Хууль зүйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

  2018-01-31 14:06  826

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.31) хуралдаан 10 цаг 47 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус байнгын хорооны 2017 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа илтгэлийн талаар хэлэлцсэн бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж энэ талаар танилцуулсан юм. Өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх илтгэлтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын удирдлагуудаас Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, О.Баасанхүү, Л.Болд нар асуулт асууж 16 дахь илтгэлд дурдагдсан зарим зүйлийг тодруулав.


Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын хэсгийг байгуулсан талаар Ш.Раднаасэд дарга танилцууллаа. Ажлын хэсэг олон газар ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцсан бөгөөд Байнгын хорооны тогтоолын төсөлд Ажлын хэсгээс гаргасан саналуудыг тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан манай оронд ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа талаар болон үүнээс сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар лавласны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Бямбадорж хариулт өглөө. Тэрбээр ажлын байран дахь дарамт олон янз байгаа талаар судалгаанаас үзэж болно гэдгийг хэлээд “Ажлын байран дахь бэлгийн дарамт гэдгийн цаад үр дагавар нь монголчууд эмэгтэйчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүдэд хандах суурь хандлага сөрөг болж байгааг анхаарах ёстой. Ажлын байр зарлахдаа нас, хүйс, нуруу, төрхийг тодорхойлон шалгуур болгож байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэл үүсэх шалтгаан болдог” гэдгийг онцоллоо. Энэ төрлийн гэмт хэргийг шалгах, тогтоох нэн төвөгтэй байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг талаар тус комиссын гишүүн П.Оюунчимэг тайлбарласан юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй Байнгын хорооны тогтоолын төсөлд “… Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтны үндсэн эрх, зарим нэр томьёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх…” хэмээн тусгагдсан байгаа учир хүний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаагаа Б.Бямбадорж дарга хэллээ. Мөн тэрбээр 16 дахь илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улс дахь эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаарх тайлан байгааг хэлээд Монгол Улсын Засгийн газар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколоор олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм болон эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй байгуулах ёстой. Үүн дээр Улсын Их Хурал анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг хэллээ.


Гишүүд ийнхүү асуулт асууж, тодруулга хийсний дараа тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэллээ. “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны энэхүү тогтоол нь хүний эрхийг хангах чиглэлээр асуудлуудыг шийдвэрлэхэд нийгмийн, бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэхүйц хэмжээний ач холбогдолтой гэдгийг гишүүд тэмдэглэв. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаатай холбоотой тодорхой саналуудыг хэллээ. Ийнхүү хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах харга хэмжээнүүд болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл өгсөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолыг батлахыг дэмжлээ.


Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дууссан. Иймд иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгалмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагаар 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг Улсын Их Хурал баталсан байна. Банкны хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаа, олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн Хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгохоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны талаар болон хэлэлцэж буй төслийн хүрээнд үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт орох талаар тодруулав. Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос тогтоосон хувь хэмжээний дагуу банкууд эхлэлтийн хураамж, онцгой хураамж, улирлын хураамж гэж гурван төрлийн хураамж төлдөг. Эхлэлтийн хураамжийг анх банк байгуулагдах үедээ нэг удаа төлдөг бол онцгой хураамж төвлөрүүлсэн тохиолдол одоогоор гараагүй. Банкууд улирал бүр өөрт төвлөрсөн хадгаламжийн мөнгөн дүнд үндэслэн улирлын хураамж төлж буй. Энэ эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 337 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь сангийн хөрөнгийн эх үүсвэр гэдгийг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ хэллээ. Хөрөнгийн зохицуулалтыг холбогдох хуулиар хийдэг гэдгийг тэрбээр тайлбарлаад “Хадгаламжийн даатгалын корпораци нь банкууд руу хандсан үйл ажиллагаа явуулахгүй. Зөвхөн хураамж цуглуулахтай холбоотой мэдээллийг шалгах үүднээс банкуудад шалгалт хийх эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан” гэв. Зах зээлд чөлөөт өрсөлдөөн явуулах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй тул арилжааны банкуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тоог нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаагаа Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн. Ийнхүү төслүүдийн талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг томиллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлцээс мэдээлэв. 


  2018-01-31 14:06  826