Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 ны 13 дугаарын тойм


Эмхэтгэлийн 13 дахь дугаарт Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.

Журам батлах тухай тогтоолоор “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”, “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-уудыг хавсралтаар баталсан юм.

Дээрх журмуудаар худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад, Мөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход мөрдөх юм байна.

Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталжээ.

Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанараас хамааран дор дурдсан урамшуулал олгох ажээ.

Нарийн, нарийвтар болон энэ журмын 1.5-д заасан бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост хонины хэвийн үргэлж нэгдүгээр зэргийн ноос болон тэмээний эм ноосны кг тутамд 2000 төгрөг; энэ журмын 1.5-д зааснаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины MNS 0033:2007 стандарт шаардлагыг хангасан хэвийн үргэлж нэгдүгээр зэргийн ноосны кг тутамд  1500 төгрөг олгох юм байна.

Боловсруулах үйлдвэр гэдэгт дараахь дамжлага бүхий ноосон бүтээгдэхүүний үйлдвэрийг хамруулах бөгөөд хялгас ялгах, ээрэх, нэхэх эсвэл сүлжих иж бүрэн дамжлагуудтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, эсгийлэх техник, технологи бүхий дамжлагуудтай эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр, ноосоор бордоо үйлдвэрлэх, дулаалгын материал зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр багтах юм байна.

Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгохтой холбогдох харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж болон энэ журмыг харьяалах нутаг дэвсгэртээ сурталчлах, малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хөдөө аж ахуйн газар болон орон нутгийн хоршоо нь Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл