Цэс

Холбоо барих

ТБХ: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.21) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад 05 дугаар сарын 20-ны өдөр  албан бичгээр хүсэлт ирүүлснийг танилцуулав. Уг албан бичигт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан  хоригийн хэлэлцэх  хугацааг 05 сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт тавьсныг дурдсан.  Иймд уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байна. Эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс  төсвийг алдагдлыг бууруулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг дурдаад 2020 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь хүртэл бууруулах боломж бий эсэх, Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв санд нийт хэчнээн төгрөгийн хуримтлал үүсэхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн зээлийн хүүг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа эсэхийг илүүтэй лавласан. 

Төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээгээр ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувь байна гэж тооцсон. Төсвийн алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээний эрсдэлүүд үүсэх магадлалтай тул ингэж тооцож оруулсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцолсон. Мөн тэрбээр, Төсвийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сангууд маань өртэй байсан бол 2019 оноос Ирээдүй өв сан өргүй болж эхэлнэ. Иймд уг санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд гаруй төгрөг хуримтлагдана гэж тооцож байгаа гэв. Түүнчлэн зээлийн хүүг  захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдгийг дурдаад 2016 онтой харьцуулахад зээлийн хүү 3 пунктээр буусан. Улсын Их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж,  гарахад нь 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон. Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулж байсан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 


Үргэлжлүүлэн Засгийн газрраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.   

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах  гишүүн байсангүй. 

Мөн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2020 оны стратегийн баримт бичиг батлах тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтыг Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн шаардлагад нийцүүлэх үүднээс хавсралтын “Агуулга” -ыг хасаж, “Өмнөтгөл” хэсгийг нэрийг “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2020 оны стратегийн баримт бичиг” гэж өөрчлөх, мөн төслийн агуулга, бодлого, зарчмыг алгдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийх” гэсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Хуралдааны төгсгөлд "Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын  Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Монгол Улсын Ерөнхий аудиторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэсэн зохицуулалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйг дурдаад Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг баримталж ирсэн гэж байлаа.

Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагдаж байгаа бөгөөд ТӨ-IVA-д заасан Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адилтгасан байна. 

Төсөл боловсруулахдаа “Монгол Улсын прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоог тухай” УИХ-ын 2016 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 15 хувиар бууруулж, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын суурь цалингийн хэмжээг тооцсон гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцлов.

Тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагыг мэргэжлийн чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлэх, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх аудит хийх, мэргэжлийн өндөр түвшинд дүгнэлт гаргадаг болох ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, хараат бус байдал хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл