Инфографик:Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

  2020-05-01 08:55  475


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.


    Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд байгуулсан Бангкокийн хэлэлцээрийг 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгон өөрчилсөн. Тус хэлэлцээрт одоогоор Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдэн орсон. 

    Хэлэлцээр нь 3 хавсралтаас бүрдэх бөгөөд 1 дүгээр хавсралтад Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт, 2 дугаар хавсралтад гарал үүслийн дүрэм, 3 дугаар хавсралтад гишүүн улс хооронд үйлчилгээний болон барааны худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ерөнхий хэлэлцээрүүд тус тус багтсан. 2017 оны 01 дүгээр сард Хэлэлцээрийн 4 дэх үе шатыг эцэслэж, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг шинэчлэн баталж, гарал үүслийн шалгуурын тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

    Дээр дурдсан хавсралтууд болон нэмэлт, өөрчлөлт нь АНДХХ-ийн гишүүн улс хоорондын экспорт, импортын бараанд тусгай хөнгөлөлтийг олгож, барааны болон үйлчилгээний худалдаан дахь саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны механизмыг бий болгох чухал ач холбогдолтой юм. Одоогоор хэлэлцээрийн оролцогч улсууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээрээр 10.000 гаруй бараа бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээгээд байна. 

    Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлцлийг эхлүүлэх шийдвэр гарсан. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65 хувь, экспортын 90 хувь, импортын 30 хувийг АНДХХ-ийн гишүүн орнууд тус тус эзэлдэг. Хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм. 

    Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Улсын Их Хурлын Тамгын газар 


  2020-05-01 08:50  475