Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар Урал-Алтай хэлний бүлгийн улсуудын парламентын хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилга дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-той Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүндэт зочноо Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд Үндэсний Их Хурлын дарга Та Монгол Улсад айлчилж буй нь хоёр улсын харилцааны нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байна” гэлээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол, Туркийн харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа ч сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд сэтгэл өндөр байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентоп “Эрхэмсэг ноён Г.Занданшатар Таны урилгаар Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Монгол, Турк орон түүх, соёлын өргөн хэлхээ холбоотой. Тухайлбал “Хурал” хэмээх монгол үгийг туркээр “Курул” гэдэг. Энэ бол бидний түүхэн угсаа гарал нэгтэйн нэгэн илэрхийлэл юм” гэж үгийнхээ эхэнд хэллээ.

Тэрбээр Монгол орон, монголчууд Туркийн ард түмний сэтгэл зүрхэнд онцгой байртай байсаар ирсэн бөгөөд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байна. Гэхдээ байгаа боломжтойгоо харьцуулах юм бол чамлалттай байна хэмээгээд, тухайлбал 2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 43.0 сая ам доллар байгааг нэмэгдүүлэх, улмаар 100 саяд хүргэх боломжтой гэдгийг онцлов.

Ноён М.Шентоп парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг онцолж, үүнд парламент дахь найрамдлын бүлгүүд онцгой үүрэгтэй хэмээлээ. Мөн 2018 онд Монгол Улсад айлчилсан БНТУ-ын Шадар сайд Хакан Чавушолу-гийн айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНТУ-д айлчлахыг, 2020 онд тохиох Туркийн Үндэсний Их Хурлын 100 жилийн ойд оролцохыг урьсныг талархан хүлээж авав.

Хэлэлцээний үеэр ноён М.Шентоп Турк-Монголын хооронд хийж буй шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө. Нислэгийн тоо нэмэгдсэнээр зорчигч болон ачаа тээврийн хэмжээ мэдэгдэхүйц өсөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хамтарсан бизнес хөгжих үүд хаалга нээгдэнэ. Тухайлбал, “Туркиш Эйрлайнз”-ын нислэгийг өдөр бүр явуулдаг болсноор Туркээс жилд 75.000 жуулчин Монголд ирнэ гэсэн тооцоо гарсан гэж тэмдэглэлээ.

Түүнчлэн энэхүү асуудлыг шийдсэнээр Монголын талаас санал болгож байгаа Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборыг хамтран хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал шийдэгдэж, улмаар газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэлээ.

Тэрбээр  Туркийн олон улсын хамтын ажиллагаа, зохицуулалтын байгууллага “ТИКА”-гийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүдийн мөнгөн дүн 40.0 сая ам долларыг даваад байгааг онцолж, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байгааг нотоллоо. Мөн Туркт тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломжтойг илэрхийлээд, их, дээд сургуулиуд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, богино хугацааны, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд Монголын төрийн ажилтнуудыг хамруулах, түүх, соёлын судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа жишээнүүдийг дурдаж, цаашид өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Мөн Монгол-Туркийн хооронд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрээр 6 сарын хугацаанд 30 хүртэл хоног визгүй зорчиж байгаа журмыг 6 сарын хугацаанд 90 хоног болгож сунгах боломжтой хэмээн онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён М.Шентопын дурдсан “хурал” хэмээх үгийн жишээ нь бид үндэс язгуур нэгтэй, хэл соёлын нийтлэг байдлын зөвхөн нэг жишээ бөгөөд энэ мэт баримт жишээ маш олон байдгийг манай эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Цаашид судалгаа шинжилгээг улам өргөжүүлэх ёстой гэж тэмдэглэлээ.

Тэрбээр ноён М.Шентопын дэвшүүлсэн саналыг хамтран шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь тохиролцоо, бодлогоо нэгтгэх шаардлагатай байна хэмээн онцоллоо.

Агаарын тээврийн хамтын ажиллагааны тухайд, Монголын талаас хоёр талын суудлын тоог нэмэгдүүлж, агаарын тээвэрлэгч тус бүр 7 хоногийн 500 суудал нийлүүлэхээр байгааг 750-1000 хүртэл байхаар нэмэгдүүлэх, агаарын харилцааны хамтын ажиллагааны бусад асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн УИХ ойрын үед Ажлал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргахаар төлөвлөж байгааг дуулгаж, энэ хүрээнд  хоёр талын аялал жуулчлал, тэр дундаа түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайлбал Орхоны хөндий дэх аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлт тавилаа.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж, Турк Улсад хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн экспортлох, ТЭЗҮ-ийг нь бэлэн болгоод байгаа Дарханы арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборт ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, тусгай мэргэжлийн сургалтад хамруулахад Турк Улстай хамтран ажиллаж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Турк Улстай чөлөөт бүсийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэж, энэ хүрээнд Чөлөөт бүсийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн Туркийн талын төслийг бид судалж байгаа. Ойрын хугацаанд ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “ТИКА”-гийн шугамаар Монгол Улсад хэрэгжсэн төслүүд чухал ач холбогдолтой байсан.  Цаашид ч тус байгууллагын чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг манай хэрэгцээ, шаардлагад тулгуурлан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

            Тэрбээр Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан. Хоёр улсад амьдарч буй монгол, турк иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой уг хэлэлцээрийг БНТУ-ын Үндэсний Их Хурал ойрын хугацаанд соёрхон батална гэдэгт итгэлтэй байна гэлээ.

            Хэлэлцээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Урал-Алтай хэлний бүлэгт хамаарах улсуудын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилгыг дэвшүүлснийг ноён Мустафа Шентоп дэмжиж байгаагаа илэрхийлж, өөрийн үед ажил хэрэг болгох талаар анхаарлаа хандуулна гэв.

            Хоёр тал Монгол дахь Турк сургуулиудтай холбоотой зарим асуудал, Туркийн талаас авах хөнгөлөлттэй зээл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран оролцох зэрэг олон асуудлыг хөндөж ярилцлаа.

Хэлэлцээнд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Митхат Санжар, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоган, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн Бүлэнт Туран, Өзлэм Зэнгин, Мухаммед Лэвэнт Бүлбүл, Осман Ашкын Бак, Исмайл Тамер, Фатма Аксал, Эминэ Гүлизар Эмэжан, Аяхан Алтынташ нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.07.29

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл