Цэс

Холбоо барих

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив



УИХ-ын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүнээс   өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.1.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлүүлгээр эхэллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан, Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар  нар тус тус танилцуулсан. 

Хуулийн төсөлд, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцаж ирэхэд үүсэж байгаа хүндрэлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийг цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах талаарх зохицуулалтыг тусгасан. Мөн цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах, цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээний хязгаарыг тогтоож, хариуцлагыг тодорхой болгох, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг уг хуулийн үйлчлэлд хамааруулах талаар тусгажээ. 

Түүнчлэн бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын сургалтын төлбөрийн асуудлыг өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх, цар тахлын үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулах, цар тахлын үед иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа болон зээлийн үндсэн, хүүгийн төлбөрийг үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг өөрчлөхтэй холбоотой асуудлыг Монголбанк, Засгийн газар хамтран хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан талаар төслийн танилцуулгад дурдсан байв.

Мөн цар тахалтай дэмжих тусгай сан байгуулах, уг санд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орнуудаас өгч байгаа хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийг төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод тайлагнахын зэрэгцээ цар тахлын талаарх үнэн зөв, баталгаатай мэдээ, мэдээллийг нэгдсэн шугамаар иргэд, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Ковид-19 цар тахлын үндэсний мэдээллийн цахим сан” бүрдүүлж, ашиглах зэрэг асуудлыг тусгасныг төслийн танилцуулгад дурдлаа.  

Таван зүйлтэй уг хуулийн төсөл  батлагдсанаар гадаадад гацсан иргэд эх орондоо буцаж ирэх эрхээ эдлэх, халдварт өвчнөөр өвчилсөн хүний эрхийг хамгаалах, цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тухайн нөхцөл байдалд тохирсон, зайлшгүй, бодитой байх, иргэний үндсэн эрхийг хязгаарласан байгууллага, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зохион байгуулах, оюутан сурагчдын дотуур байрны төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах иргэний эрхийг хөндөхгүй байх, иргэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах, цар тахлын улмаас иргэдэд тулгарч буй зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд бодлогоор дэмжих, цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орнуудаас өгч буй хандив, хөнгөлөлттэй зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод болгох, цар тахалтай холбоотой үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд нэгдсэн байдлаар шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх талаар практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн тодорхойгүй, зохицуулалтгүй байдлыг арилгах бүрэн боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ. 


    Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүнээс  2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороо  2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй байна. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар асуулт асууж,  хариулт авсан. Гишүүдийн зүгээс  цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийг хамгаалахад хариуцлага алдсан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох эсэх, өмчийн хэлбэр харгалзахгүй оюутны сургалтын болон дотуур байрны  төлбөрийг хөнгөлөх, хойшлуулах асуудлыг төсөлд хэрхэн зохицуулахаар тусгасныг илүүтэй тодруулав. 

    Хуулийн төслийн “11.1.6-д халдварлагдсан буюу халдварын сэжигтэй байж болзошгүй иргэний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн төслийн "11.6-д цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр, арга хэмжээг гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцан арилгана гэсэн тодорхой зохицуулалтыг тусгасан хэмээн хууль санаачлагч гишүүн Ц.Туваан хариулав. Мөн тэрбээр, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын  төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах гэж заасны  “хойшлуулах, сургалтын" гэсний дараа “болон дотуур байрны” гэж нэмж оруулах зохицуулалтыг тусгасан. Учир нь оюутны дотуур байрны жилийн төлбөр 700-800 мянган төгрөг тул цахимаар хичээллэж байгаа энэ үед тухайн зардлын тал хувийг буцаан олгох шаардлагатай байна гэж байлаа. 

    Дараа нь хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа,  С.Амарсайхан, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан хуулийн төсөлд үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх чухал зохицуулалтыг тусгасан байгааг тодотгосон бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ нар гадаадад байгаа иргэдийн эх орондоо эргэж ирэх асуудлуудыг нарийвчлан зохицуулсан тул бусад гишүүдээс  өргөн барьсан төслүүддээ нэгтгэн хэлэлцэхийг дэмжиж байгаагаа тус тус илэрхийлсэн.

    Ингээд Байнгын хорооны саналаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх шаардлагагүй” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжээгүй тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 



УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 

анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

   Дараа нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн.

    Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн нар тус тус танилцуулав. 

    Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт нь зогсож, цалин, орлого таслалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа. 

    Нөхцөл байдлыг харгалзан барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болоод байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

    Төслөөр барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

    Төсөл батлагдсанаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин, орлого нь тасалдсан болон бүрэн тасалдсан иргэн, хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. 

    Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.


    Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сэргэлэн, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хуралд ирүүлж байгаа ард иргэдийн санал, гомдлын талаар Улсын Их Хурлын дарга үг хэлж болно гэж заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оюу толгойн асуудлаар өлсгөлөн зарлаад байгаа Улсын Их Хурлын гишүүн Ж. Ганбаатарт хандан үг хэллээ. 

    Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүн ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангарагласныг онцлов. Ард түмэн элч төлөөлөгчийн бүрэн эрхийг олгосон байхад Улсын Их Хурлын танхимдаа асуудлаа шийдэх ёстой тул С.Ганбаатар гишүүнийг хуралдаандаа ирж оролцохыг мэдэгдээд, цар тахлын эгзэгтэй үед иргэдэд буруу ташаа ойлголт өгөх, улстөржүүлж, цаашлаад өлсгөлөн зарлаж өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болохгүйг анхаарууллаа. 

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, үеийн парламент, Засгийн газар дотроос Оюу толгойн асуудлаар өмнөх УИХ, Засгийн газар шиг нухацтай ажиллаж, шаардлага тавьсан нь байгаагүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруй  2017 онд  Оюу толгойн асуудлаар ажлын хэсгийг байгуулж, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан надаар ахлуулсан. Бид 2013-2017 оны татварын шалгалтын дүнгээрээ акт тавьж чадаагүй байсныг 2018 оны нэгдүгээр сард актыг нь тавиулж, яриа хэлэлцээрийг эхлүүлж, Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ, хэлэлцээрийг өөрчлөх шаардлагуудыг тавьсан. Үүнийг гэрээ, хэлэлцээрийн зарчмаар шийддэг бөгөөд Монгол Улсын эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ч Оюу толгойн гэрээний асуудлаар ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.   

Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолд  “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тусган, баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахыг шахаж шаардах, хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах гээд бүх эрх нь нээлттэй байгааг тодотгоод энэ асуудлаарх асуулгын хариуг тав дахь өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг мэдэгдлээ. Мөн С.Ганбаатар гишүүнд Оюу толгойн ордтой холбоотой тодорхой асуудал байгаа бол гишүүддээ танилцуулж, танхимаараа ярилцах шаардлагатайг анхааруулаад энэ асуудалд дэмжиж ажилахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Эцэст нь тэрбээр Оюу толгойн асуудлаар иргэдээс дэмжсэн, дэмжээгүй санал, гомдлууд ирж байгаа учир энэ асуудалд Улсын Их Хурлын гишүүдийг нэгдэн ажиллахыг уриаллаа. 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцүүлэхээр болсон тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж,  хуралдааныг 14 цагаас үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл