Монгол хаадын зоос

  2018-02-14 18:11   1596

Нүүдэлчдийн дунд арилжааны жишиг хэрэгсэл буюу зоосон мөнгөн тэмдэгт хэрэглэх явдал эртнээс улбаатай. XIII зууны II хагаст Их Монгол улс 5 томоохон хэсгээс бүрдсэн холбооны улсын шинжтэй дэлхийн хэмжээний асар том гүрэн болов. Гүрний хэмжээнд эдийн засаг, нийгэм, соёлын аливаа үйл ажиллагааг газарзүйн байршлын дагуу харилцан уян хатан элдэв ялгаварлалгүй явуулж байсан нь Монголын Эзэнт гүрний он удаан жил оршин тогтнохын үндэс байлаа. Эзэнт гүрэн даяар арилжаа гүйлгээний үндсэн хэрэгсэл бол алт, мөнгө, зэс, хүрлээр ихэнхдээ дэлдэх /хайлуулсан металыг хэвээр цохих/ болон цутгах аргаар хийж байсан зоосон мөнгөн тэмдэгт байжээ. Дундад ази, араб дахины зоосон мөнгө бүтээн хэрэглэх уламжлалын дагуу монголчууд тухайн цаг үедээ төр барьж байгаа хааныхаа нэр, цол бүхий зоосыг бүтээж гүйлгээнд хэрэглэж байв. Монголын Эзэнт гүрний эдгээр зоосон мөнгөнөөс монголчуудын бэлгэдэлт овгийн тамганаас эхлээд хаадын нэр, цол, он дараалал, газар нутгийн нэр зэрэг түүх судлалд ихээхэн үнэ цэнэтэй баримтуудыг мэдэх боломжтой юм. Мөн Монгол хаадын зоос нь олон хэлний бичээстэй байдаг онцлогтой бөгөөд худам монгол, монгол дөрвөлжин бичгээс гадна араб, перс, түрэг, хятад, орос, гүрж, латин зэрэг дэлхийн олон орны бичиг соёлын арвин их өв санг агуулж байдаг. Монгол төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын Эзэнт гүрний холбогдолтой 255 ширхэг зоосыг Монгол улсын Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №103 дугаар тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтанд бүртгэсэн юм.


  2018-02-14 18:11   1596