Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 17-ноос эхлэн Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад ажиллаж, тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзан, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Түүнчлэн тус тойргоос сонгогдсон гишүүний хувьд цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцов. Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумынхны хувьд малчдын хэрэгцээг хангах жижиг тэжээлийн үйлдвэр барих шаардлагатай байгаа. Мөн арьс шир, ноос, ноолуур угаах үйлдвэр Цагааннуур суманд байгуулах саналтай байгаагаа иргэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай хийсэн уулзалтын үеэр танилцууллаа. Харин Зүүнбүрэн сумын өвөлжилт хүнд байгаа учир энэ асуудалд анхаарал хандуулахыг тойргийнхоо гишүүнд уламжилсан юм. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх шаардлагатай байгааг ч мөн дуулгаж байлаа.


Үүнээс гадна зарим бодлого, шийдвэрт иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, амьжиргааны түвшинг маш дээгүүр тогтоож байна, тэтгэврийн насыг нэмэх, насны хишгийг тэтгэврийн насны хөгшдөд ялгавартай тогтоон олгож байгаа нь буруу гэдгийг хэлж байв. Мөн хүүхдийн мөнгийг олгохдоо шалгуурыг өндөрсгөсөн нь иргэдээ ялгаварласан шийдвэр болсон. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн санхүүжилт өмнөх оноос хойш шийдвэрлэгдэхгүй байгаа нь ажлыг хүндрүүлж байна гэлээ.

Эрх баригчдад шаардлага тавьж, сонгогч олноо төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүний хувьд бүхий л асуудлыг анхааралдаа авч, алдаатай шийдвэрүүдийн талаар эрх баригчдад уламжлахаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ.

Тэрбээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл