ТББХ: Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив

  2020-01-30 20:49  345


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.30) хуралдаан 17 цаг 35 минутад 73.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. 

    Эхлээд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн бөгөөд уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн болохыг С.Бямбацогт дарга хэлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан”, 6.15-д “Гишүүнийг энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга, 6.6.5, 6.6.6-д заасан үндэслэлээр эгүүлэн татах, 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор тус тус зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж тус тус заасныг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заасны дагуу хүсэлтээ гаргасан байна.

    Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. 


    Иймд “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулсан. Тус танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг сонгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2020-01-30 17:58  345