УИХ-ын тогтоолыг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

  2021-01-28 08:40  456

Хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын  Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулав.


    2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар, 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн, 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг нэгтгэж, анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 23, найруулгын шинжтэй 3 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Ажлын хэсгээс бэлтгэсэн “гадаад улсаас нутаг буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна.” гэсэн саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Түүнчлэн төслийн хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн байна. 


    Улсын Их Хурлын гишүүн П.Анужингийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.

    Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд “7.1.36 цар тахлын үед амь нас эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, эмч, эмнэлэгийн ажилтныг эрүүл мэнд амь насны даатгалд тэргүүн ээлжид хамруулах;” гэсэн агуулгатай доор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлд “10.15.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах.” гэсэн агуулгатай 7 дахь заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 7.1.35 дахь заалт, мөн зүйлийн 4 дэх заалт, 5 дахь заалтын 9.20 дахь хэсэг, төслийн 1 дүгээр зүйлийн 16, 17, 18 дахь заалтыг тус тус хасахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжээгүй “гадаад улсаас нутаг буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна” гэсэн агуулга бүхий 1 дэх заалтыг төслийн 3 дугаар зүйлд нэмэх саналыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд шийдвэрлэсэн. 

    Ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.


    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүнээс 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн, банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байхаар, мөн банкны хувьцааг эзэмших зөвшөөрөл олгох тухай, төлбөр барагдуулах дараалал болон хуулийн зарим нэр томьёог тодорхой болгосон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд нэг бүрчлэн тусгасан гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр, мөн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 73 дугаар зүйлийн 73.1.10, 73.1.11 дэх заалтын дарааллыг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.


    Дараа нь Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.

    Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулжээ. Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх, үүнтэй холбоотой зардлыг хувийн музейд нөхөн олгох болон музейн үзмэртэй шууд харилцах албан тушаалтанд найман жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох тухай төслийн заалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх талаарх зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, тодруулга гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор тус бүр санал хураалт явуулаад, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.  

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

    “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Ганбат нараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр төслийг өргөн мэдүүлжээ. Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс улс төрийн байгууллагыг “Монгол Ардын Нам” хэмээх нэрээр анх удаа Монгол Улсад байгуулсан. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960 оны Монгол Улсын Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болохыг тунхаглаж, нэг намаас олон намын тогтолцоо болон төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Монгол Улсын Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан бөгөөд нийгэм, төрийн удирдлагад улс төрийн нам гол үүрэг гүйцэтгэж байна гэж үзсэн байна. 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам байгуулагдсан гэж үздэг. Энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь монголчууд 20 дугаар зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж үзэн төслийг боловсруулсан байна.

    “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжжээ.


    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжив. Иймд  “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

    Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийжээ.


    Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдын танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Х.Ганхуяг гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.


    Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх “Мэдээллийн төхнологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана.” гэж хуульчилсан. Энэ хүрээнд Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид төрийн захиргааны албан хаагч байх эрх зүйн орчин бүрдсэн боловч “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт ороогүй тул төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлээр цалинжиж байгаа аж. Иймд Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг С.Амарсайхан гишүүн санал, дүгнэлтийн төгсгөлд танилцуулсан.

    Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжснээр дээрх тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

    Хуралдааны төгсгөлд 2020 оны арван хоёрдугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Амарсайхан гишүүн танилцуулав.


    Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчлэн баталсан бөгөөд хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслүүдийг хэлэлцэх үе шат өөрчлөгдөж, Байнгын хороодын тоо нэмэгдсэн. Улсын Их Хурал дахь аливаа намын бүлэг цөөхөн гишүүдтэй тохиолдолд уг бүлгийн бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албаны ажлын чанар, гүйцэтгэлд нөлөөлж байгаа гэж төсөл санаачлагч үзсэн байна. Улсын Их Хурлаар чанартай, зөрчил, хийдэлгүй хууль тогтоомж батлахад намын бүлгийн ажлын алба гол үүрэг гүйцэтгэдэг тул ажлын албыг чиг үүргийн хувьд хүрэлцэхүйц тооны ажилтантай байх шаардлага зүй ёсоор үүссэн болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

    Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг хуулиар тогтоож өгснөөр бүлгүүдийн тэнцвэртэй ажиллах, Улсын Их Хурлын гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаагаа бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Төслөөр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн ажлын албаны ажилтны орон тооны доод хязгаарыг тогтоох, хууль үйлчилж эхлэх хугацааг зохицуулахаар тусгажээ. 


    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Дээрх хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар санал хэлсэн байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсан. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2021-01-28 20:00  456