ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.12.09-13)

  2019-12-14 18:35  769

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.12.09-13)


УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн (парламентын) дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршалаар дахин сонгогдсонд нь хатагтай Малгажота Гошевскад баяр хүргээд, “Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж буйд баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ой ирэх онд тохионо. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжин гүнзгийрэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын парламент хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаанд онцгой ач холбогдол өгдөг.


Та айлчлалынхаа үеэр Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Та бол 1990-ээд онд социалист тогтолцоог хамран өрнөсөн ардчилсан хөдөлгөөний эхлэл болсон Польшийн “Солидарность” хөдөлгөөний идэвхтэй зүтгэлтний нэг гэдгийг бид мэднэ. Монголын ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдаж, өрнөн хөгжихөд “Солидарность”-ийн жишиг загвар, туршлага сургамж үнэ цэнэтэй байсан нь дамжиггүй” гэлээ.


Хатагтай Малгажота Гошевска УИХ-ын даргад талархал илэрхийлээд, парламент хоорондын хамтын ажиллагааг Байнгын хороод, гишүүд хооронд өргөжүүлэх нь чухал юм. Энэ нь бүхий л салбарын харилцааг идэвхжүүлэх үндсэн суурь болно. Өмнө нь хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Тэнд тусгагдсан арга хэмжээг бодит ажил хэрэг болгох талаар хоёр тал анхаарах хэрэгтэй гэж бодож байна гэдгээ онцлов.

Мөн тэрбээр “Худалдааны эргэлт хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ч сүүлийн үед нэмэгдэж байна. Жишээлбэл, 2018 онд 60 сая евро-гоор хэмжигдэж байсан бол 2019 оны эхний 6 сарын байдлаар 20 хувь өссөн байна. Бизнесийнхний хоорондох хэлхээ холбоог өргөжүүлэх нь чухал юм. Ирэх жил бид хоёр талын Бизнес форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хоёр орны томоохон компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрэх гол нөхцөл юм. Тухайлбал, манайд дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр бий. Монголд зэсийн үйлдвэр хамтран байгуулах төсөлд оролцох боломжтой” гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээх асуудлыг хөндсөн бөгөөд хатагтай Малгажота Гошевска Элчин сайдын яамаа нээх нь бидний хувьд ч чухал учраас Сеймийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно. Эхний алхмуудаа хийсэн. Нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ. 2019.12.10. http://www.parliament.mn/n/emko


Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулав.


Хоригийн талаарх танилцуулгатай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  2018 онд төсвийн алдагдлыг 2,2 их наяд төгрөгөөр төлөвлөж батлаад гүйцэтгэлээрээ 27.9 тэрбум төгрөгийн ашигтай төсөв гарсныг хэлсэн үгэндээ тодотгоод тоон дээр тоглож болохгүйг анхааруулаад цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь гэдэг нь 2023 оноос хэрэгжиж эхлэх тоо, хуулийн заалтыг ингэж буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Ингээд  санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэв. Түүнчлэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. 

Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг салгаж тус тусад нь санал хураалт явуулав.

Дараа нь Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.


“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байгаа юм. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэжээ. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц гарсан байна. Иймээс төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхин банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сам ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор хоёр тал харилцан тохироод байгаа аж.  Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  жилийн 1.25 хувьтай  байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. 

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 2019.12.10. http://www.parliament.mn/n/exko


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын зарим засвар оруулсан. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ.


Үргэлжлүүлэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үед Зөрчлийн тухай хууль батлагдаж гараагүй байсан учраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо санаачилж хэлэлцүүлэх боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.


Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

УИХ-ын стратеги төлөвлөгөөг анх 2002 онд баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус; стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; түүнчлэн биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

УИХ-ын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ.  

Стратеги төлөвлөгөөний төсөлд "Монгол Улсын Их Хурлын Алсын хараа “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ”. Харин Монгол Улсын Их Хурлын Эрхэм зорилгыг “Улсын Их Хурал нь хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн хариуцлагатай парламент байна” хэмээн томьёолжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын үнэт зүйлсийг:

·       Нээлттэй, ил тод байх.

·       Тэгш байдлыг хангах.

·        Хариуцлагатай байх.

·       Ёс зүйтэй байх.

·       Үр нөлөөтэй байх.

·       Чадавхтай байх.

·       Иргэдийн оролцоог хангах.

·       Хамтын шийдвэрээ хүндэтгэх хэмээн томъёолжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 2019.12.10. http://www.parliament.mn/n/euko


Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж, энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мэдээлэл хийлээ.

Танилцуулгад дурдсанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмч давамгайлсан хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн нийт 12,000,000,000 2,511,819 хувьцааны 9,780,711,099 933 1 хувьцааг төр, 2,212,223,863 933 2,511,332 хувьцааг Монгол Улсын иргэд, 7,065,038 933 486 хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг байна. Тус компани 2010 онд байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ 1,986.9 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 478.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, татварын дараах цэвэр ашиг 807.8 тэрбум төгрөгт хүрчээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гаргасан нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломжтой гэсэн тооцоо гарсан учир Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн 2018 оны үйл ажиллагааны санхүүгийн үр дүнг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Гэвч уг тогтоол гарсны дараа Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар судалж, холбогдох арга хэмжээ авах чиглэлийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн байна.


Иймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин авч хэлэлцээд өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгох тухай 20 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд энэ тухай үндэслэлээ тайлагнасан гэдгийг танилцуулгад дурдав.

Байнгын хорооны гишүүд тус компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгийн тухай болон иргэдэд ногдол ашиг хуваарилахтай холбогдуулж хийж байгаа ажил, ногдол ашгийн хэмжээг хэрхэн тооцоолдог талаар тодруулж, гишүүдийн асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хариулт өгсөн юм. Тухайлбал “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, компани ашигтай ажилласан бол заавал ногдол ашиг хуваарилах үүрэгтэй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Компанийн тухай хуулийн үндсэн зарчмаар ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага шийдвэрлэнэ. Ногдол ашиг хуваарилах тохиолдолд бүх хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш, ялгаваргүй хандаж нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашгийг хурдан, шуурхай хуваарилах, эс хуваарилах тохиолдолд яагаад ногдол ашиг хуваарилахгүй шалтгаанаа хувьцаа эзэмшигчдийн хуралдаа танилцуулдаг гэсэн хариулт өгөв.

Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналыг тусган хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өгөхөөр тогтов. 2019.12.10.  http://www.parliament.mn/n/ezko


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, уг хуультай хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаа боловч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын Хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүй байна. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульч зэрэг тухайн салбарын нийт мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, онцлог бүхий, манай Хуульчдын холбооных шиг тогтолцоо хэдийгээр түгээмэл биш боловч шүүмжлэн буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүсэж буй хуульчид тодорхой болзол шалгуур тогтоох, шалгалт авах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон иргэдэд үйлчлэх нөхцөл, журмыг нь боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ шаардлага бий. Гэхдээ энэ бүхнийг Монголын хуульчдын холбооноос тусдаа боловч чиг үүрэг нь давхардмал, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх бас нэг холбоо байгуулж, түүгээр гүйцэтгүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь ойлгомжгүй байна. Шаардлагатай гэж үзвэл Өмгөөллийн тухай хуульд заасан Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагын чиг үүргийг Монголын хуульчдын холбооны бүтцэд одоо ч ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороонд хариуцуулах замаар хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэхгүйгээр, мөн түүнчлэн шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийнхаа суурь бүтцийг эвдэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн уялдуулж, хэрэгжиж байгаа болон шинэ зохицуулалтуудын давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг авч, зохих засвар, өөрчлөлтийг хийх боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж. Энэ үндсэн дээр Монголын хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ. 


Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Өмгөөллийн тухай хуулийн дээрх хэсгүүдэд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Ерөхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. 

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж санал хураалт явуулж шийдвэрлэв.


УИХ төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай байна. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон тул Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Түүнчлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуультай хамт баталсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 31 дүгээр зүйлийн 31.6-д “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ” хэмээн заасан байдаг. Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, мөн хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг гишүүдийн олонхи нь  дэмжсэнгүй. Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Харин Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулсан юм.

Энэ удаагийн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой хэдий ч сүүлийн үед иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтуудыг оновчтой, тодорхой болгох, түүнчлэн биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, илт худал мэдээллийг тараах зэрэг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалт оруулахад чиглэжээ. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь шийтгэдэг байх өөрчлөлтийг тусгажээ. 

Ажлын хэсэг төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 88 саналын томъёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар 11 саналыг бэлтгэжээ. 2019.12.11. http://www.parliament.mn/n/kdko


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна.

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд  үргэлжлэх Ерөнхий ассамблейд 12 орны нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганыг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы ерөнхийлөгч Вон Ю Чол үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, шар шороо зэрэг байгаль орчны асуудал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй нэн даруй шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгааг онцлохын зэрэгцээ уг асуудалтай тэмцэхэд дэлхий нийт, тэр дундаа хууль тогтоох байгууллага харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэв.


Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгч О.Баасанхүү “Монгол Улсын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, улс орнуудын зүгээс хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудлыг шийдээгүй цагт байгаль экологийн асуудал, орчны бохирдлыг шийдвэрлэж чадахгүйг онцоллоо. 

Мөн энэ үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ, БНСУ-ын парламентын төлөөлөгчидтэй уулзаж,  Монгол Улсын говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэлтэй тоосонцор, шар шороон шуурганы давтамж, үүсэл, хувирал өөрчлөлтөд ажиглалт хийх, шийдлийг олоход судалгааны хамтарсан баг бүрдүүлж, экспедиц зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.  2019.12.11. http://www.parliament.mn/n/jzko


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн  “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

 “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү жилийн 1.25 хувь байна юм гэдгийг Сангийн сайд танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Үргэлжлүүлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулсан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.     


Дараа нь Засгийн газраас  2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээвийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулав. 

Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш нэг удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалт шинээр тусгажээ. Мөн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотойг зохицуулалт, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа, холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжрахаас гадна хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайхан нь тус газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг нэрийг дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. 

Нэр дэвшигч Т.Цэрэнбадрал нь 2000 онд  МУИС-ийн Олон улсын  харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, 2010 онд Либерти дээд сургуульд төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний Их сургуульд бизнесийн удирдлагын магистр  хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ. 

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг нэр дэвшүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. 2019.12.12. http://www.parliament.mn/n/jxko


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллажээ.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгээс гарааны болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих, тэдгээрийг бүртгэх, тэдгээрт үзүүлэх татварын дэмжлэгийг зохион байгуулах журмыг Засгийн газар батлах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдав. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. 2019.12.12.  http://www.parliament.mn/n/juko


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж дэмжлээ. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдээд байгаа аж. Одоогийн байдлаар хэлэлцээрт оролцогч улс орнууд нийт 4 удаагийн тарифын хэлэлцээгээр 10 мянга гаруй бараа, бүтээгдэхүүний татварыг харилцан бууруулах үүргийг хүлээсэн байна.

Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж ирсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгажээ. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа, бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалт гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Иймээс уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.


Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байгаа. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэжээ. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцрыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  жилийн 1.25 хувь  байх аж.

Мөн энэ асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.


Төслийн эхний шат буюу 2013-2015 онуудад гэр хорооллын 40 813 айлд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглах санхүүгийн дэмжлэг үзүүлснээр энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцрыг 20 орчим хувиар бууруулсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр импортын зуухыг орлох боломжтой болж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн хариултыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өгөв. Төслийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны зорилтот бүлгийн 5000 айл өрхийг шөнийн хөнгөлөлттэй тарифын үед дулааны хуримтлал үүсгэж халаалтын асуудлаа бүрэн шийдэх цахилгаан халаагуураар хангах, мөн төвийн дэд бүтцээс алслагдсан хэсгийн 200 айл өрхийн цэвэр, бохир ус, дулаанаар бүрэн хангах бие даасан дэд бүтцийн төвтэй болгох замаар дулааны асуудлыг нь бүрэн шийдэхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа аж. Ийм дэд бүтцийн анхны төвийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд энэ жил байгуулж, 300 шахам айлыг цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр бүхий дэд бүтцээр хангасан байна.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг харгалзан үзэж, төслийн нэмэлт санхүүжилтийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой шийдэж зорилтот газарт төвлөрүүлэх, төслийн нэгжийн зардлыг эргэж харах гэсэн тодорхой нөхцөлтэйгээр төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буйгаа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан эцэст нь хэллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. 2019.12.12. http://www.parliament.mn/n/j5ko


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулав.

УИХ-ын гишүүн,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Манай улсад ХДХВ, ДОХ-ын нийт 281 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс 13 нь энэ онд бүртгэгдсэн. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 42-45 хувь нь тэмбүү өвчин байгаа нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг устгахад эрүүл мэндийн салбараас гадна хувь хүний эрүүл мэндийн боловсрол, ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Энэхүү хэлэлцүүлгээс халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмрээ оруулах үнэтэй санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Дараа нь Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий илтгэл танилцуулж, хүн амыг тэмбүү өвчний үзлэг шинжилгээнд хамруулж, шинэ тохиолдлуудыг илрүүлж буй болон төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрж байгаа талаар онцлов. Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд “Ажлын байранд ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашид тавих зорилт” сэдэвт илтгэлдээ бэлгийн замаар дамжих халдварыг хүн амын дунд даамжруулахгүй байхын тулд эрүүл мэндийн салбараас гадна салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.  

Мөн “ЗЭМТ” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “ХДХВ-ийн өндөр эрсдэлт олон нийтийг ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаа явуулах, шинжилгээний шинэлэг арга барил, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн арга хэмжээг нэвтрүүлэх, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг дээшлүүлэх талаар санал хэлэв.


Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах, таслан зогсоохын тулд хэрхэн ажиллах талаар санал бодлоо илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа мөн илэрхийлсэн юм.

Төгсгөлд нь хэлэлцүүлгийг даргалагч,  УИХ-ын гишүүн,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх, хүн амаа хамгаалах үүднээс төр засгийн зүгээс онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах талаар Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөж байгаа тул тогтоолын төсөлд бичгээр санал ирүүлэхийг оролцогчдоос хүсэв. 2019.12.12. http://www.parliament.mn/n/j9ko


УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү хуулийн зорилт нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад  нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын зарим засварыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим асуудлын талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэсэн талаар танилцуулгадаа дурдав.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн 86.4-88.4 хувийн саналаар батлав.

Дараа нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний дотор УИХ-өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Учир нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлэх үед Зөрчлийн тухай хууль батлагдаж гараагүй байсан учраас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэгийн хуулийн дагуу Байнгын хороо санаачилж хэлэлцүүлэх боломжгүй гэж ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд зохицуулжээ.

Тоогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь нь дэмжиж, гишүүдийн 69.3 хувийн саналаар тогтоолын төслийг бүхэлд нь баталлаа.


Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухайн зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьжээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байна. Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгч хориг тавьсан.

Түүнчлэн Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай. Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж буйг танилцуулгад дурджээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хороод Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан, мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн байна.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан 2020 оноос эхэлж, 2021, 2022 онд дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828, 930.3 сая төгрөгийн санхүүжилтээс уг төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих нийт дүнг хасуулахаар хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үзэв. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлэхээр тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүлээн авахаар тогтов. Гэвч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлж зарцуулагдахаар тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.


Үргэлжлүүлэн  Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. 

Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүсэж буй хуульчид тодорхой болзол шалгуур тогтоох, шалгалт авах, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон иргэдэд үйлчлэх нөхцөл, журмыг нь боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ шаардлага бий. Гэхдээ энэ бүхнийг Монголын хуульчдын холбооноос тусдаа боловч чиг үүрэг нь давхардмал, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх бас нэг холбоо байгуулж, түүгээр гүйцэтгүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байгаа нь нэн ойлгомжгүй байна. Нэн шаардлагатай гэж үзвэл Өмгөөллийн тухай хуульд заасан Өмгөөлөгчдийн холбоо гэдэг байгууллагын чиг үүргийг Монголын хуульчдын холбооны бүтцэд одоо ч ажиллаж байгаа Өмгөөлөгчдийн хороонд хариуцуулах замаар хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэхгүйгээр, мөн түүнчлэн шинээр баталсан Өмгөөллийн тухай хуулийнхаа суурь бүтцийг эвдэхгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд Өмгөөллийн тухай хуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн уялдуулж, хэрэгжиж байгаа болон шинэ зохицуулалтуудын давхардал, хийдлийг арилгах арга хэмжээг авч, зохих засвар, өөрчлөлтийг хийх боломжтой.

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүхээс Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Өмгөөлөгчдийн холбооны Их хурлыг зохион байгуулах, Монголын өмгөөлөгчдийн холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх” зэрэг зохицуулалтыг тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна.


Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй аль нэг саналтай огт холбогдолгүй бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн байна гэж Ерөнхийлөгч үзжээ. 

Иймээс Монголын хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн дээрх хэсгүүдэд хэсэгчлэн тавьсан, мөн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. 2019.12.12. http://www.parliament.mn/n/kmko


УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хууль тогтоомжийн тухай хуульд “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ” гэж заасны дагуу “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг болон Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын номын сангийн холбоо, хэвлэлийн газар, зохиолч, судлаач, эрдэмтэд, оюутан залуусын төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулж буй уг хуулийн төсөлд Монгол Улсад албан ёсны Үндэсний номын баярын өдөртэй болох зохицуулалтыг оруулжээ. Ингэснээр нийтээр амрах өдрийн тоонд өөрчлөлт орохгүйгээр жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар төсөлд тусгасан байна.


Хэлэлцүүлэгт Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, Хэл шинжлэлийн ухааны доктор О.Чинбаяр “ОХУ-ын номын бодлого”, зохиолч, сэтгүүлч Н.Энхсайхан “Номын баяр олон улсад”, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн “Хил хязгааргүй номын сан”, “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан “Төр үндэсний уран зохиолоо хэрхэн дэмждэг вэ?” сэдвээр илтгэл тавилаа.  Хэлэлцүүлэгт оролцогчид утга зохиол, хэл, соёлын салбарын хөгжилд нэгдсэн бодлого дутагдаж байгаа, хэдийгээр энэ удаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндэсний номын баярын өдөртэй болох асуудлыг хөндөж байгаа ч үүний цаана хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, үндэсний уламжлал, танин мэдэхүй, зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах, хэвлүүлэх, дотооддоо үндэсний уран зохиолын хөгжлийг дэмжих, уншигчдыг багаас нь бэлтгэх, номын зах зээлийг хөгжүүлэх, татварын орчин зэрэг олон асуудлыг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгааг хөндөж ярилцав. 2019.12.12.  http://www.parliament.mn/n/kxko


Хууль зүйн байнгын хороо хуралдаж,  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав. 

Эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 23 саналын томьёлол бүрээр санал хурааж шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм. Ингээд чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэлсэн тул хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг маргааш үргэлжлүүлэхээр тогтов. 2019.12.12.  санhttp://www.parliament.mn/n/kzko


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хүлээн авах боломжгүй хэмээн гишүүдийн олонхи нь үзлээ. Энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Дараа нь Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.  Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. 


Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хийсэн юм. 

Улсын Их Хурал анх 2002 онд Стратеги төлөвлөгөөгөө баталж, 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. УИХ-ын Стратеги төлөвлөгөөнд тусгасан стратегийн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг УИХ-ын Тамгын газар зөвхөн тухайн жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлж иржээ.

УИХ-ын шинэ Стратеги төлөвлөгөө нь агуулгын хувьд алсын хараа, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад баримтлах үнэт зүйлс, стратегийн зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн тодорхойлолт, хэрэгжилтийн эрсдэлийн үнэлгээ зэрэг бүтэцтэй юм. УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний төсөлд 6 зорилго, 11 зорилт, 67 арга хэмжээ тусгагджээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь “Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав. 

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зах зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/ болгож өөрчилжээ. Тус хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдээд байгаа аж.

Манай улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлсэн бөгөөд Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээрт нэгдэн орох хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасны дагуу АНДХХ-ийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ.

Манай Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64,7, экспортын 90, импортын 30 хувийг АНДХХ-ийн гишүүн орнууд эзэлдэг аж. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зах зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа, бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Түүнчлэн, Монгол Улс БНХАУ, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа энэ үед эхний ээлжинд хөнгөлөлттэй тарифыг хэрэглэж, үр дүнд суурилсан шийдвэр гаргахад таатай боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй гэж үзсэн тул Байнгын хорооны саналаар хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжиж, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдав. 

Үргэлжлүүлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Дамба-Очир, Б.Дэлгэрсайхан нараас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хийж, хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэж үзжээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар хуулийн төслийг батлав. 


Хуралдааны төгсгөлд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. 

Монгол Улсын нэгдэн орсон далай ашиглахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийн дагуу Олон улсын далайн байгууллагаас Монгол Улс далбааны эзэн улсын эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад аудитын шалгалт хийхэд олон улсын гэрээ, конвенцид заасан шаардпага, хяналтын дүрэм, журмыг биелүүлээгүй гэж үзсэн учраас далайн тээврийн салбар хөгжиж буй Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх шаардлага үүсчээ. Иймээс олон улсын дүрмийн тухай конвенциудад заасан шаардлагыг хангуулах, үзлэг, оношлогоонд хамруулах, гэрчилгээ олгох, далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, даатгал, далайн боомт ашиглалттай холбоотойгоос гадна хөлөг онгоц далайг бохирдуулсан, хөлөг онгоцны бүртгэл, техникийн хяналтын үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн, далайчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон олон улсын гэрээ, конвенцийн шаардлагыг биелүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагатай холбогдсон зохицуулалтыг хуульд шинээр тусгах, холбогдох бусад хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 2019.12.12. http://www.parliament.mn/n/k5ko


Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө үргэлжлүүлэн хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ. 

Эдгээр  хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 88 саналын томъёолол, найруулгын шинжтэй багцалсан 7 санал, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаарх 11 санал бэлтгэжээ. Хуралдаанаар эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж шийдвэрлэв. 


Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 23, найруулын 3 саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Дараа нь “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Эцэст нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулав. 2019.12.13. http://www.parliament.mn/n/k9ko


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж, эхний хэлэлцүүлгийг “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.  

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Ирэх онд Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь сонгууль зохион байгуулдаг байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог, тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад өнгөрөгч 10, 11 дүгээр саруудад ажилласан. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээс үзвэл сонгууль зохион байгуулахад сонгогч иргэдийн хаягийн асуудал хөндөгдөж, зарим ойлгомжгүй буюу зөвхөн нэг байгууллагаас шалтгаалахгүй хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа нь ажиглагдсан. Эдгээр асуудлыг шийдэх гарц, шийдлийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь хаягжилтын асуудал нь сонгуультай жилд асуудал дагуулдаг. Тухайлбал, нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” бий болгодог. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах бололцоо бий” хэмээн онцлон тэмдэглэлээ.  


Хэлэлцүүлгийн эхэнд “Газар байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Монгол Улс дахь хаягжуулалтын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, эрх зүйн баримт бичиг, хаягжуулах аргачлал, хаягжуулалтын өнөөгийн байдал, хийсэн ажил, авч буй арга хэмжээ, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хөндөв.   2013 онд Хаягжуулалтын тухай хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол, 2019 оны 325 дугаар тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг нэмж баталжээ. 2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 316199 хашаа, 23732 байшинг хаягжуулсан бол нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлан хаяг нэр өгч, хаягийн зураг зохион мэдээллийн сан үүсгэжээ. Энэхүү мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх учиртай аж. Гэтэл энэ ажил учир дутагдалтай, эрээвэр хураавар болсон. Одоогоор 122 сум албан ёсоор хаягаа зоогоод тэмдэгжүүлээд байгаа. 2019 онд 59 сум төсвөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулаад бэлтгэл ажлаа хангаад байгаа бол 159 сум хаягжуулах ажлаа хийгээгүй байгаа. Харин нийслэлийн хувьд мэдээллийн санг бүрэн үүсгэсэн. Сонгуулийн дараа албан ёсоор тэмдэгжүүлэх ажил эхэлнэ гэдгийг тэрээр танилцуулав.


Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлт тавив. Тэрбээр, “Хаягжилтыг зөвхөн сонгуулийн асуудал мэтээр ойлгох нь хэт өрөөсгөл. Хаягжилтыг зөв хөгжүүлэх нь улс орны хөгжлийн асуудал. Манай улсад хаягжуулалтын асуудлыг орхигдуулж ирснээр төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсдэг. Учир нь обьект болон гудамж талбайн хаягжилт нь хоёр өөр хэлбэрээр хэрэглэгддэг. Тухайлбал, ногоон болон цэнхэр дэвсгэртэй хаяг орон нутаг, нийслэлд ашиглагдаж байна. Мөн гал команд, түргэн тусламжийн автотээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхой бус байдгаас цаг алддаг. Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид бүгд нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Манай улс нийт 3.336.994 хүн амтайгаас 50,8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй. Үүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий насны 2.114.939 иргэн, үүнээс орон нутагт 1.137.879, нийслэлд 977.060 иргэн байна. Гэхдээ сонгуулийн санал авах өдөр хүртэл 18 нас хүрч, сонгууль өгөх эрх эдлэх иргэдийн тоо, нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орохыг холбогдох албаныхан хэллээ.

Дараа нь “Ээлжит сонгуулийн бэлтгэл ажил” сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас илтгэл тавьсан бол Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээлэл хийсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийдэг байна.  Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байгаа аж. Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20,5 тэрбум төгрөг, орон  нутгийн сонгуульд 16,5 тэрбум төгрөг батлагджээ. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсанаар саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зардал нэмэгдэхээр байгаа аж.

Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Эцэст нь Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой. Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө” хэмээгээд сонгуулиас өмнө хаягжуулалттай холбоотой ажлыг түргэн шуурхай шийдвэрлэж, батлагдан гарсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай, санаачилгатай ажиллахыг сануулав. 2019.12.13.  http://www.parliament.mn/n/mdko


Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай гурван хуулийн төслийг УИХ-ны даргад өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл: Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Францын Төрийн сангаас олгох 57,985,000 еврогийн зээлээр хэрэгжүүлэх бөгөөд уг зээл нь 30 жилийн хугацаатай, жилийн 0,08 хувийн хүүтэй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх юм байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар тооцвол энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 60,3 хувьтай байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарна.

 Уг хуулийн төсөл батлагдсанаар Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгслийг стандартын түвшинд хүргэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед төрийн үйлчилгээг түргэн шуурхай, үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүгийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл: Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгож “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ.

Хөтөлбөрийн 3 үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа бол 2 дахь шатны 10 бодлогын арга хэмжээг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцаж хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт  авах юм байна. Санхүүгийн хэлэлцээр, Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хураалдаанаар хэлэлцэн дэмжжээ.

Хөтөлбөрийн хүрээнд авах 100 сая ам.долларын санхүүжилт нь төсвийн шууд дэмжлэг хэлбэрээр улсын төсөвт орох тул төсөв, санхүүгийн болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцоллоо.

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл: Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгож нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Унгар Улсын Засгийн газраас олгох уг хүүгүй зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 4 жил чөлөөлөгдөх юм байна.

Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, жилд дунджаар шүлхий өвчнөөс сэргийлэх 10 сая тун, мялзан өвчнөөс сэргийлэх 10-15 сая тун, цэцэг өвчнөөс сэргийлэх 20 сая тун вакциныг дотооддоо үйлдвэрлэх бөгөөд цаашид экспортлох боломжтой болох аж. Ингэснээр  мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилж, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурна. Түүнчлэн хүн амын хүнсний баталгаат байдал хангагдах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг олон эерэг үр дүн гарах боломж бүрдэх юм. 2019.12.13. http://www.parliament.mn/n/mxko


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсад 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд уг хуульд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болдог. Өнөөгийн манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог тогтолцоо юм.  

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль одоожмөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа ч “татварын орлого цуглуулах чадвар”  гэсэн чухал үзүүлэлтэд анхаарах шаардлагатай. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ.  Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хуулийн төсөл санаачлагч хэлж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгож бууруулахаар тусгажээ. Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдэж эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагч үзсэн байна. 2019.12.13.  http://www.parliament.mn/n/m5ko


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 08 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Энхболд, С.Эрдэнэ болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.

Байнгын хороо энэ 12 дугаар сарын 11, 12, 13-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаарх санал, дүгнэлтээ гаргажээ.


Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх;
  • хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авах, бусдад өгөх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох;
  • биеэ үнэлэхийг зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • мөрийтэй тоглоом зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • илт худал мэдээлэл тарааж бусдын нэр төр, алдар хүндэд халддаг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлэх;
  • гэмт хэргийн хохирол, хор уршгийн ойлголтын уялдаа холбоог хангах.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулах;
  • мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих эрхтэй байх;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулалтад өөрчлөлт оруулах;
  • Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • бусдад ажил, албан тушаал, нэр, төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдпээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах;
  • энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмэх;
  • ФАТФ-ын шаардлагын хүрээнд Банк бус санхүүгийн тухай хууль, Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх асуудлын зөрчлийн торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан холбогдох зөрчлийг тусгах;
  • хүүхдийн эрхийг зөрчих асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон салбар хуулиудын зохицуулалттай уялдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:


  • хуулийн 1.8 дугаар зүйийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгах;
  • шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох;
  • зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хэрэгжүүлэх ажиллагаатай холбоотой журмыг нарийвчлан зохицуулах;
  • эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг зохицуулах;
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөрчлийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтаны харьяаллыг өөрчлөх.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

·       төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой болгох;

·       тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний эрх, үүргийг тодорхой болгох;

·       хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыгтүүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байх зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах зэрэг асуудлыг тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, гүтгэх хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар хөндөн, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн явуулж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахаар тогтов. 2019.12.13. http://www.parliament.mn/n/mzko


УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар “Үндэсний үйлдвэр ба экспорт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.. Хэлэлцүүлэгт УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ болон Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын Холбооны Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. 

УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэлцүүлгийг нээж, энэхүү хэлэлцүүлэг нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ экслортод гаргах боломжийн талаар мэдээлэл хүргэхэд чиглэж байгааг онцлов.

Дараа нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг “ЖДҮХСангаас экспортыг дэмжих чиглэлээр хийж буй ажил, цаашид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж” , Гадаад харилцааны яамны Гадаад, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан “Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал, цаашдын зорилтууд”, “Монгол Улсын худалдааг дэмжих” (ТРАМ) төслийн Худалдаа экспортыг дэмжих төслийн багийн ахлагч Кармен Фратита “Монголын бүтээгдэхүүн Европын зах зээлд гарахад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд” сэдвээр тус тус илтгэл тавилаа. 

Хэлэлцүүлэгт оролцогчид бүтээгдэхүүн экспортлоход тавигдах дотоодын бопон олон улсад тавигдаж буй шаардлагууд, тулгамддаг асуудал, бэрхшээлүүд,  түүнийг хэрхэн даван туулах арга зам,  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын талаар мэдээлэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авч, санал хүсэлт, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс (ТРАМ) төсөл цаашид үргэлжлэх эсэх, төслийн хүрээнд амжилттай хэрэгжсэн Монголын бүтээгдэхүүн Европын зах зээлд гарсан эсэх үр дүнгийн талаар илүүтэй сонирхож байлаа. 


Тус төслийн Худалдаа экспортыг дэмжих төслийн багийн ахлагч Кармен Фратита энэ талаарх хариултдаа, 2017 оноос хэрэгжсэн уг төсөл нь 2020 оны 03 дугаар сард дуусаж байгааг тодотгоод төслийн хүрээнд монгол сарлагийн арьсаар хийсэн савхи Германд эрэлт ихтэй байгаа, цаашдаа Франц, Итали зэрэг улсад экспортлохоор болсныг дуулгав. Хатагтай Кармен Фратита, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хандан олон улсад алсыг харсан ирээдүйтэй төслүүд их байдаг тул сайн судалж, тэдэнд хандахыг зөвлөж байлаа. Түүнчлэн уг төслийн зорилго нь Монголын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах бус евростандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн гэдгийг дурдахын зэрэгцээ энэхүү стандартын шаардлагыг хангасан  хэн нь ч  Европт, Азид ч бүтээгдэхүүнээ гаргах боломжтойг захиж байлаа. 

Харин жижиг, дунд үйлдвэрлэгчдийн  зүгээс экспортод бүтээгдэхүүн гаргахад шуудангийн үйлчилгээний хураамж өндөр байдгийг дурдаад үнийг нь буулгах, төрийн зүгээс олон улсын экспо үзэсгэлэнд орох боломжийг бизнеэс эрхлэгчдэд түлхүү олгоход анхаарах шаардлагатайг гэлээ. Түүнчлэн төр засаг, бодлого тодорхойлох салбарын яамд нэмүү өртөг шингэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжихдээ алсыг харж, аль нь тэргүүлэх чиглэл гэдгийг тодорхой болгох нь нэн тэргүүнд тавих асуудал болоод байгааг онцлов. Тухайлбал, оёдлын салбарт 150-200 ажилтантай томоохон үйлдвэр байхгүйг дурдаад энэ салбарт олон мянган эмэгтэйчүүд дор бүрдээ жижигхэн үйлдвэрлэл эрхэлж байгаад анхаарлаа хандуулж, нэгдсэн бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлж байв. 2019.12.13.  http://www.parliament.mn/n/muko


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-12-14 12:19  769