Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв


Гуалингаас бусад бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх саналыг дэмжлээ

       Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.09) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ.  Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсы Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  тус тус танилцуулахаар болов.

    Үргэлжлүүлэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  тус тус хийлээ. Уг хуулийн төсөлд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдлуулсан гааль, НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан олгохоор тусгажээ. 

    

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр  мод, модон бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн татвараа буцаан авахад нийт хэчнээн төгрөг зарцуулах талаар судалгаа хийсэн эсэхийг Гаалийн ерөнхий газрынхнаас тодруулав. 

Ажлын хэсгийн зүгээс, импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд, нийтдээ 19 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, таван жилийн дунджаар үзэхэд жилдээ энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд 2.5-3 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэсэн судалгаа бий. 2018 оны эхний улирал буюу 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл аж ахуйн нэгжүүд энэ төрлийн татварт 97,8 сая төгрөг төлсөн  байна хэмээн хариулж байлаа. 

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан "Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах" горимыг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.    

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм. 


АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь (МСК) Монгол Улстай Компакт гэрээ байгуулах мэдэгдлийг АНУ-ын Конгресст 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн ба мөн сарын 19-ний өдөр МСК-ийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороогоор Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг хэлэлцэн дэмжиж,  төслийн саналаа Монголын талд ирүүлжээ. Компакт гэрээний төслийг УИХ, холбогдох Байнгын хороотой зөвшилцсөний дараа гэрээний төслийг МСК-д хүргүүлэх юм. Энэхүү Компакт гэрээний хүрээнд нийт 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох бусад ажлыг гүйцэтгэх аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хөтөлбөрийн нийт санхүүжилт урьдчилсан байдлаар 461 сая ам.доллар болж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хариуцах 111.7  сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар төлөвлөсөн, худаг ус гаргах газрын асуудлыг бүрэн шийдсэн эсэхийг илүүтэй тодруулав.

АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу хоёр дахь Компакт гэрээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцан гаргана. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон бусад олон улсын банк санхүүгийн байгуулагатай яриа хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа, энэ удаагийн буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулахад чиглүүлсэн. ТЭЗҮ судлагаа бэлэн, усны шинэ эх үүсвэр гаргах худаг барихад газрын маргаантай асуудал байхгүй гэдгийг онцолж байлаа.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болсон.

        Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр таницлуулгадаа, Төсвийн хүрээний мэдэгдэлд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод байдлыг хангах, төсвийг үр ашигтай хуваарилахад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн шилжүүлгийг оновчтой хуваарилах, төсвийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх,  Засгийн газрын нийт өр болон өрийн үйлчилгээний зардлыг багасгаж, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, гадаадын зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн төсөл, арга хэмжээнд зарцуулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцлоо.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Баттөмөр, О.Содбилэг, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Засгийн газар эдийн засгаа уул уурхайгаас үл хамааралтай болгохын төлөө  ажиллаж байгаа эсэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулахад хэрхэн ажиллаж байгаа талаар илүүтэй тодруулж байлаа.

Дэлхийн зах зээл  дээр алт, зэс, нүүрсний  үнэ өссөн, мөн олборлолтын хэмжээг нэмэгдүүлж төсвийн орлогыг тооцсон. Өмнө нь орлогоо хэт өндөр тооцож, зарлагаа нэмснээр зөрүү нь өр болон үлддэг байсан тул бид энэ жил төсвийн орлогоо бодитой тооцоолсон. Төсвийн орлого 2019 оны жилийн сүүлээр 1,9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Түүнчлэн 2017 оны 10 сараас эхлээд Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй. Мөн Засгийн газар уул уурхайд тулгуурласан эдийн засгаа тэлэхийн тулд зээлийн хүүгээ бууруулах, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтвортой байлгах, аж ахуйн нэгжээ сайн дэмжиж ажиллахаар зорьж байна. 2019 он гэхэд татварын багц хуулийг оруулж хэлэлцүүлнэ. Тухайлбал, жилийн 1,5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох төслийг боловсруулаад байна хэмээн  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулж байлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх алхмуудаа тодорхой болгох, инфильяци  8 хувь байгааг багасгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “Төсвийн хүрээний мэдэгдлийг харахад эдийн засгийн гол үзүүлэлтүүд нэмэгдсэн, өрийн ачаалал буурсан, хөрөнгө оруулалт өссөн байна. Энэ сайн хандлага. Хэлэлцүүлгийн явцад төсвийн зарлагаа бууруулахад анхаарч хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналыг хэлэв. 

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл