ТББХ: Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

  2021-01-27 11:07  284

“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) чуулганы нэгдсэн хуралдааны дараа 18.00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж,   дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

   Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нараас өргөн мэдүүлсэн  “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

  Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгасан. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов. 

    Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Эх орончдын өдөр болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ нь монголчууд XX зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж үзэж Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төслийг боловсруулсан талаар танилцуулгад дурдсан байлаа.

  Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.  

    Хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөх Б.Энхбайгаль танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам-төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан байх тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв гэж үзсэнийг онцлов.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.8 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, 42 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1.12 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.8 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1.21 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь хэсэг, 64 дугээр зуйлийн 64.2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэг болон энэ хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэнэ” гэсэн хэсэг, 4 дүгээр зүйлд заасан "66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх” гэснийг "төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төлөөлөн гүйцэтгэх" гэж өөрчлөх хэсэгт тус тус хэсэгчлэн хориг тавьсныг танилцуулгад дурдсан байлаа.  


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Г.Ганболд нар үг хэлж, хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн байр суурийг илэрхийлэв.  

  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хамт дагалдан батлагдсан хуулиудад хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулав. Ингэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийн зүйл, заалтын ихэнхийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Иймд энэ талаарх Байнын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

    Хуралдаан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

    Төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулав. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байна гэж хуульчилсан. Хуулийн 12.2.-т Сонгуулийн ерөнхий хороо нь Мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зардлын төсвийг баталж, төвийн захирлыг томилно. Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана гэснийг танилцуулгадаа онцолсон.

 

    Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дээрх өөрчлөлт 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр орж, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид төрийн захиргааны албан хаагч байх эрх зүйн орчин бүрдсэн боловч Төрийн захиргааны албан хаагчдын ангилал зэрэглэл тогтоох тухай Улсын Их Хурлын дээрх тогтоолын хавсралтад өөрчлөлт ороогүй тул Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид Төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлээр цалинжиж байна. Иймд дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн хавсралтын “Сонгуулийн ерөнхий хорооны ажлын алба” хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг батлахыг дэмжлээ


    Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  

    Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулахдаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Төрийн байгуулалтын байнгын хороо нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.” гэж заасныг онцоллоо. 

    “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тав, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 81, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 17, Монгол Улсын Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас найм, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас тав, нийтдээ 263 хууль, тогтоолын төслийг тогтоолын төсөлд тусгуулах санал ирүүлсэн байна. 

    Тогтоолын төслийг боловсруулахдаа  хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд болон  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заасан Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх шаардлагатай хуулийн төслүүдийг тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан нийт 50 төслийг тогтоолын төсөлд тусгасан гэдгийг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ онцлов. Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтоолийн төслийн 2 дахь заалтад тусгасан төдийгүй “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг хуульд заасны дагуу Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналаар шийдвэрлэхээр тогтоолын төслийн 3 дахь заалтаар зохицуулсан гэж байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төсөлд тусгасан хэлэлцэх асуудлын 37 дугаарт байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 44 дүгээрт байгаа Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж тогтоолын төслийн хэлэлцэх асуудлын дараалалд 51 дүгээрт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.   


Уг тогтоолын төсөлд  дурдсанаар 2021 оны хаврын  ээлжит чуулганы хугацаанд 

1/"Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/"Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

З/"Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын

төсөл;

4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;

5/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;

6/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

7/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

9/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

10/Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл;

16/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 

18/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

19/Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

21/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

22/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

23/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл; 

24/Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл;

25/Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл;

 26/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

27/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;

28/Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл;

29/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

30/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

31/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 

32/3өрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

ЗЗ/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

34/Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай анхдагч хуулийн төсөл; 

35/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

36/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;

37/Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

38/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; 

39/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

40/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

41/Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл;

42/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

43/Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

44/Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

45/Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

46/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

47/Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

48/Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

49/Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

50/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

    Ингээд  “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2021-01-27 21:24  284