухай мэдээлэл байхгүй байна. Харин өмчлөгч, эзэмшигчийн зүгээс иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, түр хугацаагаар эзэмшүүлж байгаа 232 дэсийн 429 ширхэг дурсгалт зүйл байгаа юм байна. 

    Үргэлжлүүлэн тэрбээр соёлын биет өвийг өмчлөгч иргэд, хуулийн этгээдүүд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 33.2-т заасан үүргээ биелүүлж байгаа эсэх, тухайн иргэд, хувийн цуглуулагчдын хадгалалт хамгаалалтын талаар болон хулгайд болон гадаад улс орнууд руу олон улсын үзэсгэлэнд илгээсэн, сэргээн засварлах боломжгүйгээс устаж үрэгдсэн гэх зэргээр алдагдсан тохиолдлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа талаархи мэдээллийг танилцуулсан. Музейн үзмэр, эд өлгийн зүйлийг гадаадад үзэсгэлэнд оролцуулахаар явуулсан ч эргэж ирээгүй 3 тохиолдол гарчээ. Эдгээрийг хууль хяналтын байгууллага шалгаж, зохих шийдвэр гаргасны дагуу музейгээс дутаасан үзмэрийг нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авсан гэв. Өнгөрсөн хугацаанд музейгээс үзмэр хулгайлсан 20 гаруй удаагийн үйлдэлд хууль, хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгасан мэдээлэл байна. Эдгээр хэргийг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгох, нөхөн төлбөр ногдуулах, буруутай этгээдэд ял ногдуулан зэргээр шийдвэрлэсэн байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015-2016 онд зохион байгуулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллого хийж, дурсгалыг төрөлжүүлэн бүртгэх, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах, зарим дурсгалын хэмжээсийг авах, засаг захиргааны нэр солигдсон дурсгалт газрыг засах, эрсдэлд орсон дурсгалын талаарх мэдээллийг цуглуулж орон нутагт мэдэгдэх, дурсгалын эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг цуглуулах, хамгаалалтын бүс тогтоох шаардлагатай дурсгалд хэмжилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. Соёлын өвийг сэргээн засварлах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр салбарын яамнаас Соёлын өвийн төвийн барилгыг 2018 онд бүрэн ашиглалтад оруулж соёлын биет өвийн эвдрэл гэмтлийг лабораторийн түвшинд тогтоох, сэргээн засварлах арга технологийг судалгааны үндэслэлтэй боловсруулах, археологи, палеонтологийн олдвор, судалгааны хэрэглэгдэхүүнийг хадгалах болон бэхжүүлэх, сэргээн засварлах байр танхимын хүрэлцээ нэмэгдэх аж. Соёлын биет өвийг сэргээн засварлах чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Бүгд Найрамдах Польш Улс, Япон улсад мод, металын материал бүтцийн судалгааны чиглэлээр магистр, докторын түвшинд 6 мэргэжилтэнг суралцуулж бэлтгээд байгаа юм байна.    Барилгын чанар, аюулгүй байдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон музейн барилгуудын талаар мөн мэдээлсэн. 2018 оны 1 дүгээр сарын байдлаар төрийн өмчийн 9 музейн эзэмшилд 27 барилга байгууламж, орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшилд 56 барилга байгууламж, нийт 83 барилга байгууламж ашиглагдаж байна. Төрийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа 2 музей, төрийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа 1, музей байгаа бол, орон нутгийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа 5 музей байгаа аж. Цаашид музейн барилга байгууламжийг шинээр барих, шинэчлэн засварлах ажлыг тухайн музейн төрөл, үйл ажиллагааны онцлогт тохируулан судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан нэгдсэн бодлого төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа барилгын өрөө тасалгаанд тохируулсан музейг хөгжүүлэх уламжлалт сэтгэлгээг халж, орчин үеийн дэлхийн музейнүүдийн сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулж нутагшуулах, музейн барилга байгууламжийг барих шилдэг арга технологийг нэвтрүүлж, үндэсний хэлбэр, зохиомж бүхий музейн барилга байгууламжийн тоог олшруурлах нь зүйтэй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ бодлогын хүрээнд Музейн тухай хууль батлагдсаны дараа музейг хөгжүүлэх үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

    Мэдээллийн төгсгөлд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн үйл ажиллагаанд тавигдах стандарт шаардлагыг шинэчлэх, музейг өөрийн орны онцлог, цуглуулгын нөөцөд тулгуурлан төрөлжүүлэх, музейн барилга байгууламжийг шинэчлэх, музейн мэргэжлийн боловсон хүчнийг мэргэшүүлэх, давтан сургах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттай хэрэгжүүлж, музейн нийгэмд гүйцэтгэх үүрэг, үнэлэмжийн нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулсан юм. 

    Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Очир, Ж.Батзандан, Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, олон улсын дуудлага худалдаагаар зарагдаж буй монголын хосгүй үнэт дурсгалуудын уг гарвалыг тодруулдаг эсэх талаар тодруулахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Тэдгээр нь нэлээн эрт үед буюу 1920-1930 оны үед манай улсаар аялж байсан жуулчдын цуглуулгын зориулалтаар авсан уг сурвалжтай байдаг. Тэдгээр дурсгалууд Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй байдаг учраас эргүүлэн авах асуудлыг хөндөх боломжгүй байдаг” гэлээ. Байгалийн түүхийн музейн барилгын төлөвлөлтийн талаар асуухад “Тус музейн барилгыг БНСУ-ын буцалтгүй тусламжаар барих асуудлыг ярилцаж байна. Одоогийн байдлаар хоёр тал харилцан мэдээлэл солилцох хүрээнд ажил үргэлжилж байна. Нийслэлтэй хамтран газрын асуудал шийдэх шаардлага үүссэн” хэмээн хариулт өгөв. Мөн гишүүдийн тодруулсны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж зохих бэлтгэлийг хангаж байгаа талаар танилцуулсан. Хөтөлбөрийн хүрээнд чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах ажлыг эрчимжүүлэх, чулуун соёлын өвийн судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, чулуун соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, чулуун соёлын өвийг сурталчлах, чулуун соёлын өвийг түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд 80 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Улсын Их Хурлын гишүүд асуулт асуухын зэрэгцээ музейн хосгүй үнэт өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулахад онцгой анхаарах, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт соёлын өв, хосгүй үнэт дурсгалын талаар агуулгыг оруулах, ерөнхий боловсролын сурагчдад музейг үнэ төлбөргүй үзүүлэх, соёлын үнэт өв, дурсгалыг зохих ёсоор хадгалж хамгаалах асуудалд анхаарал хандуулах, соёлын өв, дурсгалд хандах хандлагыг өөрчилж бодлогын түвшинд анхаарч, удирдлага, менежментийн шинэчлэл хийх шаардлага байгаа тэмдэглэн, дурсгалт газрууд, сүм хийдийг сэргээн засварлаж, хадгалалт хамгаалалтыг сайжруулж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа талаар тодорхой саналуудыг хэлж байв. Амралтын өдрүүдээр анги хамт олноор нь зохион байгуулж музейг үнэ төлбөргүй үзүүлэх асуудлыг Засгийн газар дээр ярьж шийдвэрлэх бололцоотой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хариулт өглөө. 

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан үг хэлсэн юм. Хүүхэд залууст соёл уламжлалаа сурталчлан, таниулах, хамгаалан өвлүүлэх ажлыг орхигдуулвал бусдын соёлын нөлөөнд автах эрсдэл байдгийг тэрбээр онцоллоо. Үргэлжлүүлэн тэрбээр “Өнөөдрийг хүртэл явж ирсэн алдаатай бодлогыг яаралтай засах цаг болсон. Үүний тулд 2014 онд Соёлын тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Одоо музейн тухай бие даасан хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлага байна. Олон улсын стандартад нийцсэн байдлаар энэ хуулийн төслийг яаралтай боловсруулахыг Засгийн газрын гишүүдээс хүсч байна. Монгол Улс монголын соёлын төв байх ёстой бөгөөд Засгийн газар үүнд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Музейн эрхлэгч нарын цалин 350-450 мянга байна. Соёлын өв тээгчийг урамшуулах бодлого алга, хуулийн заалт бий ч хэрэгжихгүй байна. Мөн Соёлын өвийн тухай хуулийг дагалдан батлагдах ёстой 10 гаруй журмаас зарим нь огт батлагдаагүй байгаа талаар гомдол ирж байна. Соёл гэдэг тухайн үндэстний бахархал, оршин тогтнолын баталгаа болдог” гэв. Өнөөдөр гэхэд улсын хэмжээнд байгаа олон музей зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж, бид соёлын өв дурсгалаа хадгалж хамгаалж, хөгжүүлж чадахгүй байгааг холбогдох хүмүүсийн анхааралд хүргэх зорилгоор энэ асуулгыг тавьсан гэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл