Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо байгуулав

  2020-05-13 13:52  356

Тогтооолын төслүүдийн хэлэлцүүлгийг дэмжлээ


Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Улаанбаатар хотод 1988 оны 6 дугаар сард Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам албан ёсоор нээгдсэн бөгөөд одоогоор тус улсын Элчин сайдын яам байрлаж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн тодорхой хэмжээний газрыг Улсын Их Хурлын 2015 оны 90 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг аж. Харин тус Элчин сайдын яамнаас уг тусгай хэрэгцээний газрын талбайн хэмжээг багасгах санал гаргаж, улсын тусгай хэрэгцээнээс гаргах буюу багасгасан хэмжээнээс илүү гарах газрыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдэлд буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах номын сангийн барилга, байгууламж барихаар шилжүүлэх хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан гаргасан байна.


Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх асуудлыг Газрын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасны дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргахтай холбогдсон бэлтгэл ажлыг хангуулсны үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 92.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.


Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.


Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд тогтоолын төсөлд тусгагдсан хотын нэршлийн талаар санал гаргаж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, М.Энхболд нар “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан ч олонхын дэмжлэг аваагүй аж. Иймээс хотын нэршлийн асуудлаар орон нутгийн иргэд, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын саналыг авч судалж нягталсны үндсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад нэг мөр шийдэхээр тогтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг эрчимжүүлж, Дархан, Эрдэнэт хотын болон аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгохоор тогтсон байна.  

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжив. Харин хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар төсөлд тусгагдсан ”Аэросити” хотын оноосон нэрийн талаар гаргасан саналуудаа татан авч буйгаа мэдэгдсэн. Иймээс шинээр байгуулах хотын оноосон нэрийн талаар орон нутгийн иргэд, нутгийн удирдлагын байгууллага, эрдэмтэн судлаачдын санал, байр суурийг харгалзан дахин сайтар судалж нягталсны үндсэн дээр эцсийн хэлэлцүүлгийн үеэр нэг мөр шийдэх чиглэлийг хуралдаан даргалагчаас Байнгын хороонд чиглэл болгож, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо байгууллаа

Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Уг хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар хуульд заасан.

Энэ үндсэн дээр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм. 


Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, түр хорооны гишүүдэд: Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ауйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн төлөөлөл О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ШИНЭ намын зөвлөлийн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Түр хороо нь уг хуулийн хэрэгжилтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх, бусад Байнгын хороогоор энэ хуулийн хэрэгжилтийг хэлэлцүүлэх санал гаргах зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж шийдвэрлэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат ахалж ажиллажээ.


Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Мөн хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагын үүднээс зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш саналаар шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжив. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 саналаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа.     

Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журам батлагдав

Дараа нь “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед Байнгын хорооны ажлын хэсгийн саналаар хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус үндэслэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахаар уг тогтоолын төслийг санаачилжээ.


Засгийн газрын гишүүн томилогдсоноосоо хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөх; тангараг өргөх өдөр, цагийг Ерөнхий сайдын санал болгосныг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтоох; тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн ёслолын алба хангаж зохион байгуулах зэрэг зохицуулалтыг уг тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж танилцуулсны дараа Засгийн газрын гишүүн тангарагийг уншиж Төринй сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбааны өмнө баруун өвдөг мэхийн сууж адис аван чуулганы танхимын голд байрлуулсан ширээнд сууж, тангарагийн бичигт гарын үсэг зурна. Засгийн газрын гишүүн тангарагийн бичигт гарын үсэг зурж тангарагийг Монгол Улсын Их Хурлын даргад өргөн барьсны дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулна гэж уг журамд заасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлт, журмын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.8 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Засгийн газрын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал шийдвэрлэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Түүнчлэн анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг санал хурааж дэмжсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж тодруулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж шийдвэрлэв. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигтэй болов

Үргэлжлүүлэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төсөл болон хавсралтын зарим заалтыг гүйцээн боловсруулж холбогдох саналын томьёоллууд бэлтгэснийг санал хурааж шийдвэрлэжээ.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Д,Лүндээжанцан, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд нийгэм, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа манлайлсан “Азийн тэргүүлэгч улсын” нэг болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн үүнтэй уялдуулан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Эрхэм зорилгод гишүүдийн саналыг тусгаж өөрчлөн найруулах, хавсралтын зохих хэсгийн “дундаж давхарга” гэснийг “бага, дунд орлоготой” гэж өөрчлөхийг дэмжлээ.

Ингээд “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Тус Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулжээ.


Уг хуулийн төсөлд Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар тусгажээ. Тус байгууллага нь хуулиар төрийн хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх юм байна.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хороонос гаргасан зарчмын зөрүүтэй 19 саналаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2020-05-13 13:19  356