ХХ зууны Монгол Төрийн тамга

  2018-02-08 18:17   1017

Монголчуудын тусгаар тогтнолын төлөөх Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, 1911 онд Олнаа өргөгдсөн Монгол Улс байгуулагдсанаар Манж Чин улсын үед хэрэглэж байсан тамга тэмдэг, сүлд далбааг өөрчилж үндэсний зан заншил, шүтлэг бишрэлийн зүйлсийг тусгасан төрийн бэлгэдлийн зүйлс, тамга тэмдгийг шинээр үйлдэн хэрэглэх болжээ. Тухайлбал, Богд Жэвзүндамба хааны төрийн тамгыг хаш эрдэнээр хийж, түүнд Монголын эртний төрийн бэлгэдлийг сэргээн хэрэглэж, тамганы үсгийг соёмбо, дөрвөлжин, уйгуржин монгол үсгээр сийлж, эзэн хааны алдрыг оруулан “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” хэмээн бичсэн байна.

Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталж, БНМАУ-ыг байгуулснаар 1924 онд Монгол оронд Бүгд Найрамдах Засаг тогтож, Үндсэн хуулийн ёсоор Улсын Их Хурал, Улсын Бага Хурал гэх нэн шинэхэн төрийн институциуд бүрэлдэн бий болов. Анхдугаар Үндсэн хуулинд төрийн тамганы хийц байдлыг “Улсын Их Хурлаас дараалан Засгийн газар олон яамд, албан газруудын тамгыг цөм дөрвөлжин бөгөөд нүүрний дунд Соёмбо хэмээх эрхэм үсэг, нүүрний хоёр этгээдэд уул газрын нэр сэлтийг үйлдүүлэн гүйцэтгүүлбэл зохино” хэмээн заажээ. Ийнхүү шинээр эмхлэн байгуулагдсан Улсын Их Хурал, Улсын Бага Хурлын тамгыг Дотоод яаманд ган төмрөөр урлан бүтээсэн байдаг.  

БНМАУ-ын төрийн байгууллагуудын тамга тэмдэгийн дардас 1930 оны үеэс эхлэн уламжлалт дөрвөлжин хэлбэрийг орхин ихэнхдээ дугуй хэлбэртэйгээр бүтээгдэх болсон бол 1940 оноос улсын хэмжээнд металь /төмөр, гууль/ эдээр хийгдсэн тамга бараг хэрэглэгдэхээ больж, үүний оронд ихэвчлэн резин ул бүхий модон тамганууд хэрэглэгдэж эхэлсэн байна. Гагцхүү АИХ, түүний Тэргүүлэгчдийн газар зэрэг төрийн дээд байгууллагад металь тамга цөөн тоогоор хэрэглэгдэх болжээ. Мөн дардасны дүрслэл нилээд өөрчлөгдөж тамганд “Соёмбо” үсэг дүрслэгдэх нь илт багасч хавсарга маягаар дүрслэгдэх болов.

БНМАУ-ын 1940, 1960 оны Үндсэн хуулиудад баталсан Төрийн сүлдийг тухайн үеийн Улсын Их Хурал, Улсын Бага Хурлын тамганы дардаст голлуулан томоор дүрсэлж эргэн тойрон байгууллагын нэрийг бичсэн байдаг. 

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганаар 1990 оны IX сард Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийг сонгон баталж тэдгээрт эх биеийг модоор, дардасыг резинээр урласан тамгадыг олгосон байдаг. Ийнхүү түүхэн шилжилтийн үед сонгогдон ажиллаж байсан БНМАУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарын тамга 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл ашиглагдаж байсан түүхийн ихээхэн үнэ цэнэтэй үзмэр болно. 


  2018-02-08 18:17   1017