Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм /Монгол Улсын Их Хурлын 2009 оны 34 дугаар тогтоолын хавсралт/

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын Их Хурлын гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

1.2.Монгол Улсын Их Хурлын гишүүн /цаашид ”Гишүүн” гэх/ нь үйл ажиллагаандаа энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтлахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг дагаж мөрдөнө.   

Хоёр.Албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ 

2.1.Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална:

 2.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах;  

 2.1.2.хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх;

2.1.3.бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүлээн авсан нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг  баримтлах;

2.1.4.төрийн байгууллагын албан хаагчаар зөвхөн албаны чиг үүрэгт нь хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлж байх;

2.1.5.Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

2.1.6.хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;

2.1.7.ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх.       

Гурав. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ

3.1.Гишүүн нь нийт иргэн, төр, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална:

3.1.1.төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн нөөц болон мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглах;

3.1.2.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зохих  зөвшөөрөлгүйгээр Монгол Улстай холбоотой аливаа асуудлаар гадаадын байгууллага, албан тушаалтанд амлалт өгөхгүй байх;

3.1.3.албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх;

3.1.4.албан тушаалын үүрэг хариуцлагатай нь харшилсан санхүү, худалдааны болон бусад ижил төстэй ямар ч хэлбэрийн хэлэлцээрт оролцохгүй байх;

3.1.5.төрийн өмч, үйлчилгээ болон мэдээлэл /ажил үүргийн дагуу олж авсан мэдээлэл, мөн өөрийн ажил үүрэгт холбогдолгүй ч албан тушаалынхаа хүрээнд олж авсан мэдээлэл/-ийг хууль бусаар ашиглахгүй байх.

3.2.Гишүүн аливаа аж ахуйн нэгж, байгууллагын болон санхүүгийн нөлөөнд автахгүй байх, албаны эрх, үүргээ хувийн зорилгоор ашиглахгүй байх үүднээс холбогдох хууль тогтоомжийг мөрдөх бөгөөд дараахь үйлдэл хийхийг хориглоно: 

3.2.1.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг  ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах,  давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх; 

3.2.2.бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэх болон хууль ёсны шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлөх;

3.2.3.албан тушаалын хувьд ижил зэрэг зиндааны болон өөрт нь захирагддаг, эсхүл үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг албан тушаалтанд хууль бусаар нөлөөлөхийг оролдох;

3.2.4.албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бус орлого, ашиг хонжоо, давуу тал олох зорилготой бусад үйлдэл хийх.

3.3.Гишүүн хууль тогтоомжоор хориглосон аливаа ажил, албан тушаал эрхлэх, түүнчлэн цалин хөлс, урамшуулал авах, өгөхийг шаардахыг хориглоно.

3.4.Гишүүн  шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл  санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа Ёс зүйн дэд хороонд мэдэгдэнэ.

Дөрөв. Хөрөнгө, орлогын мэдүүлэг, албан томилолттой холбогдсон ёс зүйн хэм хэмжээ 

4.1.Гишүүн хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ сахин биелүүлнэ. 

4.2.Гишүүн хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөний дагуу улс төрийн намд сонгуульт албан тушаал эрхлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажил хавсран гүйцэтгэснээс олох орлогын хэмжээ нь гишүүний жилийн үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байвал зохино.

4.3.Гишүүн иргэдийн боловсролыг дээшлүүлэх, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор яриа хийх, илтгэл тавих, өгүүлэл, ном бичсэнийхээ төлөө урамшуулал авч болох бөгөөд энэхүү орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгт заавал тусгана.

4.4.Гишүүн гадаад, дотоодод томилолт, аялалаар явахдаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг гаргуулах ба удирдамж, чиглэлийг чанд баримтална.

Тав.  Шагнал, бэлэг дурсгал хүлээн авахтай холбогдсон ёс зүйн хэм хэмжээ

5.1.Гишүүн нь Улсын Их Хурлын гишүүний нэр хүндэд харш үйлдэл хийхгүй байх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална:

            5.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын  зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон медаль, төрийн бусад шагнал авахгүй байх; 

5.1.2.Улсын Их Хурлын удирдлагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн зөвлөл, иргэнээс аливаа өргөмжлөл, шагнал авахгүй байх;

5.1.3.албан үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө болон хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлын төлөө иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс  мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх, хууль бусаар бусад бэлэг авах, хангамж эдлэхгүй байх; 

            5.1.4.эрх мэдлийнхээ хүрээнд хянан шалгаж байгаа байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан журмаас гадуур бэлэн мөнгө болон мөнгөөр үнэлэгдэх үнэт зүйлс авахгүй байх.

Зургаа.Сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр баримтлах ёс зүйн хэм хэмжээ 

6.1. Гишүүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон ажлын байр, санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг сонгуулийн сурталчилгааны ажилд ашиглахыг хориглоно. 

Долоо.Бусад 

7.1.Энэ дүрмийн биелэлтэд Ёс зүйн дэд хороо хяналт тавин ажиллах бөгөөд уг дэд хорооны ажиллах журмыг тусгай дүрмээр тогтооно.    

 

-----оОо----- 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.