Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболд саналаа өгөв

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.07) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, сонгогчийн хувиар саналаа өглөө. Тэрбээр гэргий Ж.Туяацэцэгийн хамт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1937 дугаар хэсгийн хороонд 12.00 цагт ирж саналаа өгсөн юм.



    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд саналаа өгснийхөө дараа нийт иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Сонгогч олон Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Иргэний хувиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хурааалтад оролцож, саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль удаан үргэлжилж байна. Ерөнхийлөгчөө сонгох сонгууль анх удаагаа хоёр шаттай болж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдийг талцуулах, элдэв хар сурталчилгаа явуулах, хууль бус үйлдэл хийх зэрэг үйлдлүүд их гарсанд харамсаж байна.

    Би эв нэгдлийг эрх мэдэл, албан тушаалаас илүү эрхэмлэдэг хүн. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр сонгох эрхээ эдлэх ёстой. Гэвч зарим улс төрийн хүчний зүгээс иргэдийн сонгох эрхэнд халдах оролдлогыг хийж байна. Жишээлбэл, сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа “М.Энхболд намайг сонгоорой” гэж хэлбэл хууль зөрчсөн хэрэг болно. Гэтэл “Цагаан хуудас өгөөрэй” гэж сонгогчийн эрхэнд халдаж байгаа нь зохисгүй хэрэг юм. Тиймээс иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгөх нь зүйтэй гэдгийг хэлмээр байна.

    Хоёр дахь санал хураалтын ирц бүрдэж, сонгууль өнөөдөр өндөрлөөсэй хэмээн хүсч байгаагаа илэрхийлье. Монголчууд “Наадмын маргааш намар” гэж ярьдаг. Зун эхэлсэн сонгууль намартай золгох нь зохимжгүй юм. Тиймээс наадмын өмнө сонгуулиа өндөрлүүлэхийн тулд сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалж байна.

    Монгол түмний морь нь хурдан, бөх нь хүчтэй, харвасан сум нь онч мэргэн байж, дэлгэр сайхан наадахын ерөөлийг нийт иргэддээ дэвшүүлж байна” гэв.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1937 дугаар хэсгийн хороо 2562 сонгогчтой. Санал хураалт эхэлсэн өглөөний 07.00 цагаас хойш 11.40 цагийн байдлаар 619 сонгогч буюу нийт санал өгөх иргэдийн 24 хувь нь саналаа өгөөд байв.

    Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар гурван намын төлөөлөл болон гадны хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгааг хэсгийн хорооны ахлах зохицуулагч хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл