НББСШУБХ-ны дарга Д.Батцогтын “судалгааны үр дүн Монгол улсын төлөвлөлт болон 2015 оноос хойших хөгжлийн асуудлыг тодорхойлоход нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

  2014-03-27 00:00  337
Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
НҮБ-аас дэлхийн хэмжээнд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих ядуурал, ажилгүйдэл, хүн амын эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчны асуудлууд болон хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг өрнүүлэх ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлыг багцлан 8 зорилго, 21 зорилт, 58 шалгуур үзүүлэлт бүхий Мянганы хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн билээ.
Мянганы хөгжлийн зорилтыг улс орон бүр өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт тавин ажиллаж байна. Манай улс Мянганы хөгжлийн зорилтыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг нэгд, дэлхийн хэмжээнд дэвшүүлсэн нийтлэг зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах, хоёрт, “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” зорилтыг чухалчлан үзэж, дээрх нийтлэг зорилго, зорилт дээр нэмж тусган хэрэгжүүлж байна.
НҮБ-ын Мянганы Хөгжлийн зорилтуудыг (МХЗ) Монгол Улсын Их Хурал 2005 оны 25 дугаар тогтоолоор, 2008 оны 13-р тогтоолоор МХЗ-уудад суурилсан Үндэсний Хөгжлийн Цогц бодлогыг баталсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороог Монгол Улсын Мянган хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусгах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулан ажиллуулж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан Үндэсний Хөгжлийн Цогц бодлогод Монгол Улсын хөгжлийн гол чиглэл, шат үе, дэс дарааллыг Мянганы Хөгжлийн зорилтуудтай уялдуулан тодорхойлж өгсөн бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын түвшинд стратегийн хөгжлийн төлөвлөлт, зохицуулалт, хяналтын механизм бий болгох, бодлогын зорилтууд, тэдгээрийн биелэлт, ахиц дэвшлийг хянах, үнэлэх үзүүлэлтүүдийг олон улсын түвшинтэй харьцуулах, зах зээлийн орчинд тохируулан хэрэгжүүлэх үүргийг өгсөн.
Мөн Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцын талаарх тайлан, илтгэлийг хоёр жил тутамд хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч ирлээ.
Өнгөрсөн хугацаанд тус Дэд хороо Үндэсний таван илтгэлийг хэлэлцсэн байна. Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо тав дахь удаагийн илтгэлийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж сайшаахын зэрэгцээ дээрх илтгэлтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар Дэд хорооны тогтоолыг баталж, Засгийн газарт тодорхой асуудлуудаар чиглэл өгсөн.
Энэ удаагийн илтгэлийг боловсруулсан багийнхан Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд тулгарч буй шалтгаан, хүндрэлийг тодорхойлохоор ядуурал ихтэй болон багатай хангайн бүсийн 4 аймгийн 12 сумдыг хамруулсан чанарын судалгааг хийжээ. Ингэснээрээ тайлан, илтгэлийг улам илүү бодитой гаргах, нэгдсэн тоон мэдээллийн шинжилгээ болон хөтөлбөрийн хэрэгжилтэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаарх ойлголтыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой болсон байна. Дэд хорооны тогтоолд:
-Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудаас 2015 он гэхэд хүчин чармайлт гаргаж, нэмэлт арга хэмжээ авснаар хэрэгжих боломжтой гэж үзсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвийн төсөлд тусгах;
-Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцыг 2015 онд дүгнэх гэж байгаатай холбогдуулан Засгийн газар үндэсний тайланг жил бүр хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
-Ядуурал буурахгүй байгаа бодит шалтгаан, үр дагаварт дүн шинжилгээ хийж, Монгол Улсад ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөр, стратегийг боловсруулж, түүнд чиглэсэн арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх тухай асуудлыг Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэх;
-Яамдаас гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх тоон мэдээлэл, Үндэсний статистикийн хорооны тоон үзүүлэлттэй зөрүүтэй гарч байгаад дүгнэлт хийж, шалгуур үзүүлэлт, тоон үзүүлэлтийг гаргадаг аргачлалаа нэг мөр болгох;
-Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх 9 дэх зорилгын шалгуур үзүүлэлт, аргачлалыг сайжруулах;
-2015 оноос хойш Монгол Улсын хөгжлийн зорилтыг тодорхойлох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах тухай асуудлыг тусгасан болно.
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцын талаарх Үндэсний тав дахь илтгэлээс үзэхэд зарим зорилтууд тухайлбал, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сүръеэгийн өвчлөлийн түвшинг бууруулах, хот суурин болон хөдөө орон нутаг дахь хөгжлийн ялгааг бууруулах, байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах зэрэг зорилтуудын хувьд 2015 он хүртэлх үлдэж буй хугацаанд хэрэгжилтийг нь улам илүү эрчимжүүлэх бодлогыг боловсруулж, ажиллах шаардлагатай нь харагдаж байна. Энэ асуудлуудаар төрийн байгууллагуудаас гадна улс төрийн нам, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг нийт үндэсний хэмжээний оролцогч талууд болон НҮБ, гадаадын түнш, хандивлагч байгууллагуудтай нягт хамтарч ажиллах шаардлагатай байгааг би тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Түүнчлэн бүх нийтийг хамарсан тогтвортой, хангалттай цалин хөлс бүхий ажлын байруудыг шинээр бий болгохгүйгээр Мянганы хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг ч анхаарах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн үед саарсан хэдий ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа бөгөөд эдийн засаг өсөхөд хүн амын дийлэнх хэсгийн орлого үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нөхцөлийг төр, засгийн бодлогоор бий болгох шаардлагатай байна.
Манай улс 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн асуудлаа оновчтой томьёолох үүднээс Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг арилгах зорилтуудаа ажил хэрэг болгон эрчимжүүлж, үлдэж байгаа нэг жилийн хугацаанд илүү эрч хүчтэй, далайцтай ажил өрнүүлэх хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд уг төслийг хаврын чуулганаараа батална. Энэ хууль НҮБ-ын 2000 оны “Мянганы хөгжлийн тунхаглал”, Их Хурлаас 2005 онд баталсан Мянганы хөгжлийн зорилтын үр дүн болох болно гэж үзэж байна.
Ингээд та бүхнийг өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, тулгамдсан асуудлыг олон талаас нь тунгаан хэлэлцэж, өөрсдийн зохих хувь нэмэрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа.

  2016-09-22 08:42  337