Инфографик: Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

  2021-04-02 10:17  192

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 



Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилдог байсныг өөрчилж Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар тус тус томилохоор зохицуулсан. 

Засгийн газар нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрийн бүтэц, нэгжээрээ дамжуулан Авлигатай тэмцэх байгууллагын гүйцэтгэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй байна. 

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их хурлаас томилохдоо Нийтийн сонсголын тухай хуульд заасан томилгооны сонсгол зохион байгуулж томилохоор зохицуулсан нь тухайн томилогдох албан тушаалтны талаар иргэд тодорхой мэдээлэлтэй болох, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэж байна.  

Улсын Их Хурлын Тамгын газар


  2021-04-05 10:17  192