Инфографик: Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

  2020-04-17 09:32  252

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа  Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.



Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад гэмт хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тэднийг эх оронд нь шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь олон улсын хэлэлцээр тул Улсын Их Хурлаар соёрхон баталснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болно.

2018 оны байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад гэмт хэргийн улмаас ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй. Харин Вьетнам Улсын хоёр /2/ иргэн Монгол Улсад ял эдэлж байна. 

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа тул шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.


 

Улсын Их Хурлын Тамгын газар


  2020-04-17 09:32  252