ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН БОЛОН ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  2020-12-21 14:55  263

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН БОЛОН ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.12, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн /цаашид ”гишүүн” гэх/-д тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан иргэнийг сонгон шалгаруулах, томилуулахаар Монгол Улсын Их Хуралд нэр дэвшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Гишүүний сонгон шалгаруулалтыг сул орон тоо гарсан тоогоор зарлаж, энэ журмын дагуу нэр дэвшүүлнэ.

1.3.Гишүүнийг сонгон шалгаруулахад дараах зарчмыг баримтална:

    1.3.1.хууль дээдлэх;

    1.3.2.шударга ёсыг баримтлах;

    1.3.3.аливаа нөлөөллөөс ангид, хараат бус байх;

    1.3.4.төвийг сахих;

    1.3.5.бодитой хандах;

    1.3.6.ил тод байх;

    1.3.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх.

1.4.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

    1.4.1."гишүүн" гэж Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг;

    1.4.2."Комисс" гэж Хүний эрхийн Үндэсний Комиссыг;

    1.4.3.“хүсэлт гаргагч” гэж Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргасан иргэнийг;

    1.4.4.“оролцогч” гэж энэ журмын 7.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгүүлсэн иргэнийг;

    1.4.5.“нэр дэвшигч” гэж энэ журмын 10.4-т заасны дагуу Ажлын хэсгээс сонгон шалгаруулж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн  оролцогчийг.

1.5.Гишүүний сонгон шалгаруулалтыг Ажлын хэсэг эрхлэн гүйцэтгэнэ. Ажлын хэсэг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    1.5.1.нэр дэвших тухай хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авах, хянах;

    1.5.2.хүсэлт гаргагчийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэх;

    1.5.3.оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах;

    1.5.4.томилгооны сонсголыг товлон зарлах, зохион байгуулах;

    1.5.5.оролцогч холбогдох шаардлагыг хангасан эсэхэд үнэлгээ өгөх;

    1.5.6.бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх;

    1.5.7.сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэх;

    1.5.8.сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан оролцогчийг нэр дэвшүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх;

    1.5.9.сонгон шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын архивт хүлээлгэн өгөх.

1.6.Ажлын хэсгийн ажиллах нөхцөлийг Хууль зүйн байнгын хороо хангах бөгөөд Хууль зүйн байнгын хорооны ажлын алба техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

1.7.Ажлын хэсгийн хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, энэ журамд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

1.8.Хууль болон энэ журамд зааснаас бусад тохиолдолд Ажлын хэсэг ажиллах журам болон хуралдааны дэгээ өөрөө тогтооно.

1.9.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй тохиолдолд энэ журамд заасан хугацаа, үе шатыг хялбаршуулсан журмаар болон цахим горимоор явуулах асуудлыг Ажлын хэсэг шийдвэрлэж болно.

 Хоёр.Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд тавих шаардлага

2.1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комиссын  гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:

    2.1.1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;

    2.1.2.хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай;

    2.1.3.гучин таван нас хүрсэн.

2.2. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч нь дараах чиглэлээр ажилласан туршлагатай байна:

    2.2.1.хууль зүйн чиглэлээр;

    2.2.2.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр;

    2.2.3.хүний эрхийг хамгаалах чиглэлээр.

2.3.Энэ журмын 2.1.1-д заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдэгт дараах шаардлагыг хангасан байхыг ойлгоно:

    2.3.1.хууль зүйн дээд боловсролтой;  

    2.3.2.эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан;

    2.3.3.хууль зүйн өндөр мэдлэг, чадвартай гэдгээ мэргэжлийн үйл ажиллагаагаар нотлон харуулсан;

    2.3.4.хараат бус, өндөр ёс зүйтэй гэдгээ ажил, мэргэжлийн үйл ажиллагаагаар нотлон харуулсан;

    2.3.5.сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй;

    2.3.6.ял шийтгүүлж байгаагүй;

    2.3.7.сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.

2.4.Энэ журмын 2.1.2, 2.2.3-т заасан хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай гэдэгт дараах шаардлагыг хангасан байхыг ойлгоно:

    2.4.1.хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах чиглэлээр таваас доошгүй жил ажилласан;

    2.4.2.хүний эрхийн мэдлэг, чадвартай, хүний эрхийг хүндэтгэж, дээдэлдэг болохоо үйл ажиллагаагаар нотлон харуулсан.

2.5.Энэ журмын 2.2.1-д заасан хууль зүйн чиглэлээр ажилласан туршлага гэдэгт энэ журмын 2.3-д заасан шаардлагыг хангасан байхыг ойлгоно.

2.6.Энэ журмын 2.2.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр ажилласан туршлага гэдэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгчээр таваас доошгүй жил ажилласан байхыг ойлгоно.

2.7.Комиссын бүрэлдэхүүн нь хүний эрхийн асуудлыг олон талаас нь авч үзэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, туршлагыг тэнцвэртэйгээр тусгах бөгөөд түүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна.

2.8.Энэ журмын 2.7-д заасан шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулалтыг явуулж Комиссын гишүүнд нэр дэвшүүлнэ.

Гурав.Сонгон шалгаруулалтын үе шат

3.1.Гишүүний сонгон шалгаруулалт дараах үе шатаас бүрдэнэ:

    3.1.1.сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх;

    3.1.2.ажлын хэсэг байгуулах;

    3.1.3.нэр дэвших тухай хүсэлт гаргах;

    3.1.4.оролцогчоор бүртгэх, нийтэд мэдээлэх;

    3.1.5.оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах;

    3.1.6.томилгооны сонсгол зохион байгуулах;

    3.1.7.гишүүнд нэр дэвшүүлэх.

Дөрөв.Сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх

4.1.Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12.3-т заасны дагуу гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг www.parliament.mn цахим хуудас болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

4.2.Энэ журмын 4.1-д заасан зард нэр дэвших тухай хүсэлт гаргах хугацаа, хаяг, гишүүнд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийг заана.

Тав.Ажлын хэсэг байгуулах

5.1.Энэ журмын 4.1-д заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор дараах этгээдээс санал болгосон хүнийг Ажлын хэсгийн гишүүнээр томилох тухай тогтоолыг Хууль зүйн байнгын хороо гаргана:

    5.1.1.Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.2.Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.3.Монгол Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүний тоо хүрэлцэхгүй бол цөөнхийн гишүүд дотроосоо санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.4.хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.5.Төрийн албаны зөвлөлийн санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.7.хүний эрхийн чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд таваас доошгүй жил идэвхтэй ажиллаж байгаа Монгол Улсын Хүний эрхийн форумаас санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.8.Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санал болгосон нэг төлөөлөл;

    5.1.9.Монголын Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон нэг төлөөлөл.

5.2.Хууль зүйн байнгын хороо энэ журмын 4.1-д заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш ажлын гурван өдрийн дотор Ажлын хэсгийн гишүүнийг санал болгох тухай мэдэгдлийг энэ журмын 5.1-д заасан этгээдэд хүргүүлнэ.

5.3.Энэ журмын 5.1-д заасан этгээд нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор гишүүнийг сонгон шалгаруулах чиг үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, туршлага, ёс зүйтэй гэж үзсэн хүний нэрийг Хууль зүйн байнгын хороонд ирүүлнэ.

5.4.Энэ журмын 5.1.1-д заасан төлөөлөл нь Ажлын хэсгийн ахлагч байна. Ажлын хэсгийн ахлагч сонгон шалгаруулалтын бэлтгэлийг хангаж зохион байгуулах, хуралдааныг даргалах бөгөөд Ажлын хэсгийн гишүүний эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

5.5.Ажлын хэсгийн гишүүн нь гишүүнийг сонгон шалгаруулах явцад энэ журмын 1.3-т заасан зарчмыг баримтална.

5.6.Ажлын хэсгийн гишүүнд дараах үйл ажиллагааг хориглоно:

    5.6.1.ажлын хэсгийн гишүүнээр ажиллах хугацаанд болон уг хугацаа дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвших;

    5.6.2.ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд эсхүл өөрт хамаарал бүхий этгээдтэй холбоотой сонгон шалгаруулалтад оролцох;

    5.6.3.гишүүний үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглах;

    5.6.4.хүсэлт гаргагч, оролцогчийг ялгаварлан гадуурхах, зохисгүй байдал гаргах;

    5.6.5.Ажлын хэсгийн гишүүний үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг, шан харамж авах;

    5.6.6.Ажлын хэсгийн гишүүний нэр хүндийг урвуулан ашиглах.

5.7.Энэ журмын 5.6.2-т заасан нөхцөл үүссэн бол Ажлын хэсгийн гишүүн сонгон шалгаруулах ажиллагаанаас татгалзан гарна.

5.8.Ажлын хэсгийн гишүүн нь хууль болон энэ журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх талаар баталгаа гарган гарын үсэг зурж, Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгнө.

5.9.Ажлын хэсгийн гишүүн энэ журамд заасан үүрэг, хориглолтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн бол Хууль зүйн байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар огцруулна.

Зургаа.Нэр дэвших тухай хүсэлт гаргах

6.1.Энэ журмын 4.1-д заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан Ажлын хэсэгт гаргах бөгөөд уг хугацаа дууссанаар бүртгэл хаагдана.

6.2.Нэр дэвших тухай хүсэлтэд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

    6.2.1.нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;

    6.2.2.иргэний үнэмлэхийн хуулбар;

    6.2.3.бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

    6.2.4.нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;

    6.2.6.хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

    6.2.6.төрийн албан хаагчийн анкет.

6.3.Энэ журмын 6.2.5-д заасан тодорхойлолт өгөх хүн нь хүсэлт гаргагчийн  одоогийн, эсхүл өмнөх ажлын байрны шууд удирдах албан тушаалтан, эсхүл энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлага хангасан эсэх тухай бодит мэдээлэл өгөх боломжтой байна. Хүсэлт гаргагчийг холбогдох шаардлагыг хангасан эсэх, түүнтэй ямар хугацаанд ямар ажил хэргийн харилцаатай ажилласан тухай мэдээллийг тодорхойлолтод бүрэн тусгаж, тодорхойлолт өгсөн хүний нэр, эрхэлж байгаа ажил, ажлын газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бичнэ.

6.4.Хууль зүйн байнгын хорооны ажлын алба нь нэр дэвших тухай хүсэлт, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгаж үзэх эрхтэй.

Долоо.Оролцогчоор бүртгэх, нийтэд мэдээлэх

7.1.Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг Ажлын хэсэг хуралдаанаар хянан хэлэлцэж сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

7.2.Доор дурдсан тохиолдолд оролцогчоор бүртгэхээс татгалзана.

    7.2.1.хүсэлт гаргагч энэ журмын 2.3.3, 2.3.4, 2.4.2-т заасан шаардлагыг хангах боломжгүй гэж Ажлын хэсгийн нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн;

    7.2.2.хүсэлт гаргагч энэ журмын 2.3.1, 2.3.2, 2.3.5, 2.3.6, 2.3.7, 2.4.1, 2.6-д заасан шаардлагын аль нэгийг хангаагүй нь нотлогдсон;

    7.2.3.энэ журмын 6.2-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн нь баримтаар тогтоогдсон;

    7.2.4.энэ журмын 6.1-д заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргаагүй.

7.3.Энэ журмын 7.2-т заасны дагуу оролцогчоор бүртгээгүй бол энэ тухай хүсэлт гаргагчид бичгээр (шуудан, цахим шуудан, текст мессеж), эсхүл түүний зөвшөөрснөөр амаар мэдэгдэж тэмдэглэл үйлдэнэ. Хүсэлт гаргагч өөрийг нь оролцогчоор бүртгэхээс татгалзсан үндэслэлийг бичгээр өгөхийг шаардах эрхтэй бөгөөд Ажлын хэсэг энэ тухай тайлбарыг өгнө.

7.4.Хүсэлт гаргагч оролцогчоор бүртгэхээс татгалзсан шийдвэрийг энэ журмын 7.3-т заасны дагуу мэдсэнээс хойш ажлын гурван өдрийн дотор гомдол гаргаж болно. Ажлын хэсэг ажлын гурван өдрийн дотор хуралдаж, гомдлыг эцэслэн шийдвэрлэнэ.

7.5.Хүсэлт гаргагчид энэ журмын 7.2-т заасан журмын дагуу хасагдсан бол Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын зарыг нийтэд дахин мэдээлэх саналыг Хууль зүйн байнгын хороонд гаргана.

7.6.Хүсэлт гаргагчийг энэ журмын 7.1-д заасны дагуу бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Найм.Оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах

8.1.Энэ журмын 7.1-д заасны дагуу бүртгэсэн шийдвэр гармагц оролцогчийг Ажлын хэсгийн гишүүн бүрд тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж илтгэгч гишүүнийг томилно.

8.2.Илтгэгч гишүүн нь энэ журмын 8.1-д заасны дагуу өөрт хуваарилагдсан оролцогч холбогдох шаардлагыг хангасан эсэх талаар мэдээлэл цуглуулж, тайлан бэлтгэнэ.

8.3.Илтгэгч гишүүн тайлан бэлтгэхэд дараах баримт, мэдээллийг ашиглана:

    8.3.1.энэ журмын 6.1, 6.2-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, баримт бичиг;

    8.3.2.оролцогчтой хийсэн ярилцлага, түүнээс авсан нэмэлт мэдээлэл, баримт бичиг;

    8.3.3.үнэлгээ өгөхөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ журмын 6.3-т заасан тодорхойлолт өгсөн хүнтэй биечлэн, эсхүл бусад хэлбэрээр ярилцлага хийж болох бөгөөд энэхүү ярилцлагын тухай үйлдсэн тэмдэглэл;

    8.3.4.энэ журмын 8.4-д заасны дагуу олон нийтээс ирүүлсэн мэдээлэл;

    8.3.5.энэ журмын 9.1-д заасны дагуу хийсэн томилгооны сонсголын дүн;

    8.3.6.оролцогчийн талаарх холбогдох бусад иргэн, эх сурвалжаас авсан мэдээлэл.

8.4.Хууль зүйн байнгын хорооны ажлын алба оролцогчийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтийн байгууллагаас ирүүлсэн бол илтгэгч гишүүнд тухай бүр танилцуулна.

8.5.Оролцогч энэ журмын 2.1, 2.2-д заасан шаардлагыг хангасан тухай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг илтгэгч гишүүнд гаргаж өгөх үүрэгтэй.

8.6.Илтгэгч гишүүн оролцогчийн талаар цуглуулсан мэдээлэлд сөрөг агуулга байвал тухайн оролцогчид танилцуулж тайлбар хийх боломжоор хангах бөгөөд тухайн мэдээллийг итгэмжлэн өгсөн хүний талаар оролцогчид мэдэгдэхийг хориглоно.

Ес.Томилгооны сонсгол зохион байгуулах

9.1.Энэ журмын 7.1-д заасны дагуу бүртгэснээс хойш 14 хоногийн дараа 21 хоногийн дотор оролцогч холбогдох шаардлагыг хангасан эсэхийг тодруулах зорилгоор томилгооны сонсгол зохион байгуулна.

9.2.Ажлын хэсэг таваас доошгүй тооны гишүүний ирцтэйгээр томилгооны сонсгол хийх бөгөөд сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, эсхүл түүний эзгүйд хамгийн ахмад гишүүн нь даргална.

9.3.Томилгооны сонсголыг хийхээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө энэ тухай зарыг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, оролцогчид мэдэгдэнэ.

9.4.Оролцогч томилгооны сонсголд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй бол бүртгэлээс хасах үндэслэл болно.

9.5.Ажлын хэсэг томилгооны сонсголын үеэр энэ журмын 2.1, 2.2-д заасан шаардлагад үндэслэсэн асуултыг оролцогчоос асууж, хариулт авна. Тал зассан, эсхүл ялгаварлан гадуурхсан асуулт асуухыг хориглоно.

9.6.Сонсголын үед оролцогчид тавьсан асуулт, хариултын дүнг илтгэгч гишүүн тайландаа тусгана.

9.7.Энэ журамд өөрөөр заагаагүй бол Нийтийн сонсголын тухай хуульд[1] заасан журмын дагуу томилгооны сонсголыг зохион байгуулна.

Арав.Гишүүнд нэр дэвшүүлэх

10.1.Энэ журмын 9.1-д заасны дагуу томилгооны сонсгол хийснээс хойш ажлын хоёр өдрийн дотор Ажлын хэсэг хуралдаж Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргана.

10.2.Ажлын хэсгийн хуралдаанд илтгэгч гишүүн оролцогчийн талаарх тайланг танилцуулах бөгөөд тайлантай холбоотой асуултыг бусад гишүүн асууж болно. Ажлын хэсэг оролцогчийг үнэлэхэд нэргүй эсхүл нотолгоогүй мэдээллийг ашиглахгүй.

10.3.Нэр дэвших тухай хүсэлт, цугларсан баримт бичиг, мэдээлэл, томилгооны сонсголын дүн, илтгэгч гишүүний тайланд үндэслэн оролцогч энэ журмын 2.1, 2.2-д заасан шаардлага тус бүрийг хэрхэн хангаж байгаа талаар Ажлын хэсэг үнэлгээ хийж сонгон шалгаруулна.

10.4.Ажлын хэсгийн гишүүд энэ журмын 2.1, 2.2-д заасан шаардлагыг хамгийн сайн хангасан нэг оролцогчийг нэр дэвшигчээр санал болгох тухай шийдвэрийг санал нэгтэйгээр гаргана. Санал нэгтэйгээр шийдвэрлэж чадаагүй бол хуралдаанд оролцсон гишүүний дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд цөөнх болсон гишүүн тусгай саналаа үндэслэлийн хамт бичиж энэ журмын 10.5-д заасан тайланд хавсаргана. Ажлын хэсгийн гишүүн нэг санал өгөх эрхтэй бөгөөд нэг саналыг нэг оноотой дүйцүүлэн тооцно.

10.5.Энэ журмын 10.4-т заасны дагуу шалгарсан нэр дэвшигчийн талаарх тайланг дараах агуулгаар бэлтгэж, хуралдаанд оролцсон Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурна:

    10.5.1.нэр дэвшигч нь энэ журмын 2.1, 2.2-д заасан шаардлагыг хэрхэн хангаж Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн болоход хамгийн сайн тохирно гэж үзсэн үндэслэл;

    10.5.2.сонгон шалгаруулалт нь хууль болон энэ журмын дагуу явагдсан тухай.

10.6.Ажлын хэсэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор тайлан, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

10.7.Энэ журмын 10.5-д заасан тайланг долоо хоногийн дотор www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

10.8.Хууль зүйн байнгын хороо Ажлын хэсгийн сонгон шалгаруулсан нэр дэвшигч Комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар санал, дүгнэлт гарган Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

 

 

 

---оОо---


  2021-05-10 14:25  263