Байнгын хорооны дарга "Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал" анхдугаар бага хуралд оролцож, үг хэлэв

  2014-07-04 00:00  357

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэндийн яам болон Монголын мэдрэлийн үндэсний төвөөс 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр хамтран зохион байгуулсан “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын туслам үйлчилгээний тулгамдаж буй асуудал” сэдэвт анхдугаар бага хуралд оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ мэдрэл судлалын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд монгол хүнээ дээдэлдэг, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, энэ чиглэлээрх хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж байгаагаа онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн яамны Мэдрэлийн мэргэжлийн зөвлөлийн дэд профессор Д.Өлзийбаяр “Мэдрэл судлалын тусламжийн өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөө” сэдэвт үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ. Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нийт 240 гаруй мэдрэлийн эмч нар ажилладаг бөгөөд мэдрэлийн үзлэгийн кабинет төрөлжөөгүй, амбулаторит 1-2 эмч хэт ачаалалтай ажиллаж байна. Хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн ихтэй Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг томоохон дүүргийн эмнэлгүүдэд мэдрэлийн тасаггүй, зөвхөн дотрын тасгаар дамжуулан иргэдэд эмчилгээ, сувилгаа, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна гэлээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүдэд мэдрэлийн өвчний онош тогтоох тоног төхөөрөмж, шинжилгээ хийх лабораторигүйгээс үйлчлүүлэгчид ихэнхдээ Клиникийн болон хувийн эмнэлэгт хандан үйлчлүүлж байна.

Мэдрэл судлалд мэргэжлийн эмчийн тоон үзүүлэлт хангалттай боловч мэргэшсэн түвшин, чадвараар бүсийн стандартад хүрээгүй, оношлогооны тоног төхөөрөмж хүрэлцээгүй, нийслэлд төвлөрч байгаа нь иргэдэд чирэгдэл учруулсаар байгаа юм. Манай улс тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээ, эмч мэргэжилтний хөгжлөөр дэлхийн түвшингээс 50-70 жил хоцорсон гэх тооцоо судалгааг ч гаргажээ.

Байнгын хорооны дарга Д.Батцогт бага хурлын үеэр www.neurocenter.mn вэбсайтын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


  2016-09-22 09:18  357