УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо

  2021-01-27 11:06  305


    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.27) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа.

    Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулж буйг Ө.Шижир дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг саналыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн болохыг Л.Энх-Амгалан гишүүн танилцууллаа.


    Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

    Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх сумын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2008 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал, 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн намын байгуулалтын газрын дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 2016, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Түүнчлэн Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа.


    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Д.Батлут, Б.Бейсен, Ж.Сүхбаатар, С.Чинзориг, Н.Ганибал, Ж.Батсуурь, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, О.Цогтгэрэл, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Х.Болорчулуун, Т.Доржханд, Ж.Ганбаатар, Х.Баделхан, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан.

    Шинээр байгуулагдах Засгийн газрын баримтлах бодлогын талаарх асуултад Л.Оюун-Эрдэнэ гишүүн хариулахдаа, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг ханган ажиллана гэлээ. Монгол Улс бол парламентын засаглалтай, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн хувиар бодлогын мэтгэлцээний зарчимд тулгуурлан аливаа шийдвэрийг гаргадаг байхыг дэмждэг, Засгийн газрын тэргүүний хувиар улс төржилтөөс ангид ажиллахаар хичээхээ илэрхийлсэн юм.

    Засгийн газрын бүтцийн тухайд, цар тахлын өнөөгийн нөхцөлд өөрчлөлт хийхгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн. Харин цар тахлын дараа буюу эдийн засгийг сэргэх үед хоёр яам шинээр байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тодруулбал, томоохон төслүүдийг хариуцан, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн харилцааг авч явах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх Үндэсний хөгжлийн газрыг өргөтгөх, эдийн засгийн бодлогыг дагнан хариуцаж, хэрэгжүүлэх Эдийн засаг, хөгжлийн яам байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа гэлээ. Түүнчлэн төрийн хүнд суртлыг багасгах, үүнтэй зэрэгцэн авлигал буурах ач холбогдолыг нь харгалзан Цахим хөгжлийн яамыг байгуулах нь шаардлага бий гэж үзэж байгаа аж. Ингэснээр төрийн албаны өнөөгийн бүтцийг 30-35 орчим хувиар цомхотгох боломж бүрдэх, их хэмжээний цаас хэмнэх тооцоолол байгаа талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлж байв. Төрийн 181 төрлийн үйлчилгээг нэгтгээд буй E-Mongolia цахим үйлчилгээг өргөжүүлж, төрийн бүх үйлчилгээг нэгтгэх 3 жилийн хугацаатай зорилт дэвшүүлэн ажиллана гэлээ. Ямар нэг үйлчилгээг дээрх цахим цонхонд нэгтгэхгүй, төвлөрүүлээгүй бол авлигалтай хийх тэмцэлд хувь нэмэр оруулахгүй байна хэмээн Ерөнхий сайдын хувьд дүгнэх болно гэв. “Ийм хэлбэрээр авлигалтай хийх тэмцлийг эрчимжүүлнэ. Ингэхдээ авлигал авч буй нэгэнтэй гэхээсээ илүү авлигалын суурь хөрс, нийгмийн соёлтой нь тэмцэх ёстой гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчид бэлэг солилцдог, хоорондоо гэрээ байгуулдаг, энгийн зүйл дээр хугацаа удаж хүнд суртал гаргах байдлаар төрийн үйлчилгээг үнэлдэг тогтолцоог цахим шилжилт хийж арилгана” хэмээн байр сууриа тодотгож тайлбарлав. Дээрх хоёр яамыг байгуулах асуудлыг ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мөн хэлж байлаа. Яам байгуулах асуудлыг зардал нэмэгдэнэ гэж харахын оронд эдийн засгийн ач холбогдлыг тооцож, төр хувийн хэвшлийг дэмжин, хамтран түншилж ажиллах боломж хэмээн харах нь оновчтой гэдгийг тайлбарласан.

    Эдийн засгийг олон тулгууртай болгох ажлыг цаг алдалгүй хийнэ гэдгээ тэрбээр хэлсэн. Манай улс экспортооc 7.6 сая орчим ам.долларын орлого олдог, экспортын 89 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг гэдгийг бататгаад “Шинжлэх ухаан, инновац, хүнс, хөдөө аж ахуй, логистик, аялал жуулчлалыг улс орны тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлох нь зүйтэй. Үндэсний баялгийн сан байгуулж, үүгээр дамжуулж бусад салбараа хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана. Импортоор урсгаж буй валютаа дотооддоо үлдээх, эх оронч худалдан авалтыг дэмжиж ажиллана. Эдгээрийг өнөөдөр, цаг алдалгүй хийхгүй бол ойрын ирээдүйд нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлж байгаа” гэсэн юм.

    Төмөр зам болон авто замын төслүүдийг эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлоор нь эрэмбэлж, санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа тайлбарласан юм. Монгол Улс тээврийн зардлаас 600-900 орчим сая ам.доллар хэмнэж, экспортыг 30 орчим хувиар нэмэгдүүлэх үр өгөөжийг нь тооцож, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж дуусгах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэв. Түүнчлэн гадагшаа урсаж буй 1 тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэх ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлыг үргэлжлүүлэх, хилийн боомтуудыг холбох авто замын бүтээн байгуулалтуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой гэлээ. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гадаадаас импортолдог бөгөөд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг төслийг дуусгахын төлөө шаргуу ажиллана гэдгээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлсэн. 


    Цар тахал дэлхийн хэмжээнд нүүрлээд байгаа бөгөөд эдийн засаг дахь нөлөөлөл нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас 3 дахин хүндрэлтэй байх тооцооллыг олон улсын байгууллагууд гаргаад байгааг тэрбээр хариултынхаа үеэр хэлж байлаа. Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлэн, нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна гэлээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломжтой хэмээн тооцож байгаа аж. Одоогоор 430 орчим мянган ажлын байр цар тахлын нөлөөллөөс үүдэн эрсдэлд орсон мэдээ бий бөгөөд хувийн хэвшил, ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдээ шинээр байгуулагдах Засгийн газар дэмжин, өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ цогц хөтөлбөр болгон ойрын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Томилогдсон даруйдаа хувийн хэвшлийнхэнтэй, ажлын байр бий болгогчидтой уулзах төлөвлөгөөтэй байгаа талаараа Л.Оюун-Эрдэнэ гишүүн дуулгасан. Цар тахлын энэ нөхцөлд ажлын байрыг хадгалах, бий болгох нь аж ахуйн нэгжүүдээ дэмжих Засгийн газрын томоохон бодлогын нэг байх болно хэмээн онцоллоо. Түүнчлэн орон сууцтай холбоотой зорилт, сайн засаглал, цахим засаглалтай холбоотой томоохон зорилтыг дэвшүүлж, төрийн албыг гүйцэтгэлд тулгуурласан хэлбэрээр шинэтгэн, зохион байгуулах нь оновчтой хэмээн үзэж байгаа гэв.

    Оюу толгойн гэрээний талаар гишүүдийн тодруулсны дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг шийдэхдээ Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Канадын экспортын банк, Австралийн экспортын агентлаг, Канадын хатан хааны худалдааны банк, Австралийн үндэсний банк, Эйч Эс Би Эс банк, Токиогийн банк, Дэлхийн банк зэрэг олон газраас санхүүжилт босгосон байдаг аж. Иймээс Монгол Улсад Дубайн гэрээний асуудлыг хөндөхөд дээрх газруудтай холбоотой татвар төлөгчдийн мөнгөний асуудлал давхар хөндөгддөг учраас асуудал геополитикийн хэмжээнийх болдог зовлон бий гэлээ. Оюу толгойн гэрээг сайжруулах чиглэлээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар идэвх чармайлт гарган ажиллаж байдгийг тэрбээр дурдав. Тус Засгийн газар солигдож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Санхүүжилт босгох зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд хөрөнгө оруулагч тал санхүүжилт босгохтой холбоотой 7-8 саналыг тавьсан байдгийг дэлгэрэнгүй мэдээлсэн. Тухайлбал, маргаантай байсан ил уурхайн хөрөнгө оруулалт болон татварын асуудлыг хөрөнгө оруулагч тал шийдэх тухай 4.3 дахь заалт, аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг хөнгөлөлттэй байдлаар тооцох, 646 сая орчим ам.долларын алдагдлыг хүлээх тухай 4.5 дахь заалт, АМНАТ-ыг тооцож төлөхтэй холбоотой 6.1 дэх заалт, Рио-Тинто төслийн санхүүжилттэй зээлийн баталгааг гаргасан шимтгэл, үнийн 1.9 хувьтай тэнцүү байх 5.5.В,  төслийн санхүүжилтийн зээлийг авахыг зөвшөөрч “Туркис Хилл” компанид төлөх зээлийг эргэн төлөх зорилгоор зарцуулахыг зөвшөөрсөн 5.5.А гэх зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Нэг үгээр хэлбэл, тухайн үеийн эдийн засгийн хүнд нөхцөлөөс болж бид хөрөнгө оруулагч талын тавьсан дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Үүнээс болж, зардал хэтрэх бүрд ноогдол ашиг авах хугацаа хойшлох үндэслэл үүссэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарласан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн бөгөөд гэрээг цуцлах санал тавьсан байгаа юм байна. Яриа, хэлэлцээр амаргүй нөхцөлд үргэлжилж байгааг тэрбээр хэлээд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг өөрчлөх хатуу үүрэг өгсөн байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажлын хэсэг хүнд сорилтын дунд ажилласан. Ахиц, үр дүнг чамлахааргүй ч үүнтэй зэрэгцээд улс төржилт нэмэгдсэн” гэлээ. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг олон улсын хэлэлцээр биш, гэрээ биш гэж үзэж байгаа аж. Тиймээс ч шийдэгдэх боломжтой гэж үзэн, амаргүй хэлэлцээрийн ширээний ард суугаад ажиллаж байгаа болохыг нэр дэвшигч хэлсэн. Цаашид энэ асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байж гэмээнэ шийдвэрлэх боломжтой гэв. Оюу толгойн асуудлаарх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хамтран орж ажиллах талуудад нээлттэй хэдий ч үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал нэн чухал байгааг энэ хариултынхаа үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч тэмдэглэн хэлсэн. Ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зарим бичиг, материал алдагдсан асуудал үүсээд байгаа бөгөөд холбогдох хяналт шалгалтыг явуулж, хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурьтай байгаагаа мэдээллийн үеэр хэлж байсан.  


    Боловсролын асуудлаарх гишүүдийн асуултад тэрбээр мөн хариулт өгсөн. Монгол Улсын боловсролын өнөөгийн тогтолцоо олон улсын жишигтэй харьцуулахад учир дутагдалтай, онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа гэсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дундаж давхаргыг тэлэх тогтолцооны хөтөлбөр гэсэн томоохон зорилт байдаг бөгөөд энэ хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр гурван багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасныг дурдав. Ирэх жилүүдэд боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд “Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгэх  ажлыг зохион байгуулна. Шинжлэх, технологийн салбар, тэр дундаа бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлэх чиглэлд тодорхойлж дэмжиж ажиллана. Шинжлэх ухааны академийн уламжлалт арга барилыг өөрчилж, их дээд сургуулиудын үйл ажиллагаатай уялдуулан, эдийн засагжуулах шаардлагатай. Инновацыг дэмжих ёстой. Ингэж гэмээнэ эдийн засаг хурдтай өсөж, тогтвортой байх чиглэлийг баримталж ажиллана” гэсэн.

    Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгааг энэ үеэр дурдсан юм.

    Монгол Улсад 2019 оны байдлаар төрийн өмчит 1150, орон нутгийн өмчийн 4862 хуулийн этгээд байдаг. Нийтдээ 6012 хуулийн этгээдийн тоонд төрийн бүх байгууллага, эмнэлэг, сургуулиас гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд багтсан байдгийг хэлж, төрийн өмчит үйлдвэрийн газруудын талаар байр суурийг нь гишүүд асуусан. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлага үүссэн гэдэгтэй санал нэг байгаагаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлж байлаа. Өмнөх Засгийн газар энэ чиглэлээрх ажлын хэсэг байгуулан, ажиллуулсан гэв. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнуудын цалин, хангамж, бусад асуудал дээр томоохон өөрчлөлтүүд хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнийг хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарна гэдгээ хэллээ. Гэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газруудыг бүрэн хувьчлахтай санал нийлдэггүй гэдгээ дурдаад “МИАТ, Төрийн банкыг хувьчлах асуудал хөндөгдөж, ажлын хэсэг байгуулагдах үед ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хувьчлах юм бол дотоодын биржээр, олон нийтэд нээлттэй арилжих ёстой. Үүнээс биш, улс төрд нөлөө бүхий хэн нэгэн этгээд танил талаараа дамжуулан банкны салбарын бизнест орооцолддог ч юм уу, эсвэл төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчилж авах асуудал байж болохгүй гэж үзсэн. Тиймээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, компаниудын талаарх асуудлыг нухацтай, үе шаттай шийдвэрлэх байдлаар компанийн засаглалыг нь олон улсын түвшинд хүргэхээр ажиллах болно” гэсэн.


    Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8-д “Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно” хэмээн заасан байдаг. Цар тахлын нөхцөл байдал, улс орны эдийн засаг, өвөжилтийн нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудал нь нэн чухал, хойшлуулашгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлээд тус бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн юм.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан тул чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.


    Гамшгийн хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарсан, мөн цар тахалын дэгдэлтийн үед хүний эрхийн тодорхой зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлагын хүрээнд эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтыг үндэслэл болгон төслийг боловсруулсан байна. 

    Банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанк авч хэрэгжүүлж буй арга хэмжээг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад олгох буцалтгүй тусламжийн асуудлыг нарийвчлан тогтоож, шийдвэрлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах, хүний эрхийн зөрчил, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаарх тодорхой зохицуулалтыг тусгах зэрэг нэмэлт, өөрчлөлтийг хуульд оруулах нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ.


    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх асуудлыг оруулсан нь хэр оновчтой, эерэг, сөрөг талыг тооцсон эсэх, ипотекийн зээлийн төлбөртэй холбоотой асуудлыг зайлшгүй тусгах шаардлагатай эсэх, малчдын зээлийн хүүг бууруулах, царцаах, хугацааг хойшлуулах асуудлыг хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, гадаадад байгаа иргэдийг татан авахтай холбоотой заалтыг томьёолон хуулийн төсөлд тусгуулах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжих орон сууцны нөхцөл хатуу, зээлийн эргэн төлөлтийн хугацаа шахуу байгааг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийн заалт нь агуулгын хувьд энэ хуулийн төсөлтэй давхцаж байгаа учраас төслөө татан авч, энэ хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэх болсон талаарх саналуудыг тус тус гаргажээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.     Чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 50 нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нараас тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг нэгдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо  нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн, нэг төсөл болгон хэлэлцэхийг хууль санаачлагчид зөвшөөрсөн тул  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.24 хэсэгт заасны дагуу нэг төсөл болгон, анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн төслийг суурь болгон хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна. Түүнчлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.


    Ц.Сандаг-Очир гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны арванхоёр дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу хаалттай хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргаж гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэв.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4, найруулгын шинжтэй 1 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

    Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хуралдааны үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан горимын санал гаргасан юм. Хэлэлцэх асуудлын дараалалд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар төслийг хэлэлцлээ. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулсан.


    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороодоос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн тооны хоёрны нэгээс илүүгүй байна” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны гишүүнээр батлах тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 50 нь дэмжснээр тогтоол батлагдлаа.

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо

    Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн нэг цагийн завсарлага дууссан тул Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.


    Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 58 нь буюу 87.9 хувь нь дэмжсэн. Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Г.Занданшатар дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. 


    Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албан тушаалд өндөр хувь, итгэлээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд Улсын Их Хурлын нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Засгийн газрын танхимаа нэн яаралтай, чадварлагаар эмхлэн бүрдүүлээд Улсын Их Хуралд шуурхай танилцуулах чиглэлийг өгч байна. Цар тахлын эрсдэл өндөр, цас зудын байдал амаргүй, малчдын ажил, амьжиргаа хүндэвтэр байна. Тийм учраас Засгийн газрын залгамж чанарыг хангаж, шинэчлэлт өөрчлөлтийг тууштай үргэлжлүүлэх нь чухал. Шинэ Засгийн газраас монголын ард түмэн шинэ шийдэл хүлээж байгаа. Алсын хараатай, шийдвэртэй, зоримог үйл ажиллагаа өрнүүлнэ гэж итгэж, хүлээж байна. Шударга ёсны төлөөх тэмцэл үр дүнд хүрэх ёстой. Улс орныхоо эдийн засгийг тэлж, хөгжил дэвшилд хөтлөх томоохон төсөл хөтөлбөрүүдийг цаг алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ.


    Монголынхоо баялагт монгол хүн эзэн нь байх, үр өгөөжийг нь ард түмэн хүртэж байх шударга зарчмыг энэ Улсын Их Хурал, У.Хүрэлсүхийн Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэ сайд тууштай, тасралтгүй хэрэгжүүлж ирсэн гэдгийг тэмдэглэж хэлье. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг 2019 онд Улсын Их Хурал баталж, У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 онд ажлын хэсэг  яаралтай байгуулж, гэрээг сайжруулж, Оюу толгой төсөлд Монголын ард түмний эрх ашгийг хангуулах тухай тогтоол баталж, эрчимтэй ажиллаж байгаа. Нийт төслүүд дээр ийм зарчим баримталж ирсэн гэдгийг Салхитын мөнгөний орд, Ноён уулын талаарх шийдвэрүүд гэрчилнэ. Ингээд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд сайн сайхныг хүсэж, ард түмнээ дээдлэгч, алсын хараатай, хөгжлийг бүтээгч Засгийн газрын тэргүүн байх ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.


    Үүгээр Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2021-01-27 20:09  305