Цэс

Холбоо барих

“Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын талаар” мэдээлэл сонслоо

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.03) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-ын даргын Зөвлөл хуралдан энэ асуудлаар тодорхой ажил хийх болсон талаараа мэдээлсэн. Тухайлбал, УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор ирэх долоо хоногт ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, хүүхдийн хорих анги, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллах аж. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл болон хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг УИХ-ын Тамгын газрынханд үүрэг болгов. Хүүхдийн эрхийг зөрчиж, хохироосон, хүчирхийлсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах талаар УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөл боловсруулсныг яаралтай өргөн барих, хэлэлцүүлгүүд зохион байгуулах талаар чиглэл өглөө.

Дараа нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын талаар” мэдээлдэл хийв. 


Тэрбээр, хаврын улиралд өнжмөл өвс, унанги мод ихээр хуримтлагдах, хур тунадас, чийгийн дутагдлын улмаас ихээхэн хуурайшилт үүсэх, салхины хурд, хүч нэмэгдэж, шуургатай өдрийн тоо олшрох зэрэг олон талын нөхцөлийн улмаас ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Ийм эрсдэлтэй цаг үед ард иргэдийн болгоомжгүй байдлын улмаас унтраагаагүй хаясан тамхи, машин техникийн яндангаас үсэрсэн оч, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байна. Энэ хаврын байдлаар хуурайшилтын улмаас олон улс оронд ой хээрийн түймрийн гаралт, цар хүрээ ихтэй байна. Манай улсын хувьд өнгөрсөн 3,4 дүгээр саруудад баруун болон төвийн аймгуудын нутгаар тодорхой хэмжээгээр хур тунадас орж, хөрсний чийг зохистой түвшинд байгаа бол зүүн аймгуудын нутгаар хур тунадас бараг ороогүй, хуурайшилт ихтэй, гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байгааг танилцуулгадаа онцолсон. 

Улсын хэмжээнд 2019 оны 05 дугаар сарын 02-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай, нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна. Эдгээр түймэртэй тэмцэхээр Онцгой байдлын байгууллагаас 1253 алба хаагч, 148 автомашин, ЗХЖШ-аас нисдэг тэрэг 7 удаа, Хил хамгаалах байгууллагаас 120 алба хаагч, 20 автомашин, Цагдаагийн байгууллагаас 17 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1782 иргэн, 213 автомашин, 17 мотоцикль, 69 морь, нийтдээ 3172 хүн, 7 нисдэг тэрэг, 383 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мөн Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгаврыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” хамтарсан тушаалаар түймрийн аюулын үнэлгээг харгалзан тухайн аймаг, суманд явуулж буй ойн арга хэмжээ, иргэдийн аялал зугаалга, ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хориглох, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий жижүүр ажиллуулж байна. Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний ой, хээрийн гал түймэр унтраах автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг, нутгийн иргэдийг татан оролцуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Цаашид ч Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт ихтэй, гал түймрийн эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг дарга 04 дүгээр сарын 18-ны өдөр “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/329 тоот захирамж гаргаж 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулах, ил задгай гал түлэхийг хориглох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна гэж байлаа. 

Сүүлийн жилүүдэд Монгол-Орос-Хятад улсын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж, гурван улсын хил орчмын байгалийн экологи, эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байна. Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх хүрээнд ОХУ-ын Засгийн газартай 1995 онд байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн дагуу хоёр орны хамтарсан комиссын уулзалтыг зохион байгуулж, ажиллаж байна. ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс аймгийн улсын хилийн шугамын дагуу нийт 10-30 м өргөнтэй, 800 гаруй км урт үргэлжилсэн түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулсан нь гал түймрийн эрсдэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж үр дүнгээ өгч байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдсан. 

  Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цаашид Улсын хил дамнан гарч буй ой, хээрийн түймэр, ялангуяа хоёр хөршөөс орж ирсэн түймрийн хурд их, эрчим өндөртэй, ихээхэн талбайг хамарсан түймэр олон тохиолдож байгаа тул урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад ихээхэн хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах болсныг дурдаад цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлсэн. Тухайлбал, Монгол улсын газар нутаг өргөн уудам, хүн амын нягтшил бага байгаатай холбоотойгоор үүссэн ой, тал хээрийн түймрийг цаг хугацаа алдалгүй шуурхай илрүүлэхийн тулд хүн хүчнээс гадна шинжлэх ухаан технологийн ололт амжилт, дэвшилтэт технологиудыг ашиглан хиймэл дагуулын зураглал, нисдэг дрон, байнгын ажиглалтын камер зэрэг төхөөрөмжүүдээр гал түймрийн эрсдэлтэй газар нутгийг өргөнөөр хамруулах, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан байнгын ажиглалт хийдэг байх шаардлагатай байна гэсэн юм. 

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын Дэд дарга, генерал Г.Арвинбуян болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцов. 


Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

 Гишүүдийн зүгээс ой, хээрийн  гал түймрийн дийлэнх  хувь нь хүний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй тул иргэд аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхааруулахын зэрэгцээ ОБЕГ-ын алба хаагчдыг хувцас, техник хэрэгслээр хангах, төсөв санхүүжилтийг нь нэмэх шаардлагатай гэж байлаа. Мөн ой, хээрийн гал түймрийг унтраахад зарцуулсан хөрөнгө,  хохирлын хэмжээний зардлын харьцуулсан судалгаа болон нийт гарсан түймрийг бүрэн унтрааж дуусгасан эсэхийг лавлав. Түүнчлэн Хэнтий аймагт хил дамнан орж ирсэн гал түймрийн нөхцөл байдал, ОБЕГ-ыг нисдэг тэрэг болон, бусад техник хэрэгслээр хангах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан. 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1075 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 0.2 сая га ой, 13.8 сая га бэлчээр, нийт 14.0 сая га талбай түймэрт өртөж, байгаль экологи болон эд материалд 203.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Одоогоор ОБЕГ-т нэг ч нисдэг тэрэг байхгүй. Засгийн газар Франц улсаас урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлийн зээлээр гурван нисдэг тэрэг авахаар ажиллаж байгаа бөгөөд уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж, танилцуулна. Энэхүү нисдэг тэргүүдийг Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам, ОБЕГ буюу төрийн байгууллагуудын дунд хэрэглэнэ гэж Монгол Улсын Шадар сайд хариултдаа дурдлаа. Мөн тэрбээр, он гарснаас хойш 48 ой, хээрийн түймэр гарсан бөгөөд ОБЕГ-ын алба хаагчид цаг тухайд нь унтрааж дуусгаад байгааг онцлохын зэрэгцээ  Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Онон баг “Хашлиг” гэдэг газар Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Энэхүү гал түймрийг унтраахаар Өмнөговь, Дорноговь, Говь-Cүмбэр аймгаас нэмэлт хүн, хүчийг төвлөрүүлэн ажиллуулж байна гэж байлаа. 

Харин ОБЕГ-ын Дэд дарга, генерал Г.Арвинбуян, 2017, 2018 онд нийт 302 удаагийн ой, хээрийн  түймэр гарч, 1.1 сая га газрыг хамарсан  бөгөөд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тооцоо бий. Нийт хохирлын хэмжээтэй харьцуулбал ой, хээрийн түймрийг унтраах зардал 0.5-1.0 хувийг  л эзэлдэг гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. 

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нар Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар, үүнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналд улсын батлан хамгаалах, аюулгүй байдал гэж нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгадаа дурдав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсны дараа Захиргааны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй  саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 3.1.7.1 дэх дэд заалтын “гадаад бодлогыг” гэсний өмнө “батлан хамгаалах, аюулгүй байдал болон” гэж нэмэх,  төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “2/5 дугаар зүйлийн 5.1.1. заалт төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллага;” гэснийг хасах саналууд тус тус дэмжигдсэн. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн 3асгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 3ахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Энэ талаарх Засгийн газрын танилцуулгыг Шадар сайд Ө.Энхтүвшин, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар тус тус танилцуулсан. 


Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай байна үзсэн байна.

Харин Эдийн засгийн байнгын хороо энэхүү тайлангийн эхний шатны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнэв. 

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаарх холбогдох яам, агентлагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 76.7 хувь гэж гаргажээ. Үүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын болон бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хэрэгжилт 70-аас бага хувьтай гарсан нь голлон нөлөөлжээ. Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн нийт 136 зорилт, арга хэмжээнээс хэрэгжсэн 54, хэрэгжилт дутуу 73, хэрэгжээгүй 9 буюу биелэлтийг 68.4 хувь гэж үнэлжээ гэж Я.Содбаатар гишүүн танилцуулгад дурдсан.  

Мөн Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтэнд анхаарах шаардлагатай гэж үзэв. Байнгын хорооны зүгээс макро эдийн засгийн энэхүү бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ дундаж давхаргыг тэлэх бодлогын хүрээнд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хуримтлалыг дэмжих, өрхийн өрийн дарамтыг бууруулах, орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн үндсэн чиглэлийн 8.2 дахь “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах”, 10.2 дахь “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн ая тухтай сурч, боловсрох орчин, нөхцөлийг бүрдүүлэх, 13.1 дэх “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгийг өргөтгөх, байгууллагын чадавхыг сайжруулах” зэрэг ажлууд тус тус 40 хувийнгүйцэтгэлтэй байгааг онцлон тэмдэглэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэгш эрх, боломжийг бүрдүүлэх асуудлыг онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлогын хэрэгжилт 51.9 хувьтай байгааг эрчимжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлагатай байна.  Экспортын тэргүүлэх чиглэл болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт хангалттай үнэлэгдсэн хэдий ч эдийн засгийн суурь дэд бүтцүүд болох цахилгаан эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, зам тээвэр, логистикийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн 1.9 дэх заалтын “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого”-ын хэрэгжилт 70 хувьтай, 3.5 дахь “Жижиг, дунд үйлдвэр, хуваариараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх” ажил 40 хувьтай байгааг онцгой анхаарч, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих ажпыг энэ онд эрчимжүүлэх нь зүйтэй гэж байлаа.

Үндсэн чиглэлийн биелэлтийг бүхэлд нь харахад эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сайжруулах зорилтын хүрээнд институцийн чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих, инновацийг хөгжүүлэх, зах зээл дээрх төрийн оролцоог зохистой түвшинд хадгалах зэрэг бодлогын хүрээнд тусгагдсан ажилд анхаарал хандуулах нь зүйтэй. Түүнчлэн ирэх оны үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг тусгах саналыг гаргасан байна. Цаашид үндсэн чиглэлд бодлогын гол арга хэмжээг тусгах, холбогдох зардлыг тухайн жилийн улсын төсөвт бүрэн тусгаж байх, эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн. Байнгын хорооны гишүүд цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдогбайх, цаашид үндсэн чиглэл, төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангах чиглэлээр бодлогын санал боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах шаардлагагүй гэж Байнгын хороо дүгнэсэн  хэмээн Я.Содбаатар гишүүн танилцуулгын төгсгөлд дурдсан. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх үеэр Улсын Их  Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарын зүгээс Сангийн сайд гадаадад албан томилолтой ажиллаж байгаагийн зэрэгцээ, гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул уг асуудлыг хойшлуулах талаар санал гаргасныг гишүүд дэмжлээ. 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулсан.  


Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. 

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсанМонгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хэсэг байгуулах тухай” А/67 дугаар тушаал баталсан байдаг. Уг судалгааны ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай гэсэн эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоожээ. Иймд судалгааны багийн ажлын тайланд дурдагдсан нийт 567 давхардал, хийдэл, зөрчилтэй асуудлуудыг хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. 

 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт буцааж олгох талаар холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэд хэдэн журмыг батлах эрхийг олгохоор мөн холбогдох хуулийн төсөлд тусгаад байгаа гэв. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай зохицуулалтыг оруулаагүй, орхигдуулсныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаарх гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулж, стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулахаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.

 Төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо. 

Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авснаар ажлын цаг дууссан тул хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл