НББСШУБХ: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

  2018-06-28 11:07  621

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2018.06.28/ хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.


Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагчдын нэг УИХ-ын Б.Ундармаа танилцуулав.

АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг байна. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж буй аж.

Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа билээ.


Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна хэмээн танилцуулгад дурдлаа. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн төрлийн бизнес болон цэцэглэж байгаа нь холбогдох судалгаанаас харагджээ.

Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай нь байжээ. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.

Эрүүл мэндийн яамнаас 2015 онд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ.


Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь саахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн байна.

Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж буй аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, хүүхдийн үдийн цайг үдийн хоол болгон хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэгчид, хөдөө аж ахуйн гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх чиглэлийг барьж байгаа юу хэмээн лавласан.

Хүүхдийн үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн хүнс, үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсийг хэрэглэх асуудлыг тусгасан бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа хэмээн ажлын хэсгээс тайлбарласан. Гадны бусад улсууд хүүхдийн үдийн хоолонд импортын хүнсний бүтээгдэхүүн бус үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг аж.

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа дээрх хууль, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тус зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Р.Сарангэрэл танилцуулсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тус тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрмийн хоёр дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтыг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.5-д заасны дагуу Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах ажлын албатай байх бөгөөд тус албаны дүрмийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл батална хэмээн заажээ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд Ажлын албаны дарга 1, нягтлан бодогч-аудитор 1, аудитор 3, эрүүл мэндийн даатгалын сангийн судалгааны ажилтан 2, эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтэн 1, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн 1, туслах ажилтан 1, гэрээт ажилтан 2  ажиллах юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-06-28 17:18  621