Инфографик: Патентын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

  2021-09-14 10:15  158


    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Патентын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 

 ПАТЕНТЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА  

    Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нийтлэг үндэслэл, шинэ бүтээл, ашигтай загварын хамгаалалт, шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг, түүнд хайлт, шүүлт хийх, бүтээгдэхүүний загварын хамгаалалт, патент олгох, патентын хүчинтэй хугацаа, патентын хураамж, олон улсын мэдүүлэг, патент эзэмшигчийн эрхийг хамгаалах зэрэг 9 бүлэг, 56 зүйлтэй. Тухайлбал:




    -Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгасан;

    -Хуулийн зарим нэр томьёоны /шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээлийн түвшин агуулсан, зохиогч зэрэг/ тодорхойлолт нь оновчгүй, ойлгомжгүй, эсхүл давхардсан агуулгаар тодорхойлогдсоныг бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцүүлэн шинэчилсэн;

    -Аж үйлдвэрийн өмчийн эрхийн гурван үндсэн объект болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тус тусад нь бүлгээр зохицуулсан;

   -“Мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан;

    -Мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг хуульд хэт богино тогтоосон, мөн патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг эргэлзээтэй байдлаар тогтоосныг өөрчилж, хугацааг тодорхой тогтоосон;




    -Патент олгох болон патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, мөн шийдвэр гаргах үндэслэлийг тодорхой зааж, энэхүү шийдвэрт мэдүүлэг гаргагчаас гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх, түүнчлэн мэдүүлэг гаргагч мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт эдлүүлэх боломжийг бүрдүүлсэн;

    -Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан;

    -Шинэ бүтээл, ашигтай загварыг бүртгэснээс хойших харилцаа зохицуулалтгүй байсныг өөрчилж, патент эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах асуудлыг зохицуулсан;



    -Патентын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох зохицуулалттай нийцүүллээ. Энэ хүрээнд:

        -олон улсын мэдүүлэг гаргах, хүлээн авах, шүүлт хийх, олон улсын болон бусад улсын хайлт, шүүлтийн тайланг ашиглах, хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг Патентын хамтын ажиллагааны гэрээнд;үзэсгэлэнгийн давамгайлах огноо”-ны зохицуулалтыг Аж үйлдвэрийг хамгаалах Парисын конвенцод;

        -шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт хугацааны хөнгөлөлт үзүүлэх асуудал, патент олгох шалгуурыг олон улсын стандартад;

        -шинэ бүтээлд тооцохгүй зүйлсийн шалгуурыг Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн хэлэлцээрт;

      -бүтээгдэхүүний загварын хадгалалт, хамгаалалтын болон хүчинтэй байх хугацааг сунгах зохицуулалтыг Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн тухай Гаагийн хэлэлцээрт тус тус нийцүүлэн зохицуулсан байна.

    -Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагад тулгуурлан түүний эрх хэмжээ, чиг үүрэгтэй холбоотой зохицуулалтыг тусгаж, патентын харилцаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг тодорхойлсон; 

    -Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, бүртгэхтэй холбоотой дүрэм, журам батлах эрх хэмжээг холбогдох захиргааны байгууллагад олгосон. 

 

Улсын Их Хурлын Тамгын газар


  2021-09-14 10:14  158