Цэс

Холбоо барих

Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь огцруулж, чөлөөллөө

    

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.02.01) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

    Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай  асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нар тус тус танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т “Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална.” гэж тус тус заасныг зөрчин, Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналд гарын үзэг зурсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулгадаа дурдав.


    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо  2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжсэн байна.

    Ерөнхий сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа богино хугацаанд үр дүнтэй ажилласныг онцлоод Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн том салбарын бодлогыг авч явах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах мэдлэг чадвартай, ёс зүйтэй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг шалгуураар дараагийн нэр дэвшигчийг томилохыг Засгийн газрын тэргүүнд захиж байлаа.

    Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, богино хугацаанд энэ салбарт гар нийлэн хамтарч, бас  дэмжлэг үзүүлж ажилласан Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, салбарынхандаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ, улстөрчийнхөө хувьд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг учир улстөрийн шийдвэр гаргасныг ойлгохыг хүссэн.

Ингээд Байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг  дэмжье гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь  дэмжив. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх танилцуулгыг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан. 


    Ерөнхий сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор өргөн мэдүүлээд, Ерөнхий сайд энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан байна.

    Я.Содбаатар нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын-Зам тээрвийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан тул түүнийг Засгийн газрын-Зам, тээрвийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэж байлаа.

   Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. 

    Ерөнхий сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Энхбаяр,  Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай миний хамаарал бүхий компани нэр холбогдсон. Энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага шалгаж байгаа бөгөөд удахгүй ус, тосыг нь ялгаад гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, улстөрчийн хувьд ёс зүйг эрхэмлэдгийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж байлаа.

    Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналаар Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжье гэснийг хуралдаанд оролцсон гишүүд 69,1 хувь нь  дэмжсэн. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоолын төслүүдийг баталлаа


    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг  тус тус хийлээ. 

    Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Байнгын хороо Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй байна. Байнгын хорооноос тогтоолын төслийг ердийн журмаар дагаж мөрдөх гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгууддаа дурдсан.

    Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцов. Тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа нар асуулт асууж, үг хэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоолын төслүүдээс 3,4 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

    “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус бүхэлд нь баталлаа. 

Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилов

    Үргэлжлүүлэн  Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 


    Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж.  

    Мөн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос уг зөвлөлийн орон тооны гишүүнд Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг нэр дэвшүүлсэн.

    Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

    Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

    Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд  танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр нэр дэвшигч Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. 


    Нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, З.Нарантуяа, М.Билэгт, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хуулиа дээдлэн ажиллах, төрийн албыг цомхон, чадварлаг болгоход албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургахад анхаарах, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлд судалгаа хийхийг захиж байлаа.

    Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  78,4 хувь нь дэмжив. Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулууныг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг баталлаа

     Хуралдааны төгсгөлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

    Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа аж. Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигджээ. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

    Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэнэ. Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан аж.

   Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 01 дүгээр 30-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн байна.

   Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир асуулт асуун, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын тогтоолын  төслийг батлах саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл