Өргөдлийн байнгын хороо хоёр асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов

  2018-06-27 01:29  523

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.06.27/ 11 цаг 15 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Хуралдааны эхэнд иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийг судалж, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, БХБЯ, МХЕГ, Нийслэлйийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт /2018.06.20/ зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалтаар өргөн хэрэглэх болсон нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, аюулын түвшинд байгаатай холбогдуулан уг асуудлыг төрийн бодлогын түвшинд авч, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж, хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд, иргэд болон төрийн бус байгууллагаас гарсан саналыг нэгтгэн өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байна гэлээ.


Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тэрээр, энэхүү чухал асуудлыг Байнгын хороогоор хэлэлцүүлж буйд талархал илэрхийлээд хуванцар сав тэр дундаа орон нутагт өргөнөөр хэрэглэгддэг “цэнхэр сав”-ыг ахуй хэрэглээнээс халж, хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай саналаа өмнө нь МУ-ын Ерөнхий сайдад уламжилж байсан гэлээ. Түүнчлэн энэ асуудлыг өнөөдөр төрийн түвшний хүрээнд хэлэлцэж буй учир холбогдох яам, газар шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуванцар савны хэрэглээг нийгэмд таниулж, гэгээрүүлэх ажлыг эрчимтэй явуулахын сацуу химийн хортой бодис агуулсан хуванцар савыг хэрэглэхгүй байх, мөн хяналтыг сайжруулах шаардлага үүсч байна. Иймд химийн хортой бодис агуулсан хуванцар савны хэрэглээний хяналт хэрхэн тогтоогддог мөн цаашид авах арга хэмжээний талаар ажлын хэсгийн гишүүдээс тодруулав. 


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү хийсэн тайлбартаа, хуванцар савны хэрэглээнд хяналт тавих ажил тогтмол хийгдэж, шаардлага хүргүүлдэг. Шалгалтын дүнд Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын 90 хувь нь хуванцар бус ган дотортой аяга, таваг хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Мөн нийтийн хоолны газарт шаардлага хүргүүлж, хяналт тавин ажиллаж байгаа. Харин химийн хортой бодис ихээр агуулсан “цэнхэр сав”-ыг хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэл өгч ажиллаж байна гэлээ. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тодруулга авч, байр сууриа илэрхийлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав. 

Тус тогтоолын төсөлд иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу дараахь асуудлыг судлан шийдвэрлэхийг чиглэл болгосон байна. Үүнд,

1/аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах;

2/ахуйн хэрэглээний хуванцар савыг олон улсын ангиллын дагуу кодлох, зориулалтаар ялган бүртгэх, химийн бодис, түүний сав, баглаа боодлын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох, холбогдох хяналтыг сайжруулах

3/хүнсний сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах лабораториудын чадавхийг сайжруулах, хорт бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж туршин нэвтрүүлэх, ундны ус, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шингэн хүнс савлахий савны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалттай хуванцар савны үндэсний стандарт, ыг боловсруулах, хавдар, өвчлөл үүсгэгч бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж, савнаас хүнсэнд шилжих шилжилтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартг боловсруулж  мөрдүүлэх;

4/хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг тодорхой болгох эко төлбөрийн хуулийн төсөл боловсруулах;

5/химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах.

Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонхийг дэмжлэгийн авлаа.


Мөн өдрийн хуралдаанаар Туул гол  бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгасан эсэх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэж буй асуудлыг танилцуулахдаа, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдлийг судалж, холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар авах, мэдээлэл, судалгаа гаргуулах, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах, ажлын хэсэг байгуулах, хэлэлцүүлэг хийх зэрэг ажиллагааг явуулсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 02, 03 дугаар тогтоолыг гаргаж, хэрэгжилтэд нь Өргөдлийн байнгын хороо хяналт тавьж ажилласан болно. Тус Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдох байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Иймд өнөөдрий хуралдаанаар хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгасан эсэх талаар мэдээлэл сонсоно гэлээ.

Ингээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдээлэл хийв. Тэрээр, одоогоор нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж 2307, энгийн хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж 11731 байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас энгийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих эрх авч, барилга барьсан 530, барилга байгууламж барихаар төлөвлөж буй 273 аж ахуйн нэгж байна. Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундрага, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор 2016 оноос хойш 9 ажил хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, Туул голын хамгаалалтын бүсэд 250 иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, нэр шилжүүлэх шийдвэр гаргаагүй болно. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 95 тусгай зөвшөөрлийг А/609 дүгээр захирамжаар цуцалсан гээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулав. 

Үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар мэдээлэл хийв. Тэрээр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018.02.23-ны өдөр хууль бус барилга байгууламжийг тухай А/37 дугаар тушаалыг гаргасны дагуу холбогдох дүүргийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлсний хүрээнд Зайсангийн амны Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй 5 давхар араг бүтээцийн барилгыг буулгаж байна. Мөн “Зүүнбаян рэйфайнери” ХХК-ийн хууль бус барилга байгууламжийг буулгах захирамж гаргаж өгөхийг хүссэн. Түүнчлэн Туул голын усны урсцад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар мэдээлэл хийж, зарим чиглэлд анхаарлаа хандуулж холбогдох газруудад үүрэг болгосон Өргөдлийн байнгын хорооны тогтоол гаргаж өгөхийг хүсье гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ажлын хэсгээс хийсэн мэдээлэлд, 54 га газрыг чөлөөлсөн гэж байгаа боловч нийт хэдэн га газрыг чөлөөлөх шаардлагатай, мөн чөлөөлж чадахгүй байгаа шалтгааныг тодруулав. 

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хариулахдаа, нийт 84 га газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай боловч зарим газар нь хамгаалалтын бүсээс гарсан. Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх нутаг дэвсгэрт 4 аж ахуйн нэгж газар чөлөөлөгүйн улмаар хүндрэл үүсч байна гэв.


Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хийсэн тайлбартаа, нийслэл газар олгох асуудалд ямар ч холбогдолгүй, яам газраа олгож дууссан бол нийслэл хот төлөвлөлтийн ажлаа хиймээр байна гэсэн байр суурь илэрхийлж байв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ядарсан хүмүүсийн газар эзэмших эрхийг цуцалдаг боловч задарсан хүмүүсийн эрхийг цуцалж чадахгүйд өнөөдрийг хүрч байна. “Зүүнбаян рэйфайнери” ХХК-ийн лицензийг яагаад цуцалж чадахгүй байгааг тодруулав. 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах хариултдаа, Баянзүрх дүүрэгт А/107 тоот тушаалд газар чөлөөлөх жагсаалтад тухайн аж ахуйн нэгжийн нэр байгаагүй, хэрэв албан тоот ирүүлбэл чөлөөлөхөд бэлэн гэлээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар өмнөх хуралдаанаар Байнгын хорооноос хууль бусаар барьсан хашаануудыг буулгах үүрэг, чиглэл өгсөн. Өнөөдөр хэдэн хашаа буулгасан талаар тодруулж байлаа. Мөн Туул голын дагуух газруудад автомашин бүү хэл хүн гишгэх газаргүй болсон эдүгээ цагт газар төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулдаг талаар асууж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, одоо мөрдөгдөж байгаа хоёр хуулийн заалт байдаг. Үүнд, газар эзэмших эрхийг ямар тохиолдолд цуцалдаг вэ гэвэл хэрэв барилгын ажлын горим, стандарт буруу хийгдсэн. Хоёрт, газар олгох эрх тухайн газар нутгийн Засаг дарга олгодог учир Нийслэлд газар чөлөөлөх эрх мэдэл байхгүй гэсэн тайлбар хийв. Түүнчлэн, Байгаль орчны яамтай хамтарч өмнө нь олгосон газрын 30 хүртэлх хувийн газрыг чөлөөлж, амралт болон автомашины зогсоол байгуулбал нийслэлийн хөрөнгөөр тохижилтын ажлыг хийхэд бэлэн гэв. 


Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгахаар болсныг мэдэгдэж, тогтоолын төслийг танилцуулав. 

Үүнд, байгаль орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчин үйл ажиллагаа явуулсан, холбогдох хууль тогтоомж болон гэрээгээ зөрчсөн газар эзэмшигч, ашиглагчийн асуудлыг цэгцлэх; Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу барилга барьсан иргэн, газрыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн солих буюу эргүүлэн авах, нүүлгэн шилжүүлэх, зориулалт өөрчлөн барьсан барилга байгууламж, суурьшлийн бүсийн асуудлыг татварын механизмаар зохицуулах зэрэг хэд хэдэн чиглэл багтсан байна.

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар уг тогтоолын төсөл батлагдснаар өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 


  2018-06-27 17:42  523