Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.05.01/ ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн Монгол Улс дахь салбарын суурин төлөөлөгч ноён Нийлс Хегевишийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Нийлс Хегевиш Монгол Улсын Их Хурлын даргын чухал, хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэхийн сацуу тус Сангийн дарга Күрт Бекээсийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, парламентын удирдлага нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой өндөр ач холбогдолтой, хариуцлагатай албан тушаал болохыг тодотгож, ардчиллын чанар парламентын үйл ажиллагаа ба ард түмний төлөөлөгчдөөс голлон хамаардаг болохыг онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлж, хөдөлмөрийн эв санааны нэгдлийн өдөр уулзаж буйд баяртай байна гээд Фридрих-Эбертийн Сангийн дарга Күрт Бекээст хариу мэндчилгээ уламжлахыг хүсэв. Тэрбээр, Монгол Улс олон улсын түвшинд эрх чөлөө, шудрага ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө улам эрч хүчтэй хамтран ажиллах болно. Эдгээр зарчмууд дээр үндэслэн Монголын парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр зорьж байна гээд үүнд Фридрих-Эбертийн Сан хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монголын парламентын ёс зүйн дүрэмд шинэчлэл хийж буйг дуулган, Монгол Улсын Их Хурал дахь Парламентын дэг журам, ёс зүйн хороог шинээр байгуулахыг зорьж байна гэв. Ингэснээр Монгол Улсын бүхий л төрийн албанд дэг журам, ёс зүйг чанд мөрдүүлэхэд хяналт тавьж ажилладаг бүтэц бий болно гэлээ. 

Ноён Нийлс Хегевиш бүхий л талаараа дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа дуулган, монголын парламентаризм бол монголын ардчиллын ноён нуруу болохыг тодотгож, ирэх онд ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг Монгол Улсад ажлын айлчлал хийлгүүлэхээр ажиллаж буйг дуулгав. Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сан нь /ФЭС/ дэлхийн 120 гаруй оронд өөрийн төлөөлөгчийн газартай, дэлхийн, бүс нутгийн болон үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. ФЭС нь 1990-ээд оноос Монгол Улсад ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явцаас эхлээд эрх зүйт төрийг бэхжүүлэх, нийгмийг ардчилахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл