Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсэг байгуулав

  2016-08-30 01:00  454

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.08.30/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн өргөн мэдүүлсэн 2015 оны 07 дугаар 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс найруулгын шинжтэй засвар хийх санал гаргасныг Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. Ийнхүү “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

Дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Б.Ундармаа, Д.Хаянхярваа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанд оролцон, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх талаар тайлбар хийх Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2016-09-22 23:50  454