Мэдээллийг ачааллаж байна ..

Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн Улсын Бага Хурлын даргын 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4 тоот захирамжаар Улсын Бага Хурлын гүйцэтгэх аппарат “Тамгын газар”-ыг анх байгуулж, тус газрыг Зохион байгуулалтын хэлтэс, Зөвлөгчдийн товчоо, Орон нутгийн Ардын Хурлын ажлын хэсэгтэйгээр байгуулан ажиллаж эхэлсэн байна. Улсын Бага Хурлын Тамгын газар нь Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай Парламентын эх суурийг тавьж, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлахад мэргэжил, арга зүй, техник, санхүү, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ирсэн байна.

1992 оны 7 дугаар сард батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурал нь өөрийн гишүүд, Байнгын болон бусад хорооны үйл ажиллагаанд мэргэжил арга зүй, техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Тамгын газартай байна” гэж заасны дагуу Улсын Бага Хурлын Тамгын газрыг Улсын Их Хурлын Тамгын газар болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын ажлын аппарат нь түүний Тамгын газар юм. Тамгын газрыг Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана.
Ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 1992 оны 11 дүгээр захирамжаар Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Үүнд:

  • Зохион байгуулалтын хэлтэс,
  • Хууль тогтоомжийн шинжилгээ-лавламжийн хэлтэс,
  • Гадаад харилцааны хэлтэс,
  • Санхүү, үйлчилгээний хэлтэс,
  • Парламентын номын сан,
  • Хэвлэл мэдээллийн алба гэсэн зохион байгуулалтын бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар:

  • 1992-1996 онуудад Намсрайн Ринчиндорж,
  • 1996-1999 онуудад Логийн Цог,
  • 1999-2001 онуудад Баасангомбын Энэбиш,
  • 2001-2003 онуудад Дааданхүүгийн Батбаатар,
  • 2003-2008 онуудад Намсрайжавын Лувсанжав,
  • 2008.05-2008.09 дүгээр сард Данзангийн Сандаг-Очир,
  • 2008.09-2012.11 дүгээр саруудад Цэрэнхүүгийн Шаравдорж, 
  • 2012-2016 онуудад Бямбадоржийн Болдбаатар нар ажиллаж байсан.
  • 2016 оны 7 дугаар сараас Цэдэвийн Цолмон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын хэмжээ, далайц өргөжиж, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх ажлын шаардлагын үүднээс нийгмийн харилцааг зохицуулсан олон арван хууль шинээр боловсруулан хэрэгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн томоохон зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын үүргийг өндөржүүлж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох бодит шаардлага гарч Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсоор ирсэн байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын дүрмийг Улсын Их Хурлаас 2006 онд баталж, түүнийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Тус дүрэмд зааснаар Тамгын газар нь Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын болон дэд, түр хороодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, тэдгээрийг ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллаж байна.

Улсын Их Хурлын Тамгын газар нь Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө, туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан, мэргэшсэн, төрийн захиргааны байгууллага юм.


Хуралдааны тов