Сайхан сумынхан хот, тосгодын эрх зүйн байдал, хилийн цэсийн асуудлыг чухалчилж байна

  2017-08-23 10:06  654

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар орон нутагт бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлэг зохиож, мэргэжил-аргазүйн туслалцаа үзүүлэн, иргэдээс санал авах зорилго бүхий Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон долоо дахь баг өнөөдөр /наймдугаар сарын 22/ Сэлэнгэ аймгийн Сайхан  суманд ажиллалаа.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурван үндсэн бүс болгон хэлэлцүүлж, иргэдээс санал авах 9000 ширхэг хуудас хүргүүлээд байгаа юм. Тус аймгийн 17 сумын Засаг дарга нараас ганц эмэгтэй нь болох Сайхан сумын Засаг дарга Ц.Буянаа болон сумын захиргааны ажилтнууд  хэлэлцүүлгийг урьдаас сайтар зохион байгуулж, олон нийтийг өргөн хамруулахын тулд тусгайлан уриалга гаргаж, урилга хэвлүүлэн бүх иргэддээ тараасан байв.


Үдээс өмнө сумын 12 жилийн дунд сургуулийн Урлаг танхимд болсон хэлэлцүүлэгт Сайхан, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант гэсэн таван сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, хууль эрх зүйн ажилтнууд, багийн Засаг дарга нар зэрэг 56 хүн оролцов. Харин үдээс хойш сумын Соёлын төвд нийт иргэдийг хамарсан хэлэлцүүлэг болж, 350 орчим хүн оролцлоо.

Аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Нарантуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ монгол орон даяар өрнөж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт наймдугаар сарын 14-өөс эхлэн Мандал суманд Хараа бүс, аймгийн төв Сүхбаатар суманд төвийн бүс, харин Сайхан  суманд баруун бүсийн сумдыг хамарсан бүсчилсэн хэлбэрээр амжилттай өрнөж байгааг тэмдэглээд ард иргэд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлуудыг төрийн түшээдэд уламжлах, тухайн асуудлаар хуулийн зохицуулалт бий болгох зорилгоор явагдаж буй энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалав.


Баруун бүсийн сумдын төв болох Сайхан сум бол залуучууд голдуу 9800-гаар тоологдох хүн амтай, Төмөр бетон дэрний болон цемент-шохойн үйлдвэртэй томоохон суурин газар юм. Баруун бүсийн сумдын хүн амын эд хөрөнгө, эрүүл мэндийн зэрэг мэдээллийн бүхий л сан нь Сайхан суманд төвлөрдөг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотойгоор тус сумынхны хүсэн хүлээж буй гол зүйлийн нэг нь хүн амынх нь тоо хүрсэн тохиолдолд сумаа орон нутгийн чанартай хот болгох асуудал аж. Хот, тосгоны эрхзүйн байдлын хуулиар бол хот нь өөрийн гэсэн эдэлбэр газартай байх ёстой. Гэтэл Сайхан сумын газар нутаг баруун, зүүн талаасаа Орхон сум, Дархан-Уул аймгийн хил хязгаараар хавчигдаж, өөрийн гэсэн эдэлбэр газаргүй, малтай айл өрхийнх нь эхнэр, нөхрүүд хоёр өөр суманд тусгаар аж төрж, иргэд нь тэтгэвэр, тэтгэмжээс аваад төрийн болон нийгмийн үйлчилгээ авахын тул Сэлэнгэ аймгийн төв хүртэл олон км газар зорчих зэрэг тал бүрийн хүндрэлтэй тулгардаг аж. Номгон тосгоны иргэн Ш.Сэрээнэн энэ талаар ярихдаа:


-Дархан-Уул аймгийн 810 гаруй өрх Номгонд аж төрж байгаа. Иргэд шилжилт хөдөлгөөн их хийдэг ч үндсэн бүртгэлээсээ огт хасуулдаггүйн улмаас хүн ам болон малын тоо зэрэг статистикийн албан ёсны мэдээлэл бодит байдлаас байнга зөрж гардаг. Мөн улсын хэмжээний 10 гаруй тосгонд сумын дайтай, түүнээс ч олон тооны хүн аж төрж байгаа ч төрийн үйлчилгээ хүрэлцээгүй байдаг зэрэг олон асуудал үүддэгийг учирлаад ер нь бүх тосгоны статусыг сум болгож өөрчлөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Ш.Сэрээнэн гуайн өгүүлснээр бол Номгон тосгоны статусыг нэг бол сум болгох, эсвэл Дархан-Уул аймгийн харьяалалтай болговол өвдөж ядарсан олон хүн заавал 150 км газар явж байж Сэлэнгэд эмнэлэгт хэвтэх гэх мэт чирэгдэл гарахгүй аж. Тиймээс тосгодын эрх зүйн асуудлыг шийдэж өгөх, тосгоны захирагчийн эрх мэдлийг тэлж өгөх нь зүйтэй гэсэн бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.    

Хэлэлцүүлгийн үеэр иргэд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан эсэх, Налайх, Багануур мэтийн дагуул хот давуу эрхтэй хот хэвээр үлдэх эсэх, орон нутгийн чанартай хот, тосгоны хүн амын тоог Үндсэн хууль болон дагалдах бусад хуулиар тодорхой зааж байгаа эсэхийг тодруулж, Улсын Их Хурлын хуралдааны ирц болон хууль батлах үеийн ирцийн ялгааг лавлан асууж байв.

Сайхан сумын хоёдугаар багийн иргэн Р.Шийлэгжамбал сонгуулийн системийн гажуудлыг шүүмжлэхийн зэрэгцээ “Үндсэн хууль бол Монголын ард түмний шударга нийгэмд амьдрах баталгаа болсон үнэт зүйл” болохыг тэмэглээд уг хуулийг заавал өөрчлөх гээд байгаа юм бол “дордуулсан долоон өөрчлөлт”-өө эхлээд авч хаях нь зүйтэй гэлээ. Мөн багийн иргэн Б.Равжаа Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах механизм бий болгох, шүүгчдийн ёс зүйгүй, авлигад автдаг байдлыг таслан зогсоохын тулд шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар тодорхой заалт оруулахын чухлыг анхааруулж байв.


Сайхан сумын хоёрдугаар багийн иргэн Ц.Сампилноровын хувьд намууд, тэдний эрх ашиг гэсэн буруу ойлголтоос болж Үндсэн хуулийг гажуудуулж байгааг шүүмжлээд уг хуульд “улс төрийн намуудын тухай тусгайлан зааж өгөх шаардлагатай. Тухайн үед манай Үндсэн хуульд төр, шашны тухай заалт оруулж байсан шиг намын талаарх заалт, тухайлбал, “улс төрийн намууд зөвхөн ард нийтийн эрх ашгийг дээдэлнэ. Намууд хатуу гишүүнчлэлтэй байхыг хориглоно, зөвхөн аймаг, дүүрэгт л анхан шатны нэгжтэй байна” гэсэн заалт оруулж өгвөл одоогийн улс төржилт багасах болов уу гэсэн бодолтой байна” гэлээ.

Тэрбээр мөн төслийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж” гэсэн хэсэгт  баг, сумын Засаг даргыг дээд түвшний Засаг дарга томилно гэсэн нь буруу юм. Одоо ямар ч томилгоо байх ёсгүй. Энэ бол ардчиллыг үгүй хийнэ гэсэн үг, үүний оронд ардчиллаа гүнзгийрүүлж, баг, сум, хорооны Засаг даргад иргэн өөрөө нэрээ дэвшүүлж байх хэрэгтэй” гэсэн санал илэрхийлсэн юм.  

Хөтөлийн иргэд, ялангуяа ахмадууд “Газар нутгийн асуудлаар гучин хэдэн жилийн турш маш их тэмцэл болж ирсэн. Хөтөл бол  өөрийн гэсэн газар нутаггүй, одоо энэ хэлэлцүүлэг болж буй Соёлын ордны оршин байгаа газар л гэхэд Орхон сумын нутаг, тэгэхээр Дархан хот, Эрдэнэт хотоос гадна Хөтөл ч гэсэн хотын статустай болох ёстой. Улсын чанартай хотууд бий боллоо гэхэд газар нутгийн асуудлыг нь давхар шийдэж өгөх ёстой. Хөтөлийн хувьд хот гэсэн статус нь өнөө хэр нь хүчингүй болоогүй, одоо ч гэсэн тогтоол нь байж байгаа” хэмээн санал нэгтэй ярьж байв.  

Ийнхүү Сайхан суман дахь хэлэлцүүлгээр Сэлэнгэ аймаг дахь бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөж байгаа бөгөөд төсөл хэлэлцүүлэгч ажлын хэсэг маргаашнаас Орхон суманд ажиллаж эхлэх юм.

Тодруулга: 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төв хуучнаар Хөтөл хот нь 1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Цемент-шохойн үйлдвэрээ түшиглээд Дархан хотын Хөтөл хороо нэртэйгээр анх байгуулагджээ. Монгол Улсын Их Хурлын 1994 оны 35 дугаар тогтоолоор Хөтөл хороог Сэлэнгэ аймагт харьяалуулж, Засгийн газрын 1994 оны 128 дугаар тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот болгосон байна. Улмаар Улсын Их Хурлын 1999 оны 22 дугаар тогтоолоор Сайхан сумын төвийг Хөтөлд шилжүүлжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2017-08-23 10:06  654