“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 21 дугаарын тойм

  2019-05-31 09:32  227


Эмхэтгэлийн шинэ дугаарт Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн байна.

Уг тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалыг хадгалах, ховордсон ургамал, амьтныг хамгаалах зорилгоор түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авчээ.

Түүнчлэн Байнгын хорооны даргыг  сонгох, чөлөөлөх тухай, Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолууд нийтлэгджээ.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг сонгож, УИХ-ын гишүүн Отгонбилэгийн Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Түүнчлэн УИХ-ын тогтоолоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсөн байна.

Эмхэтгэлд “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

2015 онд улсын хэмжээнд явуулсан үзлэг, тооллогын дүн мэдээгээр манай улсын нутаг дэвсгэр дээр 4230 хөшөө чулуу, 6796 хадны зураг, бичгийн дурсгал бүртгэгдсэний ихэнх нь байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр их бага хэмжээгээр эвдэрч гэмтсэн байна. Ялангуяа цаг уурын өөрчлөлт, уул уурхай, зам харилцаа зэрэг шинэ бүтээн байгуулалт, аялал жуулчлал, шашин шүтлэгийн нөлөөгөөр чулуун соёлын өвд хохирол учрах явдал түгээмэл тохиолдож байгаа аж.

Чулуун соёлын өвийг хамгаалахад өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүгийн болон хүний нөөц, техник технологийн боломжид үндэслэн тодорхой дурсгалуудыг сонгон хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан арга зүйн дагуу гүйцэтгэх, дурсгалыг цаашид хэрхэн хамгаалах талаар хэтийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, гадаад, дотоодод сурталчлах зэрэг цогц арга хэмжээ авах шаардлагатай бий болжээ.

Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа түүх, соёл, шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой хадны зураг, бичээс, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө, тамга тэмдэг, бичээс бүхий хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал, зураг, тамга бүхий хавтан чулуун дурсгалууд зэрэг чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах, судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан таниулах, зохистой ашиглах замаар чулуун соёлын өвийн оршин тогтнох чадавхыг бэхжүүлж, хамгаалах зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-06-03 09:32  227