Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Мал төллөлт, хаваржилтын талаар сайдын мэдээлэл сонслоо

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


    Тус байнгын хорооны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад төслийн гуравдугаар хавсралтад дурдсан Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 21 цэгийн солбицол нь төслийн хоёрдугаар хавсралтад дурдсан Завхан аймгийн Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 хүртэлх цэгийн солбицолтой давхацсан зөрчил үүсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн юм.

    Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2019.05.01/ хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргасан бөгөөд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг тэрхүү саналыг дэмжин төслийн заалт хоорондын зөрчлийг арилгахын тулд төслийн гуравдугаар хавсралтад заасан Нөмрөгийн дархан цаазат газрын цэгийн солбицлыг өөрчлөн найруулах саналын томьёоллыг боловсруулжээ. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Нөмрөгийн дархан цаазат газрын цэгийн солбицлыг өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Мөн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


    Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

    Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дуусан, хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мал төллөлт болон хаваржилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, салбарын хэмжээнд мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцах, шалгах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхээр 6 ажлын хэсгийг зохион байгуулж 21 аймагт ажиллуулсныг мэдээллийн эхэнд дурдав. Ажлын хэсгүүд орон нутагт тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зарим асуудлыг холбогдох яам, агентлагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр хамтран ажилласан гэлээ.


    Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагдсан дүн гарсан гэлээ.

    Сайдын мэдээлснээр өнгөрсөн намар орон нутгаас зах зээлд борлуулах малын судалгаа авахад 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах дүн гарсан ч өнгөрсөн өвөл малчид 18.0 орчим сая толгой малыг зах зээлд борлуулсан нь тооцоолж байснаас 2.1 сая толгойгоор илүү байжээ.

    Өнгөрсөн оны намар 169.7 мянган малчин өрхөд 68.4 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар төлөвлөж мал аж ахуйн бэлтгэл ажлыг хангуулснаар 8.7 сая толгой малыг отроор, 58.0 орчим сая толгой мал аймаг, сумандаа өвөлжсөн аж.

    Энэ оны хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгийн ихэнх сумдад цас их орж эрс хүйтэрсэн, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө ашиглаж дууссаны улмаас хаваржилт хүндэрч Баян-Өлгий аймагт 10 мянга гаруй, Говь-Аптай аймагт 5600 орчим толгой мал зүй бусаар хорогджээ.

    Гуравдугаар сарын эхээр бог мал төллөж эхлэн Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь.Сэлэнгэ, Төв аймгуудад төлийн хорогдолгүй, Баян- Өлгий, Ховд, Завхан, Говь-Аптай аймгуудад олон мал хээл их хаяж, төл мал цөөнгүй хорогдсон дүн гарсан байна.

    Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Булган, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймагт малын ус хангамж хүрэлцээгүй, шинэ худаг гаргах хэрэгцээ их байгаа, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад үлийн цагаан оготны тархалт ихсэж байгаа тухай мэдээлэл ирж байгаа тул яамнаас эхний удаад “Бэлчээр хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл бэлтгэж яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаа аж. Энэхүү тогтоолын төсөлд Үлийн цагаан оготны хөнөөлийг багасгах зорилгоор 645.0 мянган га талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, бэлчээр хамгааллын өдөртэй болох зэрэг асуудпыг тусгаад байгаа юм хэмээн сайд мэдээллээ.


    Тэрбээр, бог мал төллөж дуусах шатандаа, бод мал ид төллөж байгаа үед ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, малын ус хангамжийн хүрэлцээ муу байгаа нь малчдад хүндрэл учруулж байгааг онцолсон.

    Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсоноос 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байгаа бөгөөд 04 дүгээр сарын 25-ны байдлаар эх малын 53.7 хувь буюу 15.9 сая хээлтэгч төллөж, 15.6 сая төл бойжиж, төл бойжилт 98.6 хувьтай гэсэн мэдээтэй байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 50-иас дээш хувьтай байгаа аж.

    Манай улс 2018 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий инженерийн хийцтэй 14332, энгийн уурхайн буюу гар худаг 29345, нийт 43677 мянган худагтай одоо байгаа нийт худаг нь 66.5 сая толгой малыг усаар бүрэн хангах боломжгүй гэж сайд мэдээлэлдээ дурдлаа. Малчид өвөл, хаврын бэлчээртээ гол төлөв гар худгийг, зун намрын бэлчээртээ инженерийн хийцтэй худгийг ашигладаг. Нийт гар худгийн 80 орчим хувийг өвөл, хаврын улиралд ашигладаг. Цас багатай өвөл мал усаар дутагдаж тарга хүчээ алдах, явдал байнга тохиолдож, цаашид ч энэ байдал улам хүндрэх төлөвтэй байгааг онцолсон.

    Үлийн цагаан оготны бэлчээрт учруулж буй хөнөөл нь бүс нутагт бэлчээрийн талхагдлыг нэмэгдүүлэх, мал идэх өвсний хэмжээг бууруулах, малын тарга хүч авах боломжийг багасгах, зүй бус хорогдлыг нэмэгдүүлэх зэрэг шууд болон шууд бус сөрөг нөлөөг үзүүлж бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд бодитой хөнөөл учруулж буй нь тулгамдсан асуудал болоод байна гэлээ.

    Бэлчээрийн ургамал хамгааллын ажлын хүрээнд 2019 онд улсын төсөвт тусгагдсан 1.69 тэрбум төгрөгөөр 13 аймаг, отрын бүс нутгийн 528.1 мянган га талбайд үлийн цагаан огтонотой, 4 аймгийн 86.0 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэгдүгээр үе шат буюу 4-6 дугаар сард Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад, хоёдугаар үе шат буюу 9-11 дүгээр сард Дорноговь, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймаг, аймаг дундын отрын бүс нутагт зохион байгуулах гэрээг аймаг, орон нутгийн удирдлагатай байгуулан тэмцэх ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Харин 9-11 дүгээр сард үлийн цагаан оготнотой энгийн механик болон биологийн аргаар тэмцэх ажлын гэрээг 5 дугаар сард багтаан аймгуудтай байгуулж бэлтгэл ажлыг хангуулан ажиллахаар төлөвлөжээ.

Бэлчээрийн ургамлыг үлийн цагаан оготны тархалтыг хэвийн хэмжээнд хүргэх зорилгоор голомтлон тархсан 11 аймгийн 50 гаруй сумын 645.0 мянган га бэлчээрт энгийн механик, биологийн болон микробиологийн аргаар төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчид, иргэд, цэргийн алба хаагчдын оролцоотойгоор тэмцэх ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа учир үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд энэ онд шаардагдах 3.0 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлүүлэх, тэмцэх ажилд бүх нийтийн оролцоог хангах, бэлчээр хамгааллын өдөр зарлуулах зорилгоор Засгийн газрын хуралд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч нэгтгээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

    Малын тоо 1990-2018 он хүртэл 29 жилийн хугацаанд 24.6 саяас-66.5 саяд хүрч бэлчээрт үзүүлэх ачаалал 2.1 дахин, малчин өрхийн тоо 74.5 мянгаас 169.7 мянга болж 2.3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэг малчин өрх 1990 онд дунджаар 330 толгой малтай байсан бол 2018 онд нэг малчин өрх дунджаар 390 толгой малтай болж 60 толгойгоор нэмэгдсэн. Мөн төв болон хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн малын тоо 29 жилийн хугацаанд 9.7 саяаас 30.7 саяд хүрч, малын тоо 21.0 сая толгойгоор нэмэгджээ.

    Дээрх тоо баримтаас үзэхэд бэлчээрийн даац хэтэрч бэлчээр талхлагдан доройтох, малын чанар муудан мал аж ахуйн үйлдвэрлэлээс олох малчдын орлого буурч ядуурал ажилгуйдэл нэмэгдэх, мал аж ахуйн салбарын байгаль цаг уурын эрсдлийг даван туулах чадварыг бууруулах зэрэг сөрөг нөлөөтэй хэмээсэн.

Малчин өрх, малын тоо өсөж байгаатай холбогдон цаг хүндэрсэн үед малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутгуудыг байгуулах шаардлагатай бий болсоор байгааг сайд мэдээлсэн.

    Мөн тэрбээр мал, мах бэлтгэл, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл