ТОЙМ МЭДЭЭ: Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалтууд хийв

  2019-04-05 13:48  339

        Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдсоноосоо хойш /2019.02.01/ гадаас улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон Олон улсын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх, хууль тогтоох байгууллагуудын нэгэнт тогтсон харилцааг гүнзгийрүүлэх, түүний дотор парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомж болон шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлагыг сайжруулах, парламентын үйл ажиллагааг шинэчлэн олон улсын жишигт хүргэх зэрэг шинэчлэлийн зорилтуудаасаа танилцуулсан юм.

УИХ-ын даргын хийсэн хоёр талын уулзалтуудын талаарх мэдээг багцлан хүргэж байна.  

        Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинтай хийсэн уулзалтын үеэр Казахстан Улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын хөгжил дэвшил, түүний дотор уул уурхайн салбарт олсон ололт, баялгийн хуримтлал, хуваарилалт, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг зөв, үр дүнтэй ашиглаж байгаа туршлага бидэнд ихээхэн үнэ цэнэтэйг тодотгож байлаа. 2019.02.01

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкмантай “2017-2021 оны хооронд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн талаар санал солилцов. 2019.02.21

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Азийн сан, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Тус сан нь 18 оронд салбартай бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, авлигыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2019.02.22

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.  

        Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын улс төрийн харилцаа жил ирэх тусам өргөжин тэлсээр байгааг тэмдэглэж, цаашид хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагууд болон эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв. 2019.03.05

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэрээ хоёр тал Монгол-Францын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгааг дэмжиж буйгаа онцлон тэмдэглэв. 2019.03.05


Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингхийг Монгол Улсад суухаар томилогдон ирсэнд нь УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргээд, хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг улам бүр хөгжүүлэхийн сацуу шинэ төрлийн хамтын ажиллагааны эхлэлийг тавихад хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 2019.03.05  

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Ахмет Язал Турк, Монгол Улс хоорондох худалдааны эргэлт нэмэгдсэнийг тэмдэглээд, хоёр талын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа, хэлцээ эхэлсэн төдийгүй дараагийн уулзалт удахгүй зохион байгуулагдана гэдгийг дурдаж байв. 2019.03.06


Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзав. УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй болон байгалийн нөөцийн чиглэлээрх үндэсний хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.  2019.03.07


Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй Монголын парламентчид Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. 2019.03.11-15


Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд Жон Жэ Намтай уулзах үеэрээ Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар баталсан хуулиудын талаар мэдээлж, нийгэмд шударга ёсыг тогтоох зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ард түмний төр засагт, шүүх хуулийн байгууллагад итгэх итгэлийг сэргээхэд чиглэсэн алхам юм гэлээ. 2019.03.28

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        Оросын Холбооны Улсын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад ноён Элчин сайд И.К.Азизовын зүтгэл чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. 2019.03.29

 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Филип Малоун Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үеэр баталсан хуулиудын талаар сонирхож, асуусан асуултад хариулт өглөө. 2019.03.29

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческид Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Уулзалтын үеэр Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх, шударга ёс, сахилга хариуцлагыг тогтоох, төрийн албанд шинэтгэл хийх зэрэг асуудлаар авч буй ажил арга хэмжээ, цаашдын зорилтын талаар ярилцав. 2019.04.01

 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        Канадын Элчин сайд, ноён Дэвид Уиллиам Спрултэй уулзах үеэрээ Монгол Улсад ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэгт талархдагаа илэрхийлэв. Элчин сайд Оюутолгой компанид шалгалт хийсэн асуудлыг хөндсөн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. УИХ-ын чуулганаар хараахан хэлэлцээгүй байна” гэв. 2019.04.01


Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр “БНАСАУ, Монгол Улсын хооронд тогтсон найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувиршгүй, тууштай бодлого юм. Манай улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэхүү харилцаанд ач холбогдол өгч, онцгой анхаарлаа хандуулдаг” гэсэн юм. 2019.04.02

 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

        Дэлхийн банкны группийн БНХАУ, Монгол Улс, БНСУ-ыг хариуцсан захирал Мартин Райзир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён Мартин Райзир Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа тогтворжуулах чиглэлээрх хүчин чармайлтад Улсын Их Хурлын дэмжлэг чухал байсныг тэмдэглээд, бэрхшээлийг даван туулсан нь гүйцэтгэх ба хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын үйл ажиллагааны үр дүн юм гэлээ. 2019.04.04

 

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.04.05



  2019-04-05 13:28  339