Цэс

Холбоо барих

Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.10) үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн хоёр дахь, дөрөв дэх долоо хоногийн Баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу өнөөдрийн үдээс хойших хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.


    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Засгийн газар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалж нийгэмшүүлэх зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан болохыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээллийнхээ эхэнд дурдав. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Түүнчлэн цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, зохион байгуулалттай бүлэглэл, хүн худалдаалахтай тэмцэх хэлтэс байгуулжээ. Энэ төрлийн гэмт хэргийн талаарх эрх зүйн зохицуулалт өөрчлөгдсөн гэдгийг Ц.Нямдорж сайд танилцуулгадаа дурдсан. Хүн худалдаалах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагддаг тохиолдол цөөхөн гэдгийг тэрбээр хэлээд “2016 онд 4, 2017 онд 10, 2018 онд 8 хэрэг бүртгэгдэж шалгагдсан” гэв. 2019 оны 4 дүгээр сарын байдлаар хүн худалдаалах 8 гэмт хэрэг бүртгэгдэн, эдгээр хэргийн улмаас 8 эмэгтэй хохирсны 6 нь 14-17 насны хүүхэд байсан гэв. Цагдаагийн байгууллагын бүртгэлээр 2010 оноос хойш 25.501 хүн алга болсон гэж бүртгэгдсэний 25.044 нь олджээ. Харин 478 хүн олдоогүй гэсэн дүн мэдээ бүртгэлтэй байдаг аж. Мэдээлэлдээ тэрбээр сүүлийн 23 жилийн хугацаанд 0-14 насны хүүхэд алга болсон талаарх дүн мэдээг танилцуулсан. 

    Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрийн хүрээнд холбогдох сургалтуудыг олон хэлбэрээр зохион байгуулж 500 орчим төрийн албан хаагч, 20 орчим сэтгүүлч, 50 орчим өмгөөлөгчийг хамруулжээ. Түүнчлэн зөвлөгөө өгөх, мэдээлэл хүлээн авах төв, утасны тусгай дугаар ажиллуулах зэргээр гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй тодорхой ажлуудын талаар танилцуулсан. 

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Я.Содбаатар, А.Сүхбат, З.Нарантуяа, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, Ц.Гарамжав нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт мэдээлэл авлаа.

    Хүн хулгайлах, хүүхдийг боолын хөдөлмөр, бэлгийн мөлжлөгт ашиглах гэмт хэргээс сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход эрх зүйн орчин бүрдсэн эсэхийг Ж.Энхбаяр гишүүн тодрууллаа. Хууль эрх зүйн орчин бүрдсэн, харин санхүү, орон тооны асуудал дутагдалтай байгаа гэдгийг Ц.Нямдорж сайд хэлэв. Цагдаагийн байгууллагаас бүтэц, орон тоогоо нэмэгдүүлэх саналыг удаа дараа тавьж ирсэн хэдий ч төсөв, санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа гэдгийг хэлсэн. Цагдаагийн хурандаа н.Отгонжаргал гишүүний тодруулсны дагуу бусдыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор гадаад улс орон руу гаргасан, хүн худалдаалсантай холбоотой тоон мэдээллийг танилцуулсан. Сүүлийн 5 жилийн байдлаар 49 гэмт хэрэгт 67 хүн холбогдож 138 хүн хохирсон байна. 2018 онд 3, 2019 онд 1 гээд нийт 4 хүн ял шийтгэгджээ. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зүйл ангиар нийт 9 хэрэгт 7 хүн холбогдож 7 хүн хохирсон. 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэлтийг зохион байгуулах зүйл ангиар 2013-2017 он хүртэл 5 жилийн хугацаанд 104 хэрэгт 127 хүн холбогдож 136 хүн хохирсон дүн мэдээ байдаг байна. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага Хүйсийн тэгш эрхийн төв, Олон улсын шилжилт хөдөлгөөн ТББ, Талита Ази ТББ  зэрэг байгууллагуудтай хамтран гадаад улс орнуудаас 39 хохирогчийг эх оронд нь эргүүлэн авчирсан байна. 


    Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх гишүүдийн тодруулсны дагуу бүтэн өнчин хүүхдийн талаарх тоон мэдээлэл болон асрамж, халамжийн төвүүдийн талаар мэдээлэл өгөв. 2018 оны дүнгээр улсын хэмжээнд 3322 бүтэн өнчин хүүхэд бүртгэгдсэн байдгийн 18.6 хувь буюу 621 нь 21 асрамжийн төвд амьдарч байгаа. Үлдсэн нь төрөл садан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэйгээ амьдардаг гэлээ. Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа 11 хүртэлх насны 927 хүүхдийг хүүхэд хамгааллын даатгалд хамруулж, төрөөс даатгалын төлбөрийг төлөөд байгааг энэ үеэр мэдээлсэн.

    Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд тус тусын байр сууриа илэрхийлж байв. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж, ард иргэд үүнтэй холбоотой шүүмжлэл өрнүүлээд байгаа нөхцөл байдлын талаар Я.Содбаатар гишүүн хэллээ. Тэрбээр “Нэн тэргүүнд холбогдох төрийн байгууллагууд зөв, бодит мэдээллийг өгч байх нь чухал байна. Олон нийтийн сүлжээнд өдөр бүр ийм төрлийн мэдээ мэдээлэл гарч нийтийг цочроож байхад албан ёсны тоо, бүртэл нь өөр байна. Хуурамч мэдээ түгээж, олон нийтийн анхаарлыг татах зорилгоор ийм шуугиан тарьж байж ч магадгүй нөхцөл байна. Иймд энэ төрлийн мэдээ мэдээлэлд хяналт тавихад анхаарах нь чухал байна” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр, хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл байгааг тоон мэдээллүүдээс харж болох бөгөөд бодит судалгаа явуулан, дүн шинжилгээ хийх замаар гэмт хэргийн гаралтыг бууруулах, улмаар таслан зогсоох, эрсдлийг бууруулах, урьдчлан сэргийлэх арга замаа оновчтой тодорхойлох шаардлагын талаар тодруулж хариулт авсан. Олон нийтийн сүлжээ, кибер орчинд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. Иймд цагдаагийн байгууллага бүтэцдээ энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийг байгуулсан байна. Олон нийтийн сүлжээн дэх 35.000-аас дээш тооны гишүүнчлэлтэй, биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг байх магадлалтай группуудийг хаах, устгах арга хэмжээг холбогдох газруудтай хамтран зохион байгуулдаг байна. Кибер орчин, олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэг өдөөх, бусдыг залилан мэхлэх, бусдын эд хөрөнгөд халдах гэх мэт хэргүүд олширч байгаа тул цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлон, хэрэгжүүлж байгаа гэдгийг ажлын хэсгээс хариуллаа.

    Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлыг судлахаар нийтлэг зүйл нь ял эдэлж байсан, дахин гэр бүл болсон, архидан согтуурсан хүмүүс ихэвчлэн ийм төрлийн гэмт хэргийг өдүүлж байгаа хэмээн Ц.Нямдорж сайд тайлбарласан. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй харилцаа, гэр бүлийн таагүй орчин гэх зэрэг нь гэмт хэргийн суурь шалтгаан, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй байдгийг тэрбээр хэлж байв. Насанд хүрээгүй хүн буюу хүүхэд нь эцэг, эх, асрамжлагчийнхаа хараа хяналтад байдгийг, энэ хариуцлагыг нь хуулиар тодорхойлж, үүрэг хүлээлгэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлж байв. Хүүхдийн эсрэг нийтийг цочроосон гэмт хэргүүдийн үүсэх шалтгаануудын нэг нь эцэг, эх буюу хүүхдийн асран халамжлагч хариуцлага алдсан, цаг мөч бүр анхаарал хандуулж хараа хяналт тавьж байх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотой гэв. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ч үүнд тодорхой нөлөө үзүүлж байгаа гэх салбарын сайдын байр суурьтай санал нийлж буйгаа тэрбээр хэлээд “Энэ Засгийн газар гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүтцийг бий болгож, жил бүр төсвийг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь нэг дэвшилт гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ хүрээнд бүх шатандаа анхаарал хандуулан, хамтран ажилласны үр дүнд илрүүлэлт нэмэгдэж байгаа нэг өнцгийг энд дурдмаар байна. Төр засгийн зүгээс тодорхой ажлуудыг хийж байгааг олон нийт дэмжин, хүн нэг бүр оролцоогоо нэмэгдүүлэн, эцэг, эхчүүд хариуцлагатай байх шаардлага байна. Хүүхдийн суурь хүмүүжил, гэр бүлийн боловсрол, эцэг эхийн үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг төлөвшүүлэх боловсролын тогтолцоог шилжилтийн 30 жилийн хугацаанд бид орхигдуулсан. Цаашид соён гэгээрүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлага бий” гэлээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн дийлэнх нь гэр бүлийн орчин, ураг садны хүрээлэлд үйлдэгддэг талаарх мэдээллийг Н.Оюундарь гишүүн онцолж байв. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх”-ээр заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ. Өнөөдрийн сэдэв бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай сэдэв гэдгийг тэрбээр онцлоод дэлгэрэнгүй тайлбар хэллээ. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоохын тулд Засгийн газар улс орны хөгжлийн асуудлыг анхаарч ажиллах, хуулийн хариуцлагын тогтолцоог чангатгах, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг өрх бүрт бодитоор хүргэх асуудлууд чухал гэдгийг хэллээ. 


    Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийллийн асуудлаарх хэлэлцүүлгийг Мягмар гарагт УИХ зохион байгуулж, цагдаа, прокурор, шүүх тэргүүтэй хууль хүчний байгууллагынхан, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын газрын хийсэн судалгаануудыг танилцуулсан байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг шүүх шатанд шийдвэрлэх явцдаа ял шийтгэлийг харилцан адилгүй, ялгавартайгаар ногдуулдаг болохыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын судалгааны дүн харуулж байсан гэдгийг УИХ-ын дарга онцолж байв. Тодруулбал, нэг төрлийн 80 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 8-9 сарын тэнсэн харгалзах ялаас 8-9 жил хорих ял ногдуулах хүртэл 80 өөр ял оноосон байдгийг дээрх судалгаагаар гаргаж тавьсан байна. Иймд Садар самуун явдалтай тэмцэх тухай, Гэр бүлийн тухай болон Эрүү, Зөрчлийн хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл тайланг хэлэлцэх, хүүхэд хамгааллын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар зарлаад байгаа, энэ хүрээнд Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн тайланг сонсохоор төлөвлөөд байгаа талаар УИХ-ын дарга мэдээлэл өгсөн. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсооход цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг холбогдох талууд хэлэлцүүлгийн явцад онцолж байсныг УИХ-ын дарга чуулганы хуралдааны үеэр тэмдэглээд хүний эрх, эрх чөлөөг хангах тухай асуудал нь УИХ-ын  хаврын чуулганы онцгой анхаарал хандуулан ажиллах асуудал гэдгийг хэллээ. 


Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээ

    Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. УИХ-ын гишүүн М.Билэгт дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой байлгах зорилгоор импортын барааны татварын зохицуулалтыг хэрхэн хийж буй талаар тодруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тодруулсны дагуу Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хариулт өгөв. Эдийн засгийн өсөлтийн үр дүнд бий болсон хөрөнгөөр улс орны гадаад, дотоод зээлийн төлбөрүүдийг барагдуулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлэв. Эдийн засгийн өсөлтийн дүнд ноолуурын үнэ 3 дахин өсөөд байгаа бол махны экспорт тодорхой дүнгээр нэмэгдсэн. Эдгээр нь малчин өрхүүдэд орлогын нэмэгдэл болсон гэдгийг хэллээ. Түүнчлэн иргэдийн цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид инфляцитай уялдлуулан нэмэгдүүлж байх шийдвэрийг гаргасан гэдгийг хэлж байв. Сангийн сайд 2019 оны улсын төсөв дэх хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтын дүнг онцолж байсан. Нийтдээ 3.2 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж, төсвийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр төсөвлөсөн бөгөөд Монгол Улсын түүхэнд энэ хэмжээний төсвийг орон нутагт төсөвлөж байгаагүй гэлээ. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутгуудад эдийн засгийн эргэлт бий болж ажлын байр нэмэгдэх, иргэд нь цалин орлоготой болох гэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтойг хэлж байв. Үүнийг баталж буй дүн мэдээг тэрбээр танилцуулсан. 2018, 2019 оны төсвийн орлого бүх аймгийн хэмжээнд эдийн засгийн бүх салбараар нэмэгдэж төвлөрсөн гэв. Тодруулбал, энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого давж биелээд 196 тэрбум төгрөгийн ашигтай байгааг хэлж байв.


    Эдийн засгийн хүртээмжийг бодитоор иргэдэд хүргэх чиглэлээр Засгийн газар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдэд тэтгэмж олгох, ахмад настнуудад насны хишиг олгох, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгохоор 2018 оны төсөвт 600 тэрбум төгрөгийг тусган, зарцуулсныг С.Чинзориг танилцууллаа. Энэ Засгийн газар байгуулагдаад 1.6 жил ажиллах хугацаандаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг 2 удаа авч хэрэгжүүлсний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 26.7 хувиар өссөн байна. Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсний үр дүнд 10 хувь болгож бууруулаад байгааг салбарын сайд нь хэлж байлаа. Үргэлжлүүлэн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан юм. 

    Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг бодитой, хэрэгжихүйц байдлаар төлөвлөн биелэлтэд хяналт тавих, дунд хугацаагаар буюу 4 жилээр төлөвлөж байх, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй уялдуулж байх зэрэг УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг Эдийн засгийн байнгын хороо, Засгийн газар анхаарч ажиллах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө. 

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. 


    Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсгийг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасныг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг салбарын хуулиудаар нь зохицуулж, энэ дагуу УИХ-аас эдгээр албан тушаалын цалингийн хэмжээг нь тусгайлан тогтоож байгаа учир энэ тогтоолд хамааруулахгүй байхаар боловсруулсэн гэв. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар төслийн талаар хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 21 нь дэмжиж 53.8 хувийн саналаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэв. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

    Дараа нь Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. 


    Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг УИХ тогтоохоор заасан байна. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасантай нийцүүлж, төрийн зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоохоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. 

    Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан улс төрийн болон тусгай албан тушаалд Авлигатай тэмцэх гарын удирдах гүйцэтгэх албан тушаал, Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Үндэсний болон орон нутгийн аудитын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаал, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот тосгоны захирагч, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарч байгаа аж. 

    Харин Төрийн аудитын тухай хууль, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ Авлигын эсрэг хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиудад авлига, шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээ, нэмэгдлийг  Улсын Их Хурлаас тогтоохоор заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд эдгээр албан хаагчдын цалингийн хэмжээг УИХ-аас тусгайлан баталсныг мөрдөж байгаа аж. 

    Иймд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн ИТХ-ын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар төслийн талаар хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар асуулт асууж, төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас хариулт авлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын  төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл